Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штаб, Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран Нийслэлийн иргэний танхимд энэ сарын 12-ны өдөр ЕБС-ийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн талаар сургалт зохион байгуулах гэж байна. Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер ахмад Ц.Энхтайван:
“Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд “Иргэнд эх оронч хүмүүжил үндэстний бахархал төлөвшүүлэх, сэтгэл санаа бие бялдрыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил хийнэ” гэсэн заалт байдаг. Энэхүү заалтын хүрээнд Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд нийслэлийн Засаг даргатай хамтарч жил бүр гэрээ байгуулан ажилладаг. Энэ гэрээний 2.9-д “цэргийн насны залуучуудад эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор бүтээлч ажил хийнэ” гэж заасан байдаг. Энэ заалтынхаа хүрээнд бид бүхэн Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтраад ЕБС-ийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад “Бид эх оронч хөвгүүд” нэртэй яриа таниулгыг 6 сарын 12-ны өдөр явуулна” хэмээв.
“Отгонтэнгэр” их сургуулийн доктор, профессор гавьяат багш Б.Галиндэв:
“Дараах гурван хүчин зүйлээс өнөөдөр Монголын залуучуудад эх оронч хүмүүжлийн талаар зайлшгүй ярьж тэднийг итгэл үнэмшилтэй болгох хэрэгтэй байгаа юм.
1. Бид бүхэн даяаршиж байгаа эринд амьдарч байна. Даяаршихын хэрээр монгол залуучууд өөрийн эх орны хөгжил цэцэглэлтийг олон улстай харьцуулж үзэх бололцоотой болдог. Ингэснээр заримдаа эх орноо чамлах, голох хандлага үүсгэж байгааг үгүйсгэхгүй.
2. Монгол Улсын хүн амын 70%-ийг хүүхэд залуучууд эзэлдэг. Тиймээс ирээдүйн Монгол Улс залуучуудын эх орноо үзэх үзэл, хандлагатай зайлшгүй холбоотой.
3. Бид бүхэн мэдээллийн давалгаанд амьдарч байна. Энэ олон төрлийн мэдээллээс залуучууд өөрт хэрэгтэйгээ сонгож үзэх буюу мэдээллийн боловсролтой болох хэрэгтэй.
Толстойн Дайн ба энх зохиол дээр:
“Улсын маань нийслэл Москваг Франц улс шатааж байгаа ч гэсэн Оросын охид, хөвгүүдийн зүрх сэтгэлд эх оронч үзэл байгаа цагт ялах болно” гэсэн байдаг.
Өнөөдөр бид Монголынхоо охид, хөвгүүдийнхээ сэтгэлд эх оронч үзлийн галыг асаах хэрэгтэй. Энэ галыг асаахын тулд бид бүхэн энэхүү сургалтыг зохион байгуулж байна” гэлээ.
Монгол цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэх албаны дектор, МУСГЗ Ж.Цогтсугар:
“Монгол цэргийн нэгдсэн холбоо байгуулагдсанаас хойш Монголын нийгэмд соён гэгээрүүлэх томооохон ажлыг эхлүүлээд байна. Бид хамгийн эхэнд хөвгүүдээ олж харсан. Хөвгүүд маань эх орноо хайрлаж, хамгаалах байтугай өөрийгөө хайрлаж, хамгаалж чадахгүй байна. Үүнээсээ болоод эрүүл мэндээ алдан хохирч байна. Манай хөвгүүд өрхийн тэргүүн болоход бэлтгэгдээгүй байж гэр бүл зохиодог. Хүмүүжээгүй, эх оронч үзэлтэй болоогүй, хайрлах мэдрэмжтэй болоогүй хөвгүүд маань гэмт хэрэг хүчирхийллийн эх үндэс болж байна. Тиймээс бид бүхэн хөвгүүдийнхээ ухамсарт эх оронч үзэл, өөрийгөө хайрлах үзэл, гэр бүл зохиох, авч явах чадварыг суулгахаар энэхүү үйл ажиллагааг хийх гэж байгаа юм” гэв.
Мөн Монгол цэргийн холбооноос “Аав алдахгүй бол хүү алдахгүй” гэсэн уриа гарган ажиллаж байгаа аж. Энэ сарын 12-ны 14 цагаас болох энэхүү үйл ажиллагаанд яриа таниулга хийхээс гадна цэрэг эх орны сэдэвтэй дуу дуулж, урлагийн үзүүлбэр тоглолтуудыг үзүүлэх юм. Энэ удаагийн сургалтаар Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрэгтэй сурагчдыг хамруулахаар төлөвлөсөн. Гэхдээ сонирхсон бүх сурагчдад нээлттэй бөгөөд нийт 400 хүүхэд хамруулж ажиллах юм байна.
Б.САРУУЛ