УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг нар оролцсон юм.
Хэвлэлийн хуралд оролцож буй гишүүд Монгол Улсын эдийн засгийн хүндрэл нь Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Ажлын хэсэг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд шалгалт хийх аж.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Монголбанкны алдагдлыг Засгийн газраас үнэт цаас гаргах замаар нөхдөг бөгөөд улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт учруулдаг. Тиймээс энэ бүх алдаа, дутагдлын шалтгаан нөхцөлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох ёстой” гэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “2014 оны зургадугаар сард хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 200 тэрбум төгрөг байсан бол нэг жилийн дотор 900 тэрбумд хүрсэн. Энэ бүх асуудлыг шалгаж, залруулах шаардлагатай” гэв.
Цаашид шалгалтын явц болоод, үр дүнгийн талаар тухай бүрд нь мэдээлэл хийхээ мэдэгдлээ.