Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд “Эерэг хандлага, хөгжил” төслийн хүрээнд, аян эхлүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа: “Та бүхний энэ өдрийг амрыг эрье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр-2018”-д хүүхэд, залуус руу чиглэсэн залуусын эх оронч үзэл, үндэсний үзэл бүхий хүмүүжлийг дэмжин, эх орноо батлан хамгаалах, мэдлэг боловсрол, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх талаар бичигдсэн байдаг. Мөн өсвөр, үе залуусыг архи, тамхи, мансууруулах бодис, цахим донтолтын хамаарлыг бууруулах, таслан зогсооход чиглэсэн, байгуулага аж ахуйн нэгж, байгууллагыг бүрдүүлэгч хувь хүн, гэр бүл, ирээдүй хойч үеийг хөгжүүлэх төлөвшүүлэх, тэдгээрт эерэг хандлага, хөгжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгуулсан.
Мөн 21 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, 96 их, дээд сургуулийн төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүд болж, үр дүнд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Оюутан, залуучуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллаж эхэлсэн юм.
Ингээд Ерөнхийлөгчийн санаачилгаар эерэг хандлага, хөгжлийг нийгэмд төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлж байна” гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт байгаа нийт оюутан залуус, хүүхэд багачуудын хандлага, төлөвшил, хүмүүжлийн асуудалд анхаарч ажиллах үүрэгтэй Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээр ахлуулсан баг ажиллаж байна.
Улсын хөгжлийн асуудлыг ярихын тулд бид хувь хүний хөгжлийн асуудлыг эхлээд ярих хэрэгтэй. Харин хувь хүний хөгжлийн асуудлыг ярихад хамгийн түрүүнд тулгамдаж байгаа томохоон хүчин зүйл нь Монголын нийгэмд хандлага, хүмүүжлийн асуудал болчихоод байна. Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая орчим мянган хүүхэд байдаг. 96 их, дээд сургуульд 155248 оюутан суралцаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 21 аймгийн ЕБС-ийн сурагчдын хүмүүжил, төлөвшил, хандлагыг судлахаар аймаг бүрт сурагчидтай уулзаж, уулзалт, лекц зохион байгуулсан. Энэ уулзалт, лекцэнд төгсөх ангийн 8275 сурагч хамрагдсан.
Уулзалт болгоноос өнөө үеийн сурагчдын дундах хүмүүжил, төлөвшил, амьдралын зорилго, зорилт нь маш сул байгаа нь ажиглагдаж байна.
Хоёрдугаарт, эерэг хандлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллага байдаг юм. Тус бүрдээ үйл ажиллагаа явуулж байснаас хамтарч эерэг хандлага түгээх нь зөв юм гэж үзээд бид нэгдсэн уулзалт хийсэн. Цаашид хамтран ажиллана” гэлээ.
“Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлж байгаа талаарх хэвлэлийн хуралд “Алгинч ахай’’ нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Хандлага нэрэгч’’ төрийн бус байгууллага, “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”, Удирдлагын академийн докторын ангийн хамт олон, ‘’Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө’’ зэрэг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон бусад төрийн бус байгууллагууд оролцож, аяны талаар мэдээлэл өгөв.