Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгагдсан.
Энэ оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг/ЭЕШ/ 12 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдна.
Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулна.
Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж журамд заасан байдаг.
ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/347 тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.
ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.
Шалгалтад авч ирэх материал:
Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна/
- Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно.
ЭЕШ-тай холбоотой мэдээ мэдээллийг eec.mn, help.eec.mn, facebook.com/eec.mn хуудсаар болон 7577-9498, 7011-9498 лавлах утас, элсэгчийн сонин, мессеж үйлчилгээ, бусад албан ёсны мэдээллийн эх сурвалжуудаар зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллаж байна.
Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш таван өдрийн дараа зарлах болно.
Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар