Монгол Улсын гавьяат эдийн засагч, Бизнесийн дунд сургуулийн захирал доктор Н.Дашзэвэгтэй ярилцлаа.
-Тун удахгүй ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай яригдаж эхэллээ. Улс төрийн энэхүү нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ?
-УИХ-ын 25 гишүүн мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт тавьж байгаа бол ээлжит бус чуулган хуралдах ёстой. Тэдний зүгээс тавьсан асуудлыг бас хэлэлцэх ёстой.
-Хэрэв энэ ээлжит бус чуулган хуралдах болвол 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийд гаргах ёстой гэж яригдаж байгаа?
-УИХ-ын 25 гишүүн энэ асуудлыг шийдье гэсэн байр суурьтай байгаа юм байна лээ. МАН-ын дарга ч энэ асуудлыг энэ намрын Хэнтийн нөхөн сонгуулийн өмнө, гол нь хоёр жил ч хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуулийн өмнө шийдэх хүсэлтэй байх шиг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудлыг шийдэхийг шаардсаар байгаа нь МАН-д ард түмний итгэх итгэлийг улам унагасаар байна. Иймд төрийн албыг лангууны бараа болгож худалдаж наад зах нь 60 тэрбум төгрөг олох, стратегийн ордуудаа гадныханд хямд зарж дундаас нь мөнгө босгох, сонгуулийн хар машиныг гаднаас мэргэжилтэн урьж хакердуулах гэх мэт ард түмнийхээ эсрэг, хар төлөвлөгөө ярьж байсан МАН-ын удирдлагуудын яриаг ард түмэн сонсч, харж маш их зэвүү дургүй нь хүрсэн байгаа. Үүн дээрээс нь Шүүхийн шинжилгээний хүрээлэн, АТГ, прокурорын зүгээс дээрх бичлэгийг эвлүүлэг гэх ухааны юм ярихаар ард түмэн МАН-д бүүр дургүйцсэн байдалтай болж байсан. Төрөө худалдах төлөвлөгөөг ярилцаж суусан тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр төрийн толгойд суусан хэвээр, МАН-ын нэг том лидер хэвээр байгаа нь МАН-д итгэх ард түмний итгэлийг улам бууруулсаар байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын даргыг хятад өвөөтэй гэсэн яриа тархаж, түүнийг итгэл үнэмшилтэй няцааж чадахгүй байгаа явдал нь олон түмэн түүнд, улмаар МАН-д улам л итгэлгүй болсоор байна. Хятадын эрлийз биш бол бусад нь яахав, бөх ч байсан яахав гэсэн сонголт 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдсэн болов уу. Мөн сонгууль болохоор М.Энхболдын хотын дарга байхдаа хотын газрыг замбараагүй тарааж хуваарилсан асуудал, үүнтэй холбоотой авлига яригдаж МАН-ын рейтинг доош чангаах нэг хүчин зүйл болсон нь үнэн. Иймд хоёр жил хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд МАН-ын рейтингийг доош татаж буй том хүчин зүйлийн нэг М.Энхболдын асуудлыг МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх, УИХ-ын хэсэг гишүүд энэ чуулганаар шийдье гэж үзэж байгаа бололтой гэж би таамаглаж байна. Ард түмний шаардлагаар, МАН ч бас дотроос шаардаж 60 тэрбумын нэг автор болох Ц.Сандуйд хариуцлага тооцуулсан. Одоо нөгөө автор болох М.Энхболдод хариуцлага тооцохыг хүлээж байна.
-60 тэрбум төгрөгийг төрийн албанаас хэдийнэ олоод авсан байх гэж Та олон нийтийн сошиалд бичсэн байсан. Энэ талаар асууя?
