УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 23 удаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгүүд 83 удаа тус тус хуралджээ.
Ээлжит чуулганы хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн 18 хууль, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай зэрэг УИХ-ын тогтоолуудыг хэлэлцэн баталжээ.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлан гаргасан нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх хэмжээний хөрөнгө босгох, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн чухал шийдвэр боллоо” гэв. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэн, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, олон тооны мега төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил эрчимжин, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн арга хэмжээ ажил хэрэг болно хэмээгээд тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавин ажиллах болно гэв.