Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат дараах мэдээллийг өглөө. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан оюутан элсүүлэх журам болон 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/47 дугаар тушаалын дагуу ЭЕШ-ын бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 6-ны 10.00 цагт эхлэх ба 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 18:00 цагт дуусна.
Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
Өргөдөл
Эмчийн магадалгаа
Сургуулийн тодорхойлолт