Өмнөговьчууд боловсролын салбарын үйл ажиллагааг чанаржуулах, багш сурагчдын мэдлэг мэдээлэл, амжилтыг ахиулах зорилгоор “Оюун хурд”, “Англи хэлтэй Өмнөговь”, “Хүүхэд хөгжлийн түлхүүр” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Багш сурагчдын амжилтыг ахиулахаар улсын чанартай олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад аймагтаа хамгийн өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олгож эхэлсэн байна.
Өнгөрсөн оны ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 1.5, 760-аас дээш оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр шагнажээ. 2018 онд уг урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэх гэнэ. Ингэснээр багш, сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч, хүссэн сургуульдаа элсэх, өмнөх амжилтуудаа бататгахад дэмжлэг болох гэнэ.
Өмнөговь аймгийн багш сурагчид 2017 оны ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр улсад дөрөвдүгээр байрт жагссан амжилтаа 2018 онд ахиулах зорилго тавьжээ.