Categories
мэдээ нийгэм

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян нээлтээ хийлээ

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Тус аяны нээлт өнөөдөр Отгонтэнгэр дээд сургуульд боллоо. Энэхүү арга хэмжээг нээж Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга О.Алтансүх үг хэлэв. Тэрбээр хүрэлцэн ирсэн оюутан залуусаас эерэг, зөв хандлагатай байхыг хүссэн юм.

Энэхүү аяны зорилго нь Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох юм байна.

Манай улсын нийт залуучуудын гуравны нэг нь архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй ажээ. Мөн шийтгэгдсэн иргэдийн 75 хувь, ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41,2 хувийг 18-30 хүртлэх насны залуус эзлээд байна. Тиймээс оюутан залуусыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах зорилготой уг аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Энэхүү аяны талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтан С.Гэрэлмаагаас тодрууллаа.


-Аян хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Энэхүү аян нь нээлтээ хийгээд жилийн турш үргэлжилнэ. Их дээд сургууль, МСҮТ, коллеж, дотуур байранд гээд залуучуудад хүрч болох бүх газруудад ажиллана.

-Залуус архидан согтуурч, тохиолдлын бэлгийн хавьталд орох нь их байдаг. Ийм эрсдэлд орсон залууст хандаж юу хэлэх вэ?

-Бэлгийн замын өвчин авсан нийт иргэдийн 41,2 хувийг залуучууд эзэлж байна. Энэ бол эрсдэлтэй тоо. Залуучууд тохиолдлын бэлгийн хавьтлаас яаж сэргийлэхээ мэддэггүй. Архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэснээр хэнтэй хавьталд орсноо ч мэддэггүй. Мөн бэлгийн замаар халдах халдвараас гадна хүсээгүй жирэмслэлт давхар яригддаг.

-Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн хэдэн хувийг охид эзэлж байгаа вэ?

-2016 оны байдлаар үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг насны бүлгээр нь авч үзвэл 20-иос доош насны охид 5 хувийг эзэлж байна. Өмнөх жил нь 5,5 хувь байсан. Ийм учраас энэ талаарх үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна.

Б.АМАРТҮВШИН



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *