Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн хүндрэлийг давах төсөл өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж өнөөдөр “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, Ерөнхий сайдын санаачилсан “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгад иргэд идэвхтэй оролцсонд талархаж байгаагаа илэрхийлэв.

2015 оны нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22 цагийн хооронд мессежээр авсан санал асуулгад нийт 365 841 иргэн оролцжээ. Нийт саналын 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэгдэх хариултыг, 43,9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг сонгожээ.

Засгийн газар том бүтээн байгуулалтын төслүүдээ түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллана. Засгийн газрын энэ үйл ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ тогтоолыг макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барина. Улс төрөө хойш тавьж, улс орныхоо эрх ашгийг урдаа тавьж ажиллах цаг үе иржээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр тогтов

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 15 ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулан баталсан юм. Монгол Улсад Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байдаг. Өнөөгийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт зэрэг ордод төрийн төлөөллийг төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хэлбэрээр хэрэгжүүлдэг.

Үүсээд буй эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын бодит үр өгөөжийг хүртэх, төрийн хүртэх үр өгөөжийг өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх, улмаар улсын төсөвт учирч байгаа санхүүгийн зарим хүндрэлийг шийдвэрлэх, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага үүсч байна. Энэхүү шаардлагын хүрээнд төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэн тусгай зориулалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоож улсын төсөвт орлого төвлөрүүлэх нь хамгийн боломжит хувилбар гэж тооцжээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү хуулийн төслийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах эсхүл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх сонголтыг хийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах эрх нээлттэй байх болно. Төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын ТЭЗҮ, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт, ордын нөөцийн болон борлуулалтын орлогын хэмжээ зэргийг харгалзан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газраас тусгайлан тогтоох юм.

Иймд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр төлөх асуудлыг зохицуулах нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *