Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Eagle” телевизээр гарсан мэдээлэл бусдын нэр төр, ажиллаж амьдрах эрхийг зөрчиж байна гэв

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, удирдлагууд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж, буруу ташаа мэдээлэл цацаж буй хүмүүсийг шалгаж өгөх шаардлагыг хүргүүллээ. Энэ талаар тус сургуулийг төлөөлж буй өмгөөлөгч Г.Батбаяр “Цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй байхад хүүхдүүдийг зоддог, хүчинддэг, багш нар хоорондоо ажлын байранд бэлгийн харилцаанд ордог гэсэн гүтгэсэн мэдээлэл гаргаж, ард иргэдийг төөрөгдүүлж байна гэсэн гомдол гаргасан.

Энэ гомдлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажлын хэсэг гарсан. Арван хүний бүрэлдэхүүнтэй энэ ажлын хэсэгт энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан. Ажлын хэсэг энэ хэрэгтэй холбоотойгоор ажиллаж байхад зарим нэг этгээд сургуулиар дураараа орж гарч, ярьж чадахгүй, үг сонсож чадахгүй, хэл ярианы хөгжил муутай, дохио зангаа сайн мэдэхгүй хүүхдүүдээс яриа авч, ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр орчуулуулан тарааж байгаа нь хуульд нийцэхгүй байна” гэлээ.

Мөн тэрбээр цааш нь “Ийгл” телевизээр гарсан мэдээлэл бусдын нэр төр, ажиллаж амьдрах эрхийг зөрчиж байна. Хохирогч, гэмт этгээдийг нь цагдаагийн байгууллага олж чадахгүй байхад яагаад зарим этгээд олчихоод нуугаад байгаа юм бэ. Үл мэдэгдэх хохирогч гаргаж ирээд бусад хүмүүсийг тайван байдлыг алдагдуулж байна. Нялх хүүхэдтэй багшийг нөхөр нь ажил дээрээ зүй бус зүйл хийсэн гээд зодож байна, эмэгтэй багш нар ажил дээрээ ухаан алдаж унаж байна. Хүний эрхийг ингэж зөрчиж болохгүй гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *