Баруун Африкт дэгдсэн Эбола вирусын халдвараар нас барагсдын тоо 6928 болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Эболагаар нас барагсдын тоо хамгийн сүүлд мэдээлснээс 1000 гаруйгаар нэмэгджээ. Халдварын тархалт Либери улсад буурч, Гвинейд тогтворжиж эхэлсэн боловч Сьерра-Леонед өндөр хэвээр байна. Түүнчлэн Эбола вирусын халдвараар өвчний голомт Гвиней, Сьерра-Леоне, Либери улсад 16 мянга гаруй хүн өвчлөөд байгаа аж. Харин Нигери, Сенегал улсууд үхлийн аюулт өвчнөөс бүрэн ангижирч, дахин халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Үүний зэрэгцээ ядуу буурай Мали улсад Эбола вирусын халдвар тархсанаар долоон хүн нас барж, 10 хүн өвчилжээ.
Барууны орнуудад Эбола вирусын халдвараас эдгэрсэн хүний цусны ийлдсээр эмчлэх арга хэрэглэсэн нь үр дүнд хүрч, олон хүний амийг авраад байгаа билээ. Үүний зэрэгцээ олон улсад Эбола вирусын халдварын эсрэг вакцин, эм ирэх 2015 оны эхэн гэхэд бэлэн болох мэдээлэл байна.