Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг томилохоор болов DNN.mn

76: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг | Zaag.MN

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.30) хуралдаан 16 цаг 45 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон тул Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Цэдэндамбын Цэрэнпунцагийн нэрийг дэвшүүлж байгааг Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулсан.

Ц.Цэрэнпунцаг нь 1988 онд Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1997 онд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг тус тус төгссөн. 2013 онд АНУ-ын Доминиканы их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

1999 оноос “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, 2005-2010 онд “Жи-Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2008-2016 онд “Ddish TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, 2008 оноос “Жем Нет” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 2013 оноос “SPS TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, зөвлөх, 2018 оноос “Хужирт Тур” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагт ажлын амжилт хүслээ.

Ингээд Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэдэндамбын Цэрэнпунцагийг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дийлэнх олонх буюу 83.3 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *