Categories
мэдээ нийгэм

​Эдийн засгийн эргэлтийг сайжруулах инновацийн бүтээлүүдийг танилцууллаа

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үзэсгэлэн өнөөдөр СТӨ-ний Уран зургийн галарейд нээгдлээ. Шинжлэх ухаан, технологийн салбарынхан тухайн жилд хийж бүтээсэн зүйлээ тайлагнадаг энэхүү арга хэмжээнд 120 байгууллагын 1500 орчим сонирхолтой инновацийн бүтээлийг дэлгэсэн байна. “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулж буй уг үзэсгэлэн нь шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, худалдан авалтаар дэмжих зорилготой юм. Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, “ХАА, анагаах ухаан, инженерийн чиглэлийг бодлогын түвшинд гаргаж ирэх шаардлагатай байгаа. Тиймээс төрөөс, УИХ-аас энэ чиглэлээр гарч буй шийдвэр, хуулийн өөрчлөлтийг эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч нийгмийн захиалгаар амьдралд хэрэгжиж, үр дүн авчрах чиглэлд нь онцгойлон анхаарах шаардлагатай. Манай ШУТС-гаас хэрэгжүүлж буй төслүүдийн үр ашгийг өнөөдөр энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүд бэлхэнээ харуулна. 2019 онд ШУТС-гаас дэмжих төслийн агуулга судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл чанаржаасай гэж хүсч байна. Энэ ажлууд хоорондоо нягт уялдаа холбоотой явж чадвал Монгол орны зогссон, хөдлөхгүй байгаа олон ажил урагшлах гарц, боломж нээлттэй байгаа юм” гэв.

Шинжлэх ухаан технологийн сан /ШУТС/-гийн захирал, доктор Д.Энхжаргал ярихдаа, “Шинжлэх ухаан технологийн сангаас 2018 онд 11 дүгээр сарын эхний байдлаар 531 төсөл хэрэгжүүлэхээс 450 гаруй төсөлд 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож гүйцэтгэл 85 хувьтай байна. Энэ жилийн хувьд шинжлэх ухааны салбарын хэмжээнд хэд хэдэн тогтоолын төсөл өргөн барьж батлуулж чадсан нь том амжилт. 2018 он тус салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлсон онцлог жил болж байна. Монгол Улсын Засгийн газар “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлаад хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр бодлогын баримт бичгүүд амжилттай хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц өрсөлдөх чадвартай болж, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх замаар Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавихад чухал түлхэц болох юм” гэсэн юм.

Үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна хүрээлэн, их сургуулийн дэргэдэх 25 гарааны компани, Засгийн газрын хэрэгжүүлэгч 4 агентлаг, хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч ICT групп, “Шинжлэх ухаанч хүүхэд” төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч “Дүүдүү” байгууллагын төлөөлөл зэрэг Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч 120 байгууллагын 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Энд эрдэмтний гаргасан ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгаалал, бордоо, эрчимжсэн мал аж ахуй, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэ, барилгын материал, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, мэдээллийн технологийн чиглэл зэрэг шинжлэх ухааны зургаан салбарын бүтээгдэхүүн, технологи, загваруудыг дэлгэжээ. Тухайлбал, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс ханиад томууны үед ууж хэрэглэх “Монфлю” бэлдмэлийг танилцуулж байлаа. Энэхүү байгалийн гаралтай, ханиадны эсрэг бэлдмэл нь амьсгалын замын үрэвслийн үед толгой өвдөх, бие жихүүцэх, хамраас нус гоожих, халуурахад эмчилгээний урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх бөгөөд нэг уут мөхлөг нь 1000 төгрөгийн үнэтэй аж.

Мөн “Армоно” корпорацийн биомеханикийн шинжлэх ухаан, монгол хүний антропометрийн хэмжилтийн үндсэн дээр зохион бүтээсэн хөлийн тавхайн ачааллыг тэнцвэржүүлэгч улавч үзэсгэлэнд ирсэн хүмүүсийн сонирхлыг татаж байв. Улавчны дээд гадаргуу өлмийн ачааллыг бууруулах, бактери, мөөгөнцрийн эсрэг, үнэр гаргахгүй, агаар нэвтрүүлэх, чийг шингээх, дулаан хадгалах чадвар бүхий ачааллыг жигд хуваарилах давуу талтай хэмээн тус корпорацийн эрдэм шинжилгээний ажилтан З.Энхжаргал ярилаа.

Мөн хуруу шилнээс хурга гаргаж авах инноваци тун сонирхолтой байлаа. Энэ талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн багш, доктор П.Эрдэнэтогтох тайлбарлахдаа “Манай сургууль нөхөн үржихүй, био технологийн лаборатори ажиллуулдаг. Энэ лаборатори нь хурга, тугал зэргийг хуруу шилнээс гаргаж авдаг. Яг л хуруу шилний хүүхэд гэдэг шиг. Давуу тал нь нэг малаас жилийн дотор ашиг өндөртэй 100-200 төл авах боломжтой. Бид туршилтын байдлаар гурван хурга гаргаж авсан. Хурганууд сургуулийн хашаан дотор байгаа. Хуруу шилнээс гаргаж авсан төл, байгалиараа төрсөн төлөнд хийсэн судалгаа олон байдаг ч ялгаатайг нь баталсан судалгаа дэлхийд байхгүй. Бид шинээр гарсан хурганууддаа шинжилгээ хийж, биологийн хувьд ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг судалсан. Бид гурван ихэр хурга гаргаж үзсэн ч амьдрах чадвар багатай байдаг юм билээ. Тиймээс хоёр ихрээр гаргаж байгаа. Одоогоор 20 хонинд шилжүүлэн суулгалт хийчихсэн байгаа. Махны ашиг шим өндөртэй хөврөлөөс хоёр ихрийг суулгасан. Ингэснээр монгол хониноос махны чиглэлийн хурга гаргаж авна гэсэн үг. Манай лаборатори долоо хоногт багаар тооцоход 50 өндгөн эс үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ улирлын чанартайгаар буюу арваас арванхоёрдугаар сар, дөрвөөс зургадугаар сард хийдэг” гэж ярилаа.

Энэ мэтчилэн үзэсгэлэнгийн бүтээгдэхүүнүүдээс Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц нийгэм, засгийн эрэлт хэрэгцээ, үндэсний чадамж, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэлтэй бүтээмж өндөр чансааны үзүүлэлтээр 2018 оны “Шилдэг бүтээгдэхүүн”-ийг маргааш хаалтын ажиллагааны үеэр тодруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *