“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” Олон улсын үзэсгэлэн, хурал өнөөдөр Шангриллад боллоо. Хурал маргааш мөн үргэлжлэх юм. Сэргээгдэх эрчим хүчний салбар хуралд Эгийн голын усан цахилгаан станцын талаар төслийн нэгжийн захирал Б.Отгонсүх танилцууллаа.
Тэрээр “Эгийн голын усан цахилгаан станц нь Булган аймгийн нутагт, Эрдэнэтээс 71 км-ийн зайд, Сэлэнгийн бэлчрээс 22.5 км-ийн зайд баригдана. Цахилгаан станцын үндсэн өгөгдлүүд болох чадлын хэмжээ 315 МВ байгаа. Усан сангийн хэмжээ 5.7 сая куб.м, далангийн урт 740 метр. Усан цахилгаан станц нь 4 ширхэг 69 МВ-ийн турбинтай. 2 ширхэг нь 20 МВ-ийн турбин, залгасан нь 3 МВ-ийнх аж.
Эгийн голын усан цахилгаан станцын түүхээс сөхвөл оросууд анх судалгаа хийж эхэлсэн байдаг. 1992-1995 онд Швейцарийн “Электро Фат инженеринг”, Италийн “Электро консалт”, Монголын “Ус-Эрчим” гэж компаниуд анхны техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байжээ. 2006 онд Хятадын 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тендер зарлаад 2007 онд “Синемач Каф” гэж компани консерцумд ялсан. Ингээд ажлаа эхлүүлэх гэж байтал Засгийн газар солигдож, улс төрийн шалтгаанаар зогссон байдаг. Түүний дараа 2013 онд дахин төслийн нэгж байгуулж Эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэр гарган, 2013 оны 11 дүгээр сарын 26-наас одоог хүртэл ажиллаж байна. 2014 онд техник эдийн засгийн үндэслэлийг дөрвөн сарын дотор 1.7 сая ам.долларын өртөгтэйгөөр англи, монгол хэл дээр хийлгэчихээд байгаа. Шинэ техник, эдийн засгийн үндэслэлийн хувьд газар зүйн байрлалын судалгаа, геологийн судалгаа, эрчим хүчний бодит тооцоолол, байр зүйн зураглал зэрэг ажлууд шинээр хийгдсэн байгаа.
Байгаль орчны судалгааг мөн шинэчлэх шаардагатай болсон. Хуучин 1992-1995 онд хийсэн “Генко” гэж компани энэхүү судалгааг Байгаль орчны яамны шаардлагад нийцүүлэн хийсэн байдаг. Урьдчилсан шатны ажил, шугам, автозамын ажил, байгаль орчны судалгааг “Экос” гэх компани хийсэн. Төслийн нийт өртөг шинэ техник эдийн засгийн үзүүлэлтээр /ТЭЗҮ/ 827 сая төгрөг байгаа” хэмээн хурлын үеэр ярилаа.
Энэ үеэр Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн захирал Б.Отгонсүхээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Эгийн голын усан цахилгаан станцын төсөл ямар шатандаа явж байна вэ?
-Төслийн хувьд ТЭЗҮ-ийг боловсруулж, тендерийн бүх бичиг баримтыг бүрдүүлээд төслийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Удахгүй байгаль орчин, тэр дундаа Байгал нуурт нөлөөлөх нөлөөллийн судалгааг хийх, санал солилцох Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан уулзалт болно. Энэ уулзалтын үр дүнгээс хамаарч төслийн цаашдын байдал илүү тодорхой болох юм. Оросууд биднийг Байгал нуурыг сөнөөх гэж байна гэсэн өнцгөөс хараад байгаа.
–Байгал нуурт нөлөөлөхгүй гэдгийг яаж тогтоосон бэ?
-Усан сан бүрдүүлэхэд гурван жил шаардагдана. Энэ хугацаанд нуурын усанд 0.023 хувь нөлөөлнө гэж тооцоолсон. Энэ бол маш бага түвшин. Энэ хугацааг өнгөрөөчих юм бол буцаад нуур маань хэвийн хэмжээндээ орчих юм. Байгал нуурын дээр байрлах Хөвсгөлийн мөнх цэвдэг хайлаад дуусах гэж байна. Цаг агаар дулаарч дэлхий нийтээр усаа ашиглая, усан сантай болъё, усны нөөцөө бүрдүүлье гэж зарим нь дайн хүртэл хийж байна. Гэтэл манайх ямар ч усны нөөцгүй хэр нь байгаа усаа оросуудад зүгээр өгч байгаа нь шударга биш шүү дээ. Тиймээс ядахдаа турбинаар эргүүлээд доошоо асгая гэхэд тэд эсэргүүцээд, асуудал үүсгээд байна. Энэ бол шударга бус зүйл шүү дээ.
О.ӨНӨР