“Их монгол нэгдэл” ТББ-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг төсвийн мөнгөнөөс 20 орчим тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж сэжиглэн АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байна. Тус байгууллага Н.Батбаяр сайдыг шалгуулах өргөдлөө өнөөдөр Авилгатай тэмцэх газар өгч байгаа аж. Замын-Үүдийн хилийн боомт чиглэлд 20 тэрбум төгрөгөөр зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон зардал нэмүүлсэн нь хууль бус гэж тэд үзжээ. Солонготын даваа, Халзан бүргэдэйн чиглэлийн 40 хувь нь хийгдчихсэн байсан 100 км замыг 37.2 тэрбум төгрөгөөр гүйцээж дуусгах ёстой байжээ. Сайд үлдсэн 60 хувийн ажлыг гүйцэтгэх компанитай хамтран зардлыг 46 тэрбум төгрөг болгож өсгөсөн гэж тус байгууллагынхан үзэж байгаа аж. Тус замыг шинээр баригдах зам гэдгээр Засгийн газрын хуралд оруулж батлуулсан гэнэ.