Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсан хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.
Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт явуулж, “ЭЕШ-ын хариу задраагүй” гэх дүгнэлт гарсныг өнгөрөгч баасан гаригт албан ёсоор танилцуулаад байна.
Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Гантулга “Цаашид БҮТ-өөс шалгалтын явцад, хууль хяналтын байгууллагаар тогтоогоогүй материал ашиглаж иргэдэд буруу ташаа мэдээллийг санаатай болон санамсаргүй тараасан хүмүүсийг зохих байгууллагад албан ёсны хүсэлт гаргана” гэлээ.
Ингэснээр иргэдийн дунд үүсээд байсан “ЭЕШ-ыг дахиж авна” гэх мэдээллийг холбогдох байгууллагууд няцааж, “ЭЕШ-ын засварын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн албан ёсны мэдээлэл өгөөд байна. Дашрамд дурдахад шалгалтын хариу долдугаар сарын 1-нд гарна.