-Төрийн албыг нэг бүрчлэн зарах төлөвлөгөө задарсан тул, өөр замаар буюу төрөл бүрийн зөвшөөрөл өгдөг цөөн албан тушаалтнаар дамжуулж 60 тэрбум байтугай мөнгийг МАН-ын цөөн лидерүүд цуглуулсан байх гэж би таамаглаж, хардаж байна. Жишээ нь, явган хүний зам дээр хууль зөрчин барилга барих зөвшөөрөл өгч 60 сая төгрөг авч байгаад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа АТГ-ын ажилтнуудад баригдлаа гэсэн мэдээлэл интернэтэд тавигдсан. Яг ийм асуудлаар нийслэлийн удирдлагуудад хоёр жил хандаж байгаа амжилт олоогүй л байна. Энэ барилгад зөвшөөрлийг нь сэргээж өг гэж нийслэлийн удирдлагууд шаардаж байна гэж Т.Эрдэнэтуяа надад хэлж байсан. Тэгэхээр 60 тэрбум төгрөгөө ийм маягаар бүрдүүлж байна гэж би хардаж байгаа. Нэгэнт хотын дарга энэ асуудлыг шийдэхгүй, хууль зөрчигчдийн талд зогсож байна гэдэг бол тэд авлига авч буйг л харуулж байна гэж хардаж байгаа. Би энэ талаар нүүр номдоо бичсэн юм.
-АТГ-ын дарга шалгагдаж байгаа С.Баярыг өрөөндөө оруулж хооллох нь зөв үү?
-АТГ хүний мэдүүлгийг тусгай өрөөнд, камераар давхар бичиж, протокол хөтөлж, ярьсан зүйлийг нь гарын үсэг зуруулж авдаг журамтай. АТГ-ын дарга Х.Энхжаргал даргын хувьд ийм үйлдэл гаргасандаа УИХ-ын тусгай хяналтын хороонд нууцын зэрэглэлтэй үзүүлэх, эсвэл огцрох гэсэн хоёр сонголт байна. Магадгүй АТГ-ын дарга С.Баярт удахгүй суллах сайн мэдээ дуулгаж, виски ууж, хоолоор дайлж, яаж байцаалт өгөх талаар зөвлөгөө өгч, тэмдэглэсэн байх гэж би хардаж байгаагаа нүүр номдоо бичсэн л дээ.
-Сая наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдсэн. Есөн төрлийн татварыг бууруулах тухай шаардлагыг АН-аас энэ УИХ, Засгийн газарт өмнө нь хүргэж байсан. Шаардлагын хариу болгож есөн төрлийн татвараас шатахууны Онцгой албан татварыг төрөөс тэглэж харж үзэж байсан. Гэтэл шатахуун импортлогчид шатахууны үнээ нэмж байгаа нь хэр зохистой вэ?
-Шатахууны үнийг нэмсэн талаар яамны сайд тайлбар өгөх ёстой. Ингэж нууцаар, зөвшилцөөнгүй, хөндлөнгийн хяналтгүй нэмэх ёсгүй. УИХ-ын Эдийн засгийн эсвэл Өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг яаралтай хэлэлцэх, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байх.
-Шатахууны үнийн өсөлтийг дагаад эдийн засагт ямар нөлөөлөл үүсэх бол?
-Шатахууны үнэ суурь үнэ учраас инфляцийг нэмэгдүүлнэ. Ногооны үнэ ч хэдийнэ нэмэгдээд эхэллээ. Өргөн хэрэглээний барааны үнэ улам өсөх нь тодорхой.
-Таван толгойн орд дээр IPO хийх шийдвэрийг гаргасан. Энэ шийдэл дээр та юу хэлэх вэ?
-Стратегийн хөрөнгө оруулагчдыг эхлээд хайх хэрэгтэй. Япон, Солонгос, Хятад гурван улсын том компаниудтай ярилцах ёстой. Бид 30 хувиа Хөрөнгийн биржээр зарах гэж байна, та нар оролцох уу, ямар үнээр авмаар байна гээд тандахгүй юу даа. Ер нь ард түмэнд байгаа 19 хувь ч зарагдах байх гэдгээ үргэлж хэлж байх ёстой. Нийт 49 хувийг авах боломж байна. Орос Хятад төмөр замын тээврийн хөнгөлөлт үзүүлэхээр болсноо бас үзүүлэх ёстой. Ингэж байж хувьцаа үнэд хүрнэ. Эргэлтэд орно. Ойрын нэг, хоёр жилдээ багтаж “Эрдэнэс Таван толгой” компани хувьцаагаа зарахгүй бол нүүрсний үнэ унах магадлал өндөр байна.
-Оюу толгой, Дубайн гэрээний тухайд юу хэлэх вэ. Шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнууд өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа?
-Монголд хохиролтой заалтуудаа өөрчлүүлж авах ёстой. Менежмэнтийн төлбөр, баталгааны шимтгэл зэргийг болиулж, хүүг багасгах хэрэгтэй. Орлогын 34 хувь нь Монголын банкаар дамжих ёстой. Ер нь 34 хувийнхаа хэрээр компанийн гүйцэтгэх албан тушаалд Монголын тал оролцох, худалдан авах бүх гэрээнд Монголын талын саналыг авах ёстой. ТУЗ-ийн Монголын талын гишүүнээр Уул уурхайн сайд юм уу Үндэсний хөгжлийн газрын дарга нар хараат бус эдийн засагч байдлаар баймаар байгаа юм. Тэдний цалинг нь улсын төсөвт авч багахан урамшуулал өгдөг болгож болно.
-УИХ-аас зээлийн хүүд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо. Та бүхний боловсруулсан энэхүү төслийг Монголбанкны зүгээс шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байсан нь ямар учиртай вэ?
-УИХ-ын гишүүд асуудалд эрүүл сэтгэлгээгээр хандлаа. Одоо ажлын хэсгийг өргөжүүлж энэ асуудлыг шийдэх байх. Аль XIX зуунаас эхлээд зах зээл хөгжсөн орнуудад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож мөнгө хүүлэлттэй тэмцэж ирсэн. Мөнгө хүүлэлтийг хүн хүнээ мөлжих нэг хэлбэр гэж үзэж хуулиар хориглож ирсэн. Одоогоор 76 оронд зээлийн хүүгийн дээд хязгаарыг төрөөс захиргаадан тогтоосоор байна. 100-200 жилийн туршид ингэж явж байгаа улсууд ч байна. Дэлхийн жишиг, туршлага гэвэл ийм л байна. Энэ замыг сонгохоос өөр аргагүй. Иймд энэ асуудлыг УИХ зах зээлд шилжээд 28 жилийн дараа ойлгож эхэллээ. Монголбанк зээлийн хүүг эрэлт нийлүүлэлтийн зарчмаар бууруулна гэж бараг 20 жил яриад яаж гэдгээ тайлбарлаж чадахгүй байна. Ирэх 2023 онд зээлийн хүү таван хувь буурна гэсэн хүслийн жагсаалт, таамаг стратеги бичсэн. Мөнгөний зах олиголь-монополь байна гээд тооцоо үзүүлээд байхад Монголбанк чөлөөт өрсөлдөөнөөр шийднэ гэж тэнэгтсээр байна. Тэд ард түмний талд биш, арилжааны банкуудын талд л зогсож байна. Яг чухамдаа банкуудаас авлига авсан байх гэж би хардаж байна.
-Зээлийн хүүг хичнээн хувиар бууруулах боломжтой вэ?
-Монголбанк инфляцийг 4-5 хувьд барих аргаа ч мэдэхгүй, найман хувь гэхээс өөр тоо хэлж чадахгүй байна. Сүүлийн 10-аад жилд зээлийн нийлүүлэлт 10 их наяд төгрөгөөр нэмэгдэж байхад эрэлт ба нийлүүлэлтийн ямар ч муруй зурж болохгүй, шулуун шугам гараад л байна. нэг хувь байтугай 0,001 хувиар ч зээлийн хүү буурахгүй байгаа нь үнэн биз дээ. Зээлийн хүүг бууруулах хандлага ч алга. Иймд эхний удаад зээлийн хүүг захиргаадаад 12-18 хувь болгочихьё. Банкууд хадгаламжийн хүүгээ зэрэг бууруулж өнөөгийн ашгаа хадгалах байх. Цаашид инфляциа бууруулж, улмаар зээлийн хүүг бууруулах буюу эдийн засгийн голдрил руугаа орно. Энэ удаа хүүний том хөөсийг л багасгаж байгаа юм. Түүнчлэн Банк бус санхүүгийн байгууллага, ломбард гэх мэтийн өндөр хүүг ч бас хязгаарлах ёстой.