Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын
хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж,
байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэх асуудлуудыг танилцуулан
дөрвөн асуудлыг шийдвэрлэхээр тогтлоо. Засгийн газраас өнгөрсөн оны
арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл
баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн
танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
Б.Чойжилсүрэн хийсэн юм.
“Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их
Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг
сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй
ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн
төслийг боловруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар,
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон юм. Одоо
мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник,
технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны
хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй,
төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий
этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй,
төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд
төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай,
найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн
системийн бодлого, төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй, үр
ашигтай байх зарчим, төлбөрийн системд оролцогчдод тавих нөхцөл,
шаардлагыг тодорхойлон, хяналт тавих чиглэл, үндэслэл, хэрэглэгч, төв
банк болон системийн оролцогчдын эрх хэмжээг зохицуулахаар тусгасан
байна. Түүнчлэн төлбөр тооцоог бэлэн болон бэлэн бус төлбөрийн
хэрэгслээр хийх зохицуулалтыг өргөтгөн, бэлэн мөнгөний хэрэглээг
багасгах, зардлыг хэмнэх, улмаар бэлэн бус төлбөр тооцоог дэмжих
зорилгоор цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлох төлбөр
тооцооны хэрэгслээр гүйцэтгэх нөхцөл, журмыг тусгажээ. Цаашид зах зээлд
нэвтрүүлэх шинэ үйлчилгээ, хэрэгслийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг нь
хангах зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна. Ингэснээр төлбөр
тооцоо гүйцэтгэхэд үүсч болзошгүй эрсдэл буурч, хэрэглэгчийн итгэл
нэмэгдэн, найдвартай, аюулгүй байдал хангагдана хэмээн төсөл санаачлагч
үзсэн байна. Нөгөөтэйгүүр үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагаанд
Төв банк хяналт тавихаар хуулийн төсөлд тусгасан болохыг Сангийн сайд
Б.Чойжилсүрэн танилцуулгадаа дурдсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын
Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар нар ажлын хэсгээс асуулт
асуусан юм. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа Монголын банкуудын
холбооноос санал авч, хамтран ажилласан бөгөөд ойлголтын зөрүүтэй
саналууд гараагүй гэдгийг хэллээ. Хоёр удаагийн хэлэлцүүлгийн дараа цөөн
тооны саналыг ажлын хэсэгт ирүүлсэн, үүнийг хэлэлцүүлгийн шатанд шийдэх
боломж бий хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулт
өгөв. Мөн бэлэн бус төлбөр тооцооны нэг хувийн шимтгэлийн талаарх
Ж.Ганбаатар гишүүний асуултад хариулахдаа нэг хувийн шимтгэл нь карт
гаргасан банк, гүйлгээг дамжуулах үйлчилгээ үзүүлсэн банк, картын төлбөр
тооцооны төв зэрэг бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч
байгууллагуудад хуваагддаг болохыг тайлбарласан. Ийнхүү асуулт, хариулт
явагдаж дууссны дараа төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхтэй
холбоотойгоор санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндэсний төлбөрийн
системийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газар,
Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн
ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв
Дараа нь 2017 оны нэгдүгээр сарын 30-ны
өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд
найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий
хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн
газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг
танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах
Польш Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн нөхцөлт зээлийн
ерөнхий хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг тохиролцжээ. Уг
зээлийн хүү жилийн 0.15 хувь, хугацаа 28 жил бөгөөд үндсэн төлбөрөөс
чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм байна. Дэд бүтэц, хөдөө аж ахуй,
боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийг 100 хувь уг
зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бөгөөд зээлийн ерөнхий хэлэлцээр
байгуулагдсаны дараа хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцүүлж, Польшийн талд хүргүүлэх аж. Зээлээр хэрэгжүүлэх
төслийг Польш Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, компани гүйцэтгэх бөгөөд
тухайн экспортлогчийн Монгол Улсад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн,
үйлчилгээний 60 хувь нь тус улсын гарал үүсэлтэй байх үндсэн
шаардлагатай аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан
асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул Монгол
Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын
нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр
санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 83.2
хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал,
дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр
тогтов.
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл
баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг
Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцууллаа.
Авто замын тухай хууль нь 1998 онд
батлагдсанаас хойш нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдгээр
нэмэлт, өөрчлөлтүүд нь бусад хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор
хийгдсэн байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд авто тээврийн
салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр авто замын сүлжээг өргөтгөх
шаардлага тулгамдаж байгаа гэв. Нийгэм, цаг үеийн өөрчлөлт болон хэтийн
чиг хандлагад нийцүүлэх шаардлагын үүднээс Авто замын тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их
Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын
гишүүн Д.Дамба-Очир, авто замын сүлжээг өргөтгөх шаардлага байгаа ч
цаашид уг бүтээн байгуулалтын өртгийг бууруулахад түгээмэл тархацтай
ашигт малтмалын ашиглалт, үнэ өртгийн талаар шийдвэр гаргах шаардлага
байгааг хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар
нар хувийн хэвшлийн байгууллагууд авто замын сүлжээг өргөтгөхөд оролцох
сонирхолтой байдгийг тэмдэглэж байв. Нэгэнт эрх зүйн орчныг шинэчилж
байгаа бол дэвшилттэй, үзэл баримтлалын хувьд эрс өөрчлөлт болох, шинэ
боломж, гарцуудыг нээх хэмжээнд төслийг боловсруулах нь зүйтэй гэдэг
саналыг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, авто
замын бүтээн байгуулалт нь зам тээврийн осол гарах шалтгаан болж байгаа
эсэхэд анхаарал хандуулж, шинээр баригдсан авто замын баталгаат хугацаа
нэг жил байдгийг өөрчлөн, уртасгах шаардлагатай гэсэн байр суурийг
илэрхийлсэн юм. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй
холбогдуулан гишүүдийн зүгээс гаргаж буй саналуудыг ажлын хэсэг анхаарч,
тусгах нь чухал болохыг Байнгын хорооны дарга хэлж байв. Ийнхүү санал
хураалт явуулахад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүд
дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо. Мөн уг хуулийн
төслийг чуулганы хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх
үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, ахлагчаар нь Улсын Их
Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Үүний дараа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл
баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Зам
тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хууль санаачлагчийн илтгэлийг
танилцуулав.
Усан замын тээврийн тухай хууль нь 2003
онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч
буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах,
зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн
тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг
асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын
тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ,
шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг
үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
боловсруулсан байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд усан
замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал, зорчигчдын амь
насны даатгал, усан замын тээвэрлэлтийн чиглэл тогтоох, батлах,
зорчигчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн болон нутгийн
захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагын эрх, үүргийг
тодорхой болгох асуудлыг тусгасан байна. Түүнчлэн усан замын тээврийн
хэрэгслээр үзүүлж буй үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилт, хяналтын
тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, байгаль орчны бохирдлоос
урьдчилан сэргийлэх, зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг хангах
зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоол байгуулах,
засвар үйлчилгээ хийх, тэдгээрийг шатах тослох материалаар хангах цэг
байгуулах асуудлыг тусгажээ. Мөн иргэдийн зорчих хэрэгцээ нэмэгдсэн,
усан замын тээврийн хэрэгслийн тоо олширсон, усан замын тээвэрлэлт
өргөжсөнтэй уялдан аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн
хэрэгслийн бүртгэл болон хяналт тавих тогтолцоо, байгаль орчныг
бохирдуулахгүй байх зохицуулалт, усан замын тээврийн мэргэжпийн боловсон
хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг усан замын
тзэврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн болон
төрийн бус мэргэжлийн байгууллагад хуулиар шилжүүлэх, усан замын
тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн, усан замын тээврийн үйл
ажиллагаанд оролцогч хуулийн этгээд болон бусад этгээд усан замын
тээврийн талаарх хууль тогтоомжийг зөрчсөн, усан замын тээврийн
хэрэгслийн осол, зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх
хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох аж.
Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэр-Очир,
Ч.Хүрэлбаатар, Л.Болд нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм.
Тухайлбал, манай улсад аялал жуулчлалын зориулалтаар усан замын
тээвэрийн зохицуулалтууд яригддаг гэдгийг Ч.Хүрэлбаатар гишүүн дурдаад
энэ хуулийн төсөлд иргэдэд хамааралтай ямар зохицуулалт байгааг
тодрууллаа. Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар
хариулахдаа, усан замын тээврийн хэрэгслийг урт, хөдөлгүүрийн хүчин
чадлыг үндэслэн ахуйн болон арилжааны зориулалтынх хэмээн ангилсан
байна. Арилжааны зориулалтаар ашиглах усан замын тээврийн хэрэгсэл нь 8
кВт-ээс дээш хүчин чадалтай хөдөлгүүртэй байх бөгөөд үүнийг улсын
бүртгэлд бүртгэж, хүн тээвэрлэх тусгай зөвшөөрөл авах зохицуулалтыг
тусгасан байна. Харин тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх иргэд
тасалбар худалдан авахдаа даатгалын болон бусад үйлчилгээний хөлсийг
төлж байгаа учир нэмэлтээр ямар нэг үйлчилгээний хөлс, төлбөр төлөхгүй
гэлээ. Мөн усан тээврийн хэрэгслийн жолооч бүр хариуцлагын даатгалд
хамрагдсан байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, хуулийн
төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд өмч хөрөнгө, байгаль экологийн
асуудал, хамгийн чухал нь хүний амь настай шууд хамааралтай гэдэг утгаар
нь Монгол Улсын усан тээврийн аюулгүй байдлыг анхаарах шаардлага
тулгараад байгааг тэмдэглэн хэлсэн юм. Гэхдээ экологийн асуудлыг тооцож,
судалгаа хийн, монгол орны унаган төрх, онгон байгалийн төрхийг
хамгаалах, хадгалахад онцгойлон анхаарч, энэ төрлийн зохицуулалтыг
хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодруулав. Монгол Улсад усан тээврийн
хэрэгсэл жолооддог мэргэжилтнүүдэд жил бүр сургалт явуулж, шалгалт авч,
мэргэшүүлэх ажлыг гүйцэтгэдэг бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг,
оношлогоог холбогдох газрууд жил бүр хийж байгаа талаар ажлын хэсгээс
хариулт өгөв. Мөн удаан хугацаанд ашиглаж, бохирдсон усан замын тээврийн
хэрэгслийг өөр гол, нууранд шилжүүлэн явуулснаас үүдэн гол, нуур
бохирдож, дахин цэвэршихээргүй болж сүйрдэг жишээ бусад улс орнуудад
олон бий. Далайд буюу давстай усанд явж байсан усан онгоц, завинд замаг
ургаж, олон төрлийн нян хуримтлуулсан байдаг ба ийм төрлийн тээврийн
хэрэгслийг импортлон, ашиглах явцад тухайн нуур, голыг бохирдуулж, эко
системийг нь сүйрүүлэх эрсдэл бий. Одоогоор манай улсад ашиглаж байсан
усан тээврийн хэрэгслийг импортлохыг хориглосон эрх зүйн зохицуулалт
байхгүй гэдгийг Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар
хэллээ. Уг хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, энэ
талаарх зохицуулалтыг хуулийн төсөлдөө тусгах нь зүйтэй гэдэг саналыг
хэллээ. Асуулт, хариултын төсгөлд байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва,
далайн тээвэрт Монгол Улсын далбааг ашиглуулж байгаатай холбоотой нөхцөл
байдал, эрх зүйн зохицуулалтын талаар тодруулсан.
Усан замын тээврийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн
хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэж, Улсын Их Хурлын чуулганы
нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Мөн тус хуулийн төслийг
чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх
үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан
байгуухэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.