Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Золзаяа: Хотын удирдлагууд түгжрэлийг “том мангас” болгож, мөнгө угааж байна DNN.mn

ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяаmай ярилцлаа.


Та бол хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн хүн. Улаанбаатар хотын өнөөгийн асуудлын гол шалтгаан нь юундаа байна гэж хардаг вэ. Эрх бүхий хүмүүсийн тайлбарладаг шиг Улаанбаатар үнэхээр ийм хэмжээний хүнийг багтаах ямар ч боломжгүй газар юм уу. Эсвэл бодлогодоо байна уу. Ер нь дэлхийн том хотууд ирээдүйд төдий хэмжээний хүн амтай болно гэж хэдэн зуун жилийн өмнө төлөвлөсөн байдаг юм уу?

-Улаанбаатар хотын ирээдүйн өсөлтийг таамаглахгүйгээр төлөвлөсөн гэдэг бол худлаа. Учир нь дэлхийн бүх хотуудад хурдацтай өсөлт явагдаж байна. 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 70 хувь нь хот суурин газарт амьдарна гэсэн НҮБ-ын судалгаа байдаг. Тиймээс ганцхан Улаанбаатар хотын хүн ам ингэж хурдацтай өсөж байгаа юм биш. Тэр дундаа сүүлийн жилүүдэд Ази, Африкийн орнуудад хурдацтай хотжилт явагдаж байна.

Манайх юун дээр алдсан бэ гэхээр дэлхий дахинаа өрнөж буй хотжилтын трэндийг дагаж төлөвлөж, удирдаж чадахгүй их удчихсан. Нөгөөтэйгүүр нийт хүн амын 60, 70 хувь нь хотод амьдарна, бусдыг нь амьдруулахгүй гэх хэрэг үү. Хэдэн хувь нь хотод амьдрахыг хорьж болохгүй. Иргэд наад захын нийгмийн болон бусад арилжааны үйлчилгээ, амьдралын чанараа дээшлүүлэх гэж Улаанбаатар хотыг зорьж ирдэг. Хот бол амьдралын боломж дээшлүүлдэг газар. Эдийн засгийн, нийгмийн, соёлын зэрэг олон төрлийн хэрэгцээгээ хангах гэж иргэд хотыг зорьж ирдэг. 10 жил тутамд хүн ам таван хувиар өсдөг гэсэн статистик судалгаа бий. Тиймээс үүнд нийцүүлж бодлогоор зохицуулсан бол өнөөдрийн байдалд бид хүрэхгүй байсан. Ер нь бол бид хотын стандартаа олон улсын трэндэд нийцүүлж дагаж манлайлж чадаагүйн алдаа.

Амьдарлын чанар, эдийн засгийн чадамжаа дээшлүүлэх боломж Улаанбаатарын иргэдэд хэр нээлттэй байна вэ?

-Хот бол эдийн засгийн боломжийн үүр уурхай. Энэ боломжоос үүдэж эдийн засгийн өрсөлдөөний давуу талыг олж, өөрийн боломжийг дээшлүүлж байх ёстой. Улаанбаатар хотын иргэд хэдэн төгрөгийн орлоготой байвал сайхан амьдрах вэ гэсэн судалгаа гарсан байсан. Хэдийгээр олон улсад хийгдсэн ерөнхий судалгаа ч Улаанбаатар хотын иргэд 10 гаруй сая төгрөгийн орлоготой бол сайхан амьдарна гэж гарсан байна лээ. Эдийн засгийн боломж нь өсөхөөр хүний сонголт нэмэгддэг. Үүнийг дагаж хүн өсөж хөгждөг. Өөрийнхөө тав тух бүхий л хэрэгцээг хангаж аз жаргалтай болдог.

Гэтэл улсын болон нийслэлийн ихэнх хөрөнгө оруулалтыг, мөн хотын гудамжуудыг амьгүй, хөдөлгөөнгүй байлгах зохицуулалт хийгээд удчихлаа. Жишээлбэл, хүний хөдөлгөөн ихтэй газруудад бизнесүүд яаж цэцэглэж хөгждөг билээ. Ямар олон үйлчлүүлэгчийг татах билээ. Түүнээс машины зогсоол, авто замаар дамжин ордог гудамжуудтай болчихоор тухайн орон зайн эргэлт, хүний амьд урсгал байхгүй болчихдог. Хот төлөвлөлт дээр шийдвэр гаргахаас эхлээд эдийн засгийн боломжийг тэлж, иргэдийн өмчийг үнэ цэнэтэй байлгах бодлого дутуу дулимаг байна. Олон жил хотын чиглэлээр салбар болгонд ажиллаж үзлээ. Тиймээс ч бодлогын болоод техникийн зөрүүг их шүүмжилдэг учраас ХҮН-ын Нийслэлийн намын хороо мөрийн хөтөлбөртөө ийм алдааг нийслэлчүүд дахиж гаргахүй юм шүү гэсэн хатуу зарчим баримталж, тэр чиглэлд дорвитой өөрчлөлт гаргах бодлогыг боловсруулсан.

Одоогийн хотын удирдлагуудын гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаанууд нь тэгш бус байдлыг бий болгоод байна. 10 сая төгрөгийн орлоготой иргэдэд сайхан амьдрах боломжийг бий болгоод байдаг. Өдөр тутам ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийн амьдаралын чанар нь хэцүү нөхцөлд байна. Үүнд Хотын захиргаанаас ямар нэгэн манлайлал үзүүлж чадахгүй байна. Тиймээс бид тэгш бус бодлогыг өөрчилж яаж илүү дараагийн түвшинд гаргасан бодлого чиглэл рүү шилжүүлэх вэ гэдэгт төвлөрч ажилласан.

Нэгдүгээрт, хотын иргэд өмчтэй, газартай, хүссэн газраа амьдрах боломжтой, амьдарч буй газар нь хүнд ээлтэй, наад захын орон байраар хангагдсан, ажил орлоготой байх зэрэг маш олон суурь ойлголтыг нөхөж хийхгүй бол иргэдийн стресс дээд цэгтээ туллаа. Цаашдаа яаж ийм шорон шиг хотод тэвчиж амьдрах вэ дээ.

Асуудлын гарцыг танай намынхан хэрхэн тодорхойлсон бэ?

-Хотын Засаг даргын ажиллаж байгаа арга барилыг харахаар туслах, орлогч нартайгаа гудамжаар яваад байна. Энэ бол маш муу менежмент. Хот өөрийн гэсэн менежмент, стратегитэй байх ёстой. Том зургаараа цаашдаа манай хотод юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгох ёстой. Төвлөрөөд бодох хэрэгтэй. Улаанбаатар хотын замбараагүй тэлсэн байдлыг цэгцлэх, шинээр бүсчлэл тогтоох, урт хугацааны бодлого гаргах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Хоцрогдож байгаагаа ойлгоод технологи, инновацийн талаар ярих хэрэгтэй. Жишээ нь, хогны менежмэнт. Хогоо тээвэрлэж зөөгөөд түүнийгээ тойроод хэрэлдээд байдаг. Гэтэл хогны менежмент дэлхийд гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн технологи гаргачихсан. Бид нэгдүгээр зэрэглэлийнхийг нь ч авч чадаагүй байна. Өнөөдөр хүүхдүүд ялзарч муудсан хогны хажууд тоглож байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. 30 жилийн дараа хот ямар байх вэ гэдэг менежмэнтээ гаргаж үүнийгээ доод шатны удирдлагууддаа ойлгуулж манлайлахын оронд хотын захиргаанд ажиллаж байгаа 10, 20 мянган төрийн алба хаагч нарын ажлыг хийлгэхгүй нэг, хоёр хүн гудамжинд лайв хийгээд явах юм. Гудамж, бродюр бүр дээр энэ хүн очиж хэрүүл хийгээд байвал том зураглал, инновацаа хэзээ хийх юм бэ. Бидний хувьд менежмэнт бодлогоо төлөвлөөд ирээдүйгээ харчихсан. Залуус өдөр бүр шүүмжилдэг шигээ санал хураах өдөр идэвхтэйгээр саналаа өгөх хэрэгтэй байна. Ингэж байж ужгарсан энэ олон асуудалд гарц шийдэл авч ирнэ.

Нийслэлчүүдийн хоолойд тулсан асуудал болох агаарын бохирдлыг яаж хурдан хугацаанд үр дүнтэй бууруулах вэ?

-Агаарын бохирдлын цаана иргэдийн амьжиргаатай холбоотой асуудал бий. ХҮН нам хамтарсан Засгийн газарт орж, эрчим хүчний салбарын реформыг ахлан хийхээр болсон. Энэ бол маш зөв зүйтэй зүйл. ХҮН нам Засгийн газрын түвшинд эрчим хүчний реформыг хийх болсон шалтгаан нь гурван намын мөрийн хөтөлбөрийг харьцуулж үзэхэд ХҮН намын мөрийн хөтөлбөр мэргэжлийн хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн. Нөгөө талд эрчим хүчний асуудлыг шийдэхийн тулд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ. Үүнд иргэд дургүй байх нь гарцаагүй. Гэхдээ үүнээс айгаад үйлдэл хийхгүй явбал урт хугацаандаа эрчим хүчний аюулгүй байдал яригдах учраас хэн нэгэн заавал хийх ёстой. Агаарын бохирдлыг бууруулахын тулд эхлээд эрчим хүчний реформыг хийх ёстой. Үүний дараа Улаанбаатар хотын удирдлагууд агаарын бохирдлыг үүсгээд байгаа эх үүсвэрийг бүсчилж бууруулахад хамтрах ёстой. Хэрвээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Хотын дарга ойлгохгүй, хувьчилсан тоглолт хийж попорвол ямар ч үр дүн гарахгүй. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар сонгогдох төлөөлөгчид Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хамтрах мэргэжлийн багийг гаргахгүй бол бид агаарын бохирдолтой тэмцэж чадахгүй.

Нийслэлчүүдийн тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй түгжрэл. Хэдийгээр метроны төсөл хэрэгжихээр болсон ч цаг хугацаа шаардлагатай байгаа. Тиймээс богино, дунд хугацаанд түгжрэлийг бууруулах маш үр дүнтэй арга хэрэгсэл юу бол?

-Хүн бүрийн өдөр тутмын асуудал болсон түгжрэлийг “ том мангас” болгож, үүгээрээ Хотын удирдлагууд мөнгө хийж байна. Өөрөөр хэлбэл, метроны төсөл гаргаж ирсэн. ЖАЙКА-гийн хийсэн метроны төслийн ТЭЗҮ-г бүгдийг нь уншиж судаллаа. Би метроны төслийг дэмждэг. Гэхдээ би хэрвээ Хотын дарга болвол метроны төслийг хойшлуулна. 2041 оноос метро барих хэрэгтэй. Үүнээс өмнө хотын иргэд өндөр бүтээмжтэй болох хэрэгтэй. Манайх шиг орлого багатай хотод өндөр үнэтэй мега төсөл хэрэгжүүлвэл хэн тэнд нь суух вэ. Бид Сөүл, Токио хотын иргэд шиг өндөр бүтээмжтэй амьдарч чадаж байгаа юу. Барьж байгуулсны дараа одоогийн ханшаар 3500-4000 төгрөг дор хаяж төлнө. Үүнийг төлөх чадамж иргэдэд байна уу.

Хотын наад захын суурь үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа хүмүүс энэ том төслийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Урт хугацаандаа эдийн засгийн үр ашигтай байх тооцооллыг бүрэн итгэл үнэмшилтэй гаргаж байж хот метронд хөрөнгө оруулах ёстой. Ийм том төслийг нүүрсээр бартер хийж хэрэгжүүлнэ гэж ярьж байгаадаа ичих хэрэгтэй.

Метро барьчихвал түгжрэл буурна гээд байгаа шүү дээ. 17,7-хон км урттай шугамаар түгжрэл буурахгүй. ЖАЙКА-гийн төсөлд тусгай замын автобусны нэг, хоёр, гуравдугаар замыг дууссаны дараа шийдэх ёстой байсан. Тусгай замын автобусыг Яармагт түгжрэлийн асуудал эхлэхээс өмнө шийдэх боломжтой байсан. 2018 онд энэ төслийг хэрэгжүүлэх баг гарч, санхүүжилтээ аваад ажил эхлэх гэж байхад МАНынхан хамаатан саднаа төслийн баг руу чихсэн. Ингээд төсөл зогссон.

Үүний дараа дүүжин тээврийн төслийг хурдацтай эхлүүлсэн. ЖАЙКА-гийн төслийн дагуу BRТ-ийн төсөл явагдсаны дараа “Амгалангаас-Таван шар” хүртэл метро барьж, хойноос буюу гэр хорооллоос бусад холболтууд хийгдэж дунд оврын автобуснууд явах байсан. Нэгдүгээрт, одоо хийж байгаа зүйл эдийн засгийн хувьд үр ашиггүй. Хоёрдугаарт, түгжрэлийг бууруулахгүй.

Метро хэрэггүй гэвэл түгжрэлийг өөрөөр яаж бууруулах юм бэ?

-Тээврийн шийдэл бол маш тодорхой байдаг. Тээврийн сүлжээнүүдээ зөв үүсгэх, метроны мега төслөө хойшлуулах. BRT болон Tran ашиглах хэрэгтэй. Tran гэдэг бол манайх шиг шигүү хэрнээ хязгаарлагдмал ийм замтай газарт хамгийн зөв шийдэл. Мөн такси үйлчилгээний оролцоог идэвхжүүлэх, явган болон дугуйн замыг холбоно. Одоогийн удирдлагууд дагуул хотуудыг нэмэгдүүлэх саналтай байгаа. Манай нам хотын төвтэй ойрхон шинэчлэл хийж үүнийгээ тээврийн холболтоор шийднэ.

Улаанбаатрын иргэдийн эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх ёстой гэлээ. Тэгвэл ямар гарч байна?

-Улаанбаатар хотын хаана ч эрүүл өсөлттэй бизнес хийж амьдрах боломжтой орон зайг бий болгох ёстой. Манай нам өөрсдийн зарчим, төлөвлөгөөнд иргэдийн ногоон ажлын байрыг нэмэгдүүлэхээр тусгасан. Хотын урсгал зардал дэндүү их байна. Урсгал зардлыг бууруулж иргэдэд олон төрлийн сонголтыг бий болгож өгөх ёстой. Жишээлбэл, түрээсийн болон шилжин дамжин өнгөрөх, ипотекийн зээлээр аль бүсэд хэрхэн яаж амьдарч болох, тээвэр дээр ч гэсэн олон төрлийн сонголтуудыг нэмэгдүүлнэ. Иргэд орлоготой байвал хотын хаанаас ч өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авч болно. Хамгийн гол нь Хотын захиргаа иргэдэд ээлтэй хотыг бий болгох ёстой.

Орон нутгийн сонгуульд манай намаас ихэвчлэн мэргэжлийн хүмүүс нэр дэвшиж байгаа. Сайн мэргэжилтнүүд хамтарч үр дүнтэй ажиллаж байж хот илүү сайхан болно.

2 replies on “Э.Золзаяа: Хотын удирдлагууд түгжрэлийг “том мангас” болгож, мөнгө угааж байна DNN.mn”

ХҮН ийг дэмжиж байгаа. Гэвч энэ хүүхэн муухай харагдаад байгаа юм даа. Энийг орхиод бусдыг нь сонгочих уу.

ARAI ERUUL SETGEJ BNA .HOGIIN MUU ARDIIN NAMIINHAN CH ENE ULSIIG HOTIIG BALLAJ NSAN DAAA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *