Categories
мэдээ улс-төр

Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхий сайдын мэдээллийг сонсов

УИХ-ын чуулганы өчигдөрийн үдээс хойших хуралдааны эхэнд Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсов. Өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн дараа улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэлд орсон, гадаад худалдааны эргэлт буурсан, макро эдийн засгийн олон үзүүлэлт буурсан ихээхэн хүндрэлтэй нөхцөлд шинэ Засгийн газар байгуулагдан ажилласан гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд дурдав. Гэсэн ч 2017 оны эхний улирлын байдлаар эдийн засгийн эргэлт сайжирч, өсөлт ажиглагдаж эхэлсэн байгаа нь өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний үр дүн болохыг онцоллоо. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүдийн өнөөгийн нөхцөл байдал, нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийн ойрын зорилт, Монгол Улсын Засгийн газраас салбарт хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Өнөөдрийн байдлаар ноос, ноолуурын салбарт ноолуур боловсруулах 280, ноос боловсруулах 200 гаруй үйлдвэр, 190 орчим жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид 22,7 мянган хүн ажиллаж байгаа аж. 2016 оны байдлаар ноос, ноолуурын салбар нь нийт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ аж үйлдвэрийн салбарын 4.5 хувь, боловсруулах үйлдвэрийн салбарын 21.8 хувь, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 хувийг тус тус эзэлж, 2016 оны байдлаар 387,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 70 хувийг нь экспортод гаргасан байна. 2016 онд нийт 102,8 мянган малчин, мал бүхий иргэн 21.6 мян.тн хонины ноос, 1.1 мян.тн тэмээний ноос нийт 22.7 мян.тн ноос бэлтгэснээр 22.6 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагджээ. Ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилдээ 12,980 тн ноолуур угаах, 4,606 тн самнах, 1280 тн утас ээрэх, 2,8 сая ширхэг сүлжих, 1868 м нэхэх хүчин чадал суурилагдсан боловч, угаах хүчин чадлаа бүрэн ашиглаж байгаа бол самнахын 20 хувь, ээрэхийн 34 хувь, нэхэхийн 25 хувь, сүлжихийн хүчин чадлын 70 хувийг л ашиглаж байна. Монгол Улсын стратегийн түүхий эд болох ноолуурын салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, хүчин чадал нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэх, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэр, хөдөө орон нутагт арьс ширэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 200 орчимжижиг дунд үйлдвэрүүд ажиллаж нийт 5,6 мянган хүнийг ажлын байраар хангадаг байна. Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2015 оны байдлаар 2,0 сая ширхэг арьс гүн боловсруулж 169,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар 4,3 сая ширхэг арьс хагас, 1,6 сая ширхэг арьс гүн боловсруулсан ба боловсруулалтын түвшин 12 хувиар өсчээ. Нийт 259,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс хагас болон гүн боловсруулсан арьс ширний борлуулалт 182 тэрбум, бэлэн бүтээгдэхүүний борлуулалт 77,7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүхий эд чанар болон түүхий эдийн гарц, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд 2016 онд нийт 64,255 малчин, мал бүхий иргэд нийт 3,1 сая ширхэг арьс ширийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн ба Засгийн газраас 10,8 тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд олгохоор бэлтгэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийн үеэр хэлсэн. Оёдлын үйлдвэрлэлийн салбар нь бага дундаж давхаргын эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг нийгмийн ач холбогдол өндөртэй салбар бөгөөд 2016 оны жилийн эцсийн байдлаар тус салбарт 1823 ажиллагсад ажиллаж, 31,6 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,8 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолж, 37,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсан байна.

Өнөөдрийн байдлаар мод, модон эдлэл үйлдвэрлэлийн салбар 500 үйлдвэр, аж ахуйн нэгжид 5,0 мянга орчим хүн ажиллаж, 2016 онд 199,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулсан байна. Дотоодын мод, модон материал, тавилгын нийт хэрэгцээний 45 хувийг дотоодын үйлдвэрүүд хангаж, 55 хувийг импортоор авчээ. 2016 оны жилийн эцсийн байдлаар барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 850 орчим үйлдвэрт 8,0 мянган хүн ажиллаж, 362,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл, хямралаас хамааран тус салбарын үйлдвэрлэл өмнөх оны түвшнээс 15-20 хувиар буурсан байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат барилгын материал, гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн химийн үйлдвэрлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан. 2016 онд цементийн эрэлтийг дотоодын үйлдвэрүүдээс 740,0 мян тн, импортоор 254.0 мян тн нийт 1,0 сая орчим тн цементээр хангаж байсан бол энэ жил дотоодын нийлүүлэлт нэмэгдэж үйлдвэрлэл 1,2 сая тоннд хүрснээр цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдэх аж. Арматурын 12 үйлдвэр нийлбэр дүнгээр 12,0 мян тн арматур үйлдвэрлэсэн нь дотоодынзах зээлийн хэрэгцээний 4 хувийг хангаж, үлдсэн96 хувь буюу 48,5 мян тонн арматурыг импороор авч байгаа аж. Харин дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдээр арматурын бэлдэц үйлдвэрлүүлж дотоодын хэрэгцээг хангах шаардлагатай байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хаягдал төмрөөр арматур үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркад шинээр байгуулж импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавьжээ.

Монгол Улс 2016 оны байдлаар импортоор 204 тэрбум төгрөгийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн импортолсон дүн мэдээ байгаа нь манай улсын дотоодын хэрэглээний 90 хувь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай байгааг илэрхийлж байгаа. Монгол Улсын хэмжээнд гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн химийн үйлдвэрлэлийн салбарт нийт 30 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 200 гаруй нэр төрлийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт үйлдвэрлэлийн хэмжээ 230 орчим сая төгрөгт хүрчээ. Энэ салбар өнөөгийн байдлаар Монгол орны онцлог бүхий малын болон ургамлын гаралтай түүхий эд болох чацаргана, зөгийн бал, хонины сүүл, уураг, адууны яс, гүүний эхэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл хөгжиж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийн үеэр тэмдэглэн хэлсэн.

Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тус бүлгийн санал дүгнэлтийг танилцуулсан.

Үүний дараа Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Д.Мурат, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, гадаад улсад ажиллаж байхдаа хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн эх орондоо үйлдвэрлэл эрхэлж буй монголчуудыг дэмжих чиглэлээр ямар бодлого баримталж буйг, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс хүнсний болон хөнгөн үйлдвэрийн бүсчилсэн хөгжлийн талаар тодорхой төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар болон импортыг орлох бүтээгдэхүүн болон экспортод гарах бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хийж буй ажлуудын талаар тодруулсан. Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийн хүрээнд банк, санхүүгийн салбарыг эрүүлжлүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Үүний үр дүнд жижиг дунд бизнес эрхлэгчид болон хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг, хүртээмж сайжирна хэмээн тооцжээ.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг байгуулах шийдвэр гаргасан байна. Хөрөнгө оруулалтын сан байгуулагдсанаар хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, ажлын байр болон экпортыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бий болох аж. Мөн эдийн засгаа төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 3 дугаар сард Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “21:100” үйлдвэржилтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна, энэ хүрээнд 21 аймагт 100 үйлдвэр байгуулах төлөвлөгөөтай байгааг Ерөнхий сайд тайлбарласан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Муратын тодруулсны дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 5 сарын 2-ны өдрийн 3 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгсөн.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва улс орны хөгжлийн чиглэлийг тодорхойлох энэхүү төслийн боловсруулалтад хариуцлагатай хандах шаардлагатайг анхааруулаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд аудит хийлгэх хүсэлт хүргүүлсэн байгаагаа дуулгасан юм. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төсвийн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийгмийн халамжийн асуудлууд болон батлан хамгаалах салбараа хангалттай санхүүжүүлж чадахгүйд хүрээд байгаа. Тиймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд УИХ, Засгийн газар онцгойлон анхаарах, үндсэн чиглэл боловсруулахдаа дээрх шаардлагыг анхаарч тусгах, салбар хоорондын хамтын ажиллагааг анхаарах нь зүйтэй гэдэг санал хэллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт хариуцлагын тогтолцооны талаар санал хэлсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг Засгийн газар ирэх 2018 онд макро эдийн засгийн бодлогын асуудалдаа онцгойлон анхаарч, ажлыг байрыг хадгалах, улмаар нэмэгдүүлэх, мөн иргэдийн орлого, амьжиргааны чанарыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой үзүүлэлт бүхий зорилтуудыг тусгах, энэ чиглэлээр яам харилцан уялдаатай ажиллах талаар тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Б.Жавхлан ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах чиглэлээр захиргаадалтын бус арга хэмжээ авч, бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан ажиллахыг хүслээ. Ингээд УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 80.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Үүний дараа УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар Монгол Улс, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх шийдвэр эцэслэн гараагүй байсны улмаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй, хойшлуулсаар байсан. Харин уг хөтөлбөр нэгэнт батлагдсан, дээрх төслийг зургаадугаар сарын 01-ний өдрөөс өмнө батлах хуулийн хугацаатай хэмээн тайлбарлаад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг оруулах горимын санал гаргав. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж горимын саналыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тохирсон дунд хугацааны төсвийн үзүүлэлтүүд, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын зорилтот үзүүлэлтийг баримталсан байна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд дунд хугацаанд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаад хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Үүний хажуугаар дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Цаашид эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдэх нөхцөл байдал үүсэх тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үед дахин авч үзэж, зохих өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулахаар холбогдох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2018 онд -9.5, 2019 онд -6.9, 2020 онд -5.1 байхаар тус тус төсөөлсөн байна. Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2018-2020 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхээргүй байхаар хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг нийгмийн даатгалын шимтгэл нэг удаа нөхөн төлүүлэх хуулийн хэрэгжилтийг зогсоохгүйгээр ОУВС-тай хэлэлцэн тохиролцож, хэрэгжих хугацааг нь боломж байвал хойшлуулахад анхаарах, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр бодлогын реформ хийх шаардлагатай гэсэн саналуудыг гаргажээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. Харин хүүхдээ асарч байгаа эхчүүдийн шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмж тооцох, эхийн хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааны шимтгэлийг ажил олгогч (хэрэв сайн дураар даатгуулж, жирэмсний амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн бол шимтгэлийг нь тэтгэмжийн сангаас, харин эх даатгуулаагүй бол түүний төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцах) төлөх, малчны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчдын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил зургаан сараар тооцох, сайн дураар даатгуулагч эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний 100 хувиар тооцдох зохицуулалт бүхий Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тэргүүтэй батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлд Засгийн газар анхаарах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улс, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаандаа бүх түвшиндээ гүйцэтгэл сайтай ажиллавал Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжих бүрэн бололцоо бий гэдэг санал хэллээ.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон холбогдох хуулиуд, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон болон холбогдох хуулиуд, Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хууль, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хууль, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулиудын эцсийн найруулгыг тус тус сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *