Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ийн шалгалт зургадугаар сарын 15-наас эхэлнэ

ЭЕШ-ын бүртгэл эхлээд хоёр хонож байна. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд зарим өөрчлөлт орсон тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллэсэн. Энэ талаар БСШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр “Монгол хэлний тухай хуулийн 7.4-д “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу монгол бичгийн даалгаврын хувь нэмэгдэж буй юм. Өнгөрсөн жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн 19293 сурагч дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд 25 мянга орчим залуус ЭЕШ өгөх ёстой байсан. Харамсалтай нь монгол хэл бичгийн шалгалтаас авах ёстой 400 онооны босгоо 500 гаруй хүүхэд давж чадаагүй. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө ирээдүйн төлөө хичээлээ сайн судлах хэрэгтэйг сануулах байна. Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбогдуулан ЭЕШ-ын даалгаврын дөрөвны нэг буюу 25 хувь нь Монгол бичгийн даалгавар байхаар заасан. Өгөгдсөн бичгийн зурлага, үсгийг нэрлэж чаддаг эсэх, үг, өгүүлбэр, эхийг уншиж чадаж байна уу, монгол бичгээр бичсэн өгүүлбэрийг кирилл үсгээр хөрвүүлэн бичих, эргээд криллээр бичсэнийг монгол бичгээр хөрвүүлэн бичих чадварыг нь сорьсон даалгаврууд ирнэ. Агуулга нь өнгөрсөн жилийнхтэй адил ч монгол бичгийн даалгавар илүү нэмэгдэх юм. Босго оноо 400 бөгөөд үүнээс дээш оноо авч байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болно гэдгийг санах хэрэгтэй. Өнгөрсөн жил дөрөвдүгээр сард хоёр удаа монгол хэл, бичгийн шалгалтыг тусгайлан зохион байгуулсан. Ингэснээр эхний удаад амжилттай өгөөгүй сурагчид дахин өгөх боломжтой байсан. Харин энэ жилийн хувьд ганцхан удаа авна гэдгийг албан ёсоор анхааруулмаар байна. Дараагийн шалгалтаа өгөх эрх нь сурагчид нээлттэй байх юм” хэмээн мэдээллэсэн юм.

Дашрамд дурьдахад, урьдчилсан байдлаар зургаадугаар сарын 15-нд ЭЕШ-ийн хэл, бичгийн шалгалт нь эхлэх ажээ. Шалгалтуудыг хооронд нь нэг өдрийн зайтай авах аж. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын тогтолцоо 12 жил рүү шилжсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар ангийн хоёр дахь төгсөлт болох бөгөөд нийт 36207 хүүхэд ЕБС-иа төгсөх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *