Categories
мэдээ цаг-үе

Э.Цэндбаатар: Тулаан болгон хүнд байдаг ч Оки ахтай тулалдахад л үнэхээр хэцүү байсан

“Рио-2016” олимпийн тавдугаар байрын шагналт, боксын улсын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт болсон Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ-д Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалайтай тулалдаж, түрүүлсэн. Аваргын төлөөх хамгийн ширүүн тулааныг та хоёр үзүүллээ?

-Миний хувьд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 кг-ын жинд өгсөж тулалдсан. Мэдээж хэрэг энэ жинд тулалддаг манай улсын шилдэг тамирчин бол Д.Отгондалай ах шүү дээ. Өнгөрсөн зуны “Рио-2016” олимпод Оки ахтайгаа хамт явж, хагас сарын хугацаанд хэн хэнийхээ бэлтгэл сургуулилтыг хангаж, эх орныхоо нэрийг гаргасандаа баяртай байгаа. Энэ хүнтэй анх удаа боксын рингэд тулалдаж, хожсондоо сэтгэл их өндөр байна. Тулаан болгон хүнд байдаг. Тэр дундаа Оки ахтай тулалдахад л үнэхээр хэцүү байсан. Тулалдахаасаа өмнө юу ч бодолгүй гарсан. Зөвхөн өөрийнхөө гаргах тоглолтдоо л анхаарсан. Би энэ хүнтэй яаж тоглох вэ, хэрхэн хожих вэ гэдгээ л бодож байлаа. Тэгээд өөрийнхөө бодсоноор ажиллаж, хөдөлж тулалдсан даа. Тулалдааны явцад Оки ах бид хоёрын зүүн талын хөмсөг задарч цус их гарсан. Их ширүүн тулаан болсон доо.

-Д.Отгондалай гавьяатын тулалдааны онцлог нь юу вэ?

-Оки ах маш хурдан хөдөлгөөнтэй. Хөлний ажиллагаа, хамгаалалт, довтолгоо гээд бүх зүйл нь сайн. Бас их мэдрэмжтэй.

-Боксчин хүний эрхэм чанар юу юм бол?

-Тэсвэр, тэвчээр. Дээр нь хөдөлмөр. Тэвчээртэй, хөдөлмөрч байхад бусад нь болчихно доо. Бусдыг ялахаас илүү өөрийгөө ялж сурах л чухал. Тэгж байж л амжилтад хүрнэ шүү дээ.

-Хэзээнээс боксын спортоор хичээллэх болов?

-Анх 2008 онд Спортын төв ордонд Чөлөөт бөхийн секцэнд орох гэж яваад нагац ахтайгаа санаандгүй таарсан юм. Тэгсэн ах маань “Чи боксын сэкцэнд орохгүй юм уу. Ах нь чамайг шууд оруулаад өгье” гэж хэлж билээ. Ингэж л анх нагац ахынхаа саналаар боксын спортод хөл тавьсан. Мөн Монголын боксын спортын хамгийн анхны олимпийн аварга Э.Бадар-Ууган, мөнгөн медальт П.Сэрдамба ах нарынхаа гаргасан амжилтаар хөглөгдөж, олимпийн медаль хүртэхэд нь монгол хүн гэдгээрээ омогшиж байсан маань энэ спорт руу сэтгэл шулуудан орох шалтгаан болсон.

-Олимпод ч тэр, бусад томоохон тэмцээнд ч тэр танаас илүү санаа зовдог хүн багш тань байсан болов уу. Энэ спортоор хичээллэж эхэлсэн үеэс өдийг хүртэл хамт байгаа боксын анхны багш тань хэн бэ?

-Тэгэлгүй яахав. Намайг өдий зэрэгтэй авч яваа, эрдэнээс илүү үнэтэй сургаалаа хайрладаг, бүх үед хажууд минь байж ирсэн хүн бол Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын боксын есөн удаагийн аварга, одоо долоо дахь жилдээ дасгалжуулагч хийж байгаа Б.Энхтайван багш маань юм. Залуу тамирчдыг өөрийн хүүхэд шиг санаж бүх зүйлийг сайн зааж өгдөг. Багшдаа шавь орсондоо баярлаж явдаг.


Боксын УАШТ-ий аваргын төлөөх тоглолт

-Та анх ямар тэмцээнд оролцож байв. Тэр үеийн сэтгэгдлээ хуваалцвал?

-Би 1996 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Анх Монгол Улсын гавьяат дасгалжуулагч агсан Б.Олзод багшийн нэрэмжит тэмцээнд оролцож, түрүүлж байлаа. Түүнээс хойш өсвөрийн залуучуудын аварга, улсын аварга, нэрэмжит тэмцээнүүдэд оролцож аварга болж байсан. Эхний тэмцээний сэтгэгдэл гэдэг ямар ч тамирчин хүнд чухал юм шиг санагддаг. Анхны тэмцээнд оролцож, рингэн дээр гарахаас өмнө яагаад ч юм сэтгэл санаа их тайван байсан. Одоо ч гэсэн тив, дэлхийн тэмцээнд оролцож, тулалдахаасаа өмнө өөрийгөө зоригжуулж, тайвшруулж чаддаг. Ер нь тэмцээн бүрт өөрийн хэмжээнд амжилттай оролцсон гэж боддог. Баярласан мөч олон бий. Тэмцээнд явж чадаагүй, гомдолтой үлдсэн мөч ч бий. 2015, 2016 оны улсын аварга болчихоод байхад Азийн аварга, Дэлхийн аваргын тэмцээнд явуулаагүйд миний хувьд гомдолтой үлдсэн.

-Өмнө нь ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-2012 онд хүүхдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Мөн 2013 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 2013 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн. 2014 онд боксын дүрэм шинэчлэгдэж насанд хүрэгчдийн тэмцээнд 19 наснаас дээш насны тамирчид оролцоно гэж заалт гарснаар миний нас хүрэхгүй, тэмцээндээ оролцоогүй. Харин өнгөрсөн жил Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон олимпийн эрхийн төлөөх тэмцээнд Гватемала улсын Р.Донисыг 3:0-ээр ялж, олимпийн эрхээ авсан.

-Анхны олимпдоо амжилттай оролцож, медалийн төлөөх тулаан хийсэн. Тухайн үед манай боксчдын сүүлчийн найдвар та байлаа шүү дээ. Ер нь олимпийн ринг хатуу байсан уу?

-“Рио-2016” олимпод арван есөн настайдаа оролцсоноороо их бахархдаг. Анх Рио де Жанейро хотод очиход уур амьсгал, цагийн зөрүү гээд юм бүхэн надад тохироогүй. Гэхдээ хэд хоног бэлтгэл сургуулилтаа орчиндоо тохируулж хийсээр овоо гайгүй болсон. Эхний тулаанаа Кенийн тамирчинтай хийж, 3:2 харьцаагаар ялсан. Би их тайван байсан. Бэлтгэл ч сайн байлаа. Дараагийн тулаанаа дэлхийн аваргын хүрэл медальтай Беларусийн тамирчинтай хийж, хожсон. Харин хүрэл медалийн төлөөх Америкийн тамирчинтай хийсэн тулаан хүнд болсон. Тухайн үед надаас бусад нь тэмцээндээ оролцож, тулаанаа хийчихсэн байв. Хамгийн сүүлд миний тулаан үлдчихсэн болохоор бүх хүний анхаарал миний тулаан дээр төвлөрчихсөн байлаа. Ойр дотнын хүмүүс маань “За одоо медалийн төлөөх тоглолтууд үлдлээ. Энэ тулаанд л хамаг хүчээ гаргаж сайн тоглоно шүү” гэж хэлсэн. Ингэж хүн болгоны анхаарлын төвд байх чинь ёстой хэцүү юм билээ. Хүрэл медалийн төлөөх тулаанд Америкийн тамирчинг ялах бүрэн боломжтой байсан. Гэвч тэр боломжоо ашиглаж чадаагүй. Шийдсэн зүйлүүдээ л хийсэн. Гэхдээ нэг л болж өгөөгүй. Магадгүй туршлага дутсан болов уу. Гэхдээ би тэндээс медальгүй ч гэлээ, их том юмтай ирсэн. Тэр бол бэлтгэлээ сайн хийе, цаашид хичээе гэсэн том урам зориг. Яаж ажиллах вэ гэдэг талаар дотроо бодож ирсэн зүйлүүд байгаа. Цаашдаа туршлагажиж илүү их хичээх болно. Миний зорилго том, хүрэхэд тийм ч хол биш гэж боддог.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *