Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Э.Цолмон: Иргэний боловсролын хичээлийн агуулгаас өөрийгөө дөвийлгөх, бусдыг ялгаварлан гадуурхах үзэл харагдаж байна DNN.mn

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь Хөтөлбөрийн газрын Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмонтой ярилцлаа.


-Хүүхдийг “Ивээх Сан”-гийн зүгээс иргэний боловсролыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн нь бидний сонирхлыг татаж байна. Та төслөө товч танилцуулна уу.

-Монгол Улс Үндсэн хуульдаа улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож байгаа улс болохоо зарласнаас хойш өдгөө 31 жил улирч байна. Бид 2020-2022 онд “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг хот хөдөөд хоёр жилийн хугацаатай, судлаачид, иргэний нийгмийн нөхөдтэйгөө хамтран сурагч, оюутнуудыг оролцуулан хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд, ардчилсан засаглал, иргэдийн оролцооны талаар зааж буй иргэний боловсрол, нийгмийн ухааны хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд шинжилгээ хийж, ардчиллын талаарх ойлголтын талаар өсвөр үеийнхэн, залуучуудын дунд судалгаа хийсний үр дүнд залуучууд ардчилсан үнэт зүйлсийг өөрсдөөсөө хол биш илүү ойроор хүлээж авахыг бид дэмжих хэрэгтэй нь харагдсан юм. Иргэд ардчиллын үнэт зүйлсийн талаар мэдлэгтэй байх тусам оролцоотой байна. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын тулд оролцоогоо нэмэгдүүлж, хяналтаа сайжруулах ёстой. Иргэдийн оролцоо нь ардчилсан засаглалыг хамгаалах, хөгжүүлэх гол тулгуур учраас иргэний боловсролд ардчиллын үнэт зүйлсийн талаарх агуулга чухал байдаг.

-Та сая сурах бичгийн агуулгын судалгаа хийгдсэн талаар дурдлаа. Үүний үр дүн ямар байна вэ?

-Бид төслийнхөө хүрээнд иргэн болохуйд бэлтгэх агуулга талаас нь сурах бичгийн агуулгыг судлаач, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран шинжилсэн.

Иргэний боловсролын агуулгаар дамжуулан уламжлал, зан заншил гэсэн агуулгаар хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхсан ойлголтыг хүүхдэд улам бэхжүүлж хоногшуулах, хүйс, нийгмийн байдал, үндэс угсаа, арьсны өнгө, мэргэжил зэргээр ялгаварлан гадуурхах нь хэвийн гэсэн ойлголтыг түгээх сөрөг үр дагавар ажиглагдаж байсан. Мөн түүхэн тайлбарыг хийхдээ шовинист буюу бусдаас өөрийгөө дөвийлгөх үзэл шингэсэн төдийгүй эх оронч байх гэсэн ойлголтын цаана бусад үндэстнээс аугаа, илүү гэсэн санаа давхар агуулж байгааг анхаарвал зохих талаар манай судалгааны баг маань зөвлөмждөө тусгасан. Жендэрийн мэдрэмж, түүнийт тэнцвэртэй байдлыг хангах, жендэрийн эрх тэгш байдлыг зөвхөн хоёр хүйсээр илэрхийлж байгаа нь нийгмийн ялгаатай, цөөнх бүлгийг хүлээн зөвшөөрөх хандлагыг төлөвшүүлэхэд учир дутагдалтай. Сурах бичгийн агуулгыг хүний эрхийн өнцгөөс нягтлан харахад тэгш байдлыг хангах, үл ялгаварлах, иргэний оролцоо, эгэх хариуцлагын талаар цогц, уялдаа холбоотой, өргөн хүрээг хамарч, иргэний нийгэм, төрийн байгууламж, мөн хувийн хэвшлийн үр нөлөөг тэнцвэртэй, түншлэгч байдлаар дүрслэн үзүүлэх шаардлага нийтлэгээр харагдаж байна. Сурах бичгийн агуулга нь багшид суралцагчидтай харилцах, тэдний суралцаж байгааг удирдан чиглүүлэхийн хамт сургалтын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ажиллахад удирдлага болдог. Сурах бичгийг сургалтын стандарт, хөтөлбөрөөс шалтгаалан өөрчлөх, эсвэл хэвлэхгүй хоцроох, нэг бол багшийн арга зүйг заагаагүй үед хэвлэн тараах нь сөрөг үр дагавартай бөгөөд суралцагчийн зүгээс сурах бичигтэй байсан ч агуулгыг бүрэн ойлгохгүй байх нөхцөл бүрддэгийг бас судлаачид маань дурдсан байгаа.

-Иргэний боловсролыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын чиг хандлага ямар байдаг юм бэ?

-Олон улсын туршлагаас үзэхэд тухайн улсын зүгээс өөрийн үндэстний амин чанарт тулгуурлан дэлхий дээр амьдрах хүн төрөлхтний идэвхтэй гишүүн байхын тулд суралцагчдын үйл хэрэг болгох чадамжийг тусгайлан анхаардаг. НҮБ, Европын зөвлөлийн хүний эрхийн боловсрол, ардчиллын боловсрол, иргэний боловсролын агуулгын хүрээг чадамжаар нь дараах байдлаар илэрхийлж байгаа нийтлэг хандлага байна.

Үүнд: 1. Хүмүүс хоорондын харилцааны ур чадвар: Харилцааны ур чадвар, зохион байгуулах ур чадвар, багаар ажиллах, хамтрах, нийгэмтэй харьцах, хамтран амьдрах, нинжин сэтгэл, хичээл зүтгэл гэж юу болох, яагаад чухал болох; 2. Хувь хүний ур чадвар: Өөрийн хүмүүжил, бие даан сурах чадвар, уян хатан, дасан зохицохуй, өөрийгөө мэдэх,тууштай байдал, өөрийгөө сэдэлжүүлэх, идэвх чармайлт гэж юу болох, яагаад чухал болох, өөрийн хүндлэл, чигч байдал/integrity; 3. Шүүн тунгаах, шинийг санаачлах сэтгэлгээ: Бүтээлч байдал, энтерпренер сэтгэлгээ, эх сурвалжтай харьцах, хэрэглээний ур чадвар, эргэцүүлэх сэтгэлгээ, үндэслэлтэйгээр шийдвэр гаргах; 4. Мэдээлэл, харилцаанд нэвтэрсэн байдал: Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ёс зүйтэй хэрэглэх, мэдээлэл, медиа агуулгыг шүүн тунгаах чадвар, мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан мэдээлэл авах, задлан шинжлэх чадвар; 5. Иргэний боловсрол: Өөрийгөө мэддэг байх, нээлттэй байх, ялгаатай байдлыг хүлцэн тэвчих, хүндэтгэх, зөрчилдөөнийг шийдвэрлэх хариуцлага, ур чадвар, ёс зүйн болон соёл хоорондын ойлголттой байх, ардчилсан оролцоо, эх дэлхий байгаль орчноо хайрлах/хүндэтгэх болон үндэсний амин чанар бөгөөд хамаарал, ижилсэхээ мэдрэх мэдрэмжийн асуудал, 6. Бусад: Эрүүл амьдралын хэв маягийг таашаах, шашны үнэт зүйлсийг хүндэтгэх зэрэг чадамжуудыг ерөнхий агуулгад оруулах чиглэлтэй байна.

-Хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинжлэхээс гадна хүүхдүүдийн ойлголт хандлагыг бас тодруулсан юм байна. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Иргэний ёс зүйн боловсрол, нийгмийн ухааны хичээлээр ардчиллын тухай ойлголтыг залуучууд хэрхэн олж авдаг вэ, хичээлээр авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж чаддаг уу, төрийн байгууллага болон ардчиллын үйл явцад залуус оролцохдоо ардчилсан үнэмшлээ ашиглаж чадаж байна уу? Эдгээр асуултад илүү оновчтой хариулт олж авсанаар ардчиллын талаарх залуусын өнөөгийн түвшнийг үнэлж цэгнэх боломжтой. Судалгаанаас үзэхэд, ардчилал, түүний үнэт зүйлсийн талаар эерэг бодолтой буюу ардчилал нь тэдний өнөөдрийн болон ирээдүйн амьдралд маш чухал нөлөөтэй зүйл гэж олонхи, залуус үзэж байна. Залуучууд ардчилал, ардчиллын үнэт зүйлсийг мөнгө, эдийн засгийн боломж зэргээс илүү ач холбогдол өгч үнэлж байна. Мөн Монгол Улс ардчилсан улс байж хөгжих нь үнэт зүйл мөн гэж тэдний 83.6 хувь нь хариулжээ Залуучууд хүний эрхийг дээдлэх, хуулиар баталгаажуулах, нийгэмд хүн бүр хүний эрхийг дээдлэн, тэгш эрхтэй байх, иргэний үүргээ ухамсартай биелүүлэх, хэн нэгнийг шашин шүтлэг, гарал үүсэл, нийгмийн байдлаар нь ялгаварлахгүй байх, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүүхэд залуучууд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, төрийн байгууллагад өөрийн дуу хоолойг хүргэх зэрэг ардчиллын тулгуур ойлголтын талаар зөв үнэлэмж, эерэг бодолтой байна. Гэвч ардчилал, түүний үнэт зүйлийн талаарх онолын ерөнхий мэдлэг, ойлголтыг өнгөн талдаа хүлээн зөвшөөрч, дэмжихийг илэрхийлж буй боловч тухайн ойлголтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх, уламжлалт зан заншил, ёс суртахуун зэргээс ялгаж ойлгох байдал тааруу байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл уламжлалт байдлаар тэдэнд болон нийгэмд өвлөгдөн ирсэн зан үйл, заншил, хэв маягийг эрхзүйгээр баталгаажиж, дэлхийн хүн төрөлхтний хэмжээнд хүлээн зөвшөөрсөн ардчиллын үнэт зүйлстэй хольж ойлгох байдал ажиглагдаж байв. Өсвөр үеийнхэн маань ардчилсан сонгуулиар төр, засгийн байгууллагыг сонгож байгуулахын чухлыг ухамсарладаг хэдий ч тэдгээр байгууллагын үйл ажиллагаа, иргэдийн өмнө хүлээх үүрэг, иргэн хүн хэрхэн оролцож, санал бодлоо илэрхийлж ажиллах тухайд мэдлэг, ойлголт, практикт чадвар дутмаг байна. Ялангуяа залуучууд, иргэдэд хамгийн ойр байх ёстой нутгийн удирдлагын байгууллага ИТХ, ИНХ-ын талаар ойлголт төсөөлөл муу байгаа нь харагдаж байна. Залуучууд сонгуульд оролцох нь чухал гэж дүгнэж байгаа хэдий ч улс төрийн намын үүрэг хариуцлага, мөрийн хөтөлбөр зэргийн талаар ойлголт төсөөлөл тааруу, зөвхөн нэр дэвшигчийг хувь хүнийх нь чадвар, туршлагыг нь эрхэмлэж сонгоно гэсэн өрөөсгөл хандлага харагдаж байна. Сурагчид ардчилал, түүний үнэт зүйлсийн тухай мэдлэгийг ихэвчлэн сурах бичгийн хэмжээнд, онолын ойлголтын хүрээнд дунд зэргийн мэдлэг олж авдаг гэсэн байдлаар хариулжээ. Иргэний боловсролын сургалтын нэмэлт материалын хүрэлцээ хангалтгүй, эндээс орчин үеийн ойлголт, мэдлэгийг тааруу олж авдаг гэж дүгнэсэн байна. Залуучууд ардчиллын тухай мэдлэгийг ихэвчлэн хичээлээс болон интернэт, вэб сайт зэрэг цахим орчноос олж авдаг байна. Хүүхэд, залуучууд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгэмд хувь хүн төлөвших хамгийн чухал дадал юм. Гэвч тэдний томчуулд тавьсан асуудал шийдэгддэггүй (үр дүнгүй), тэдэнтэй харьцах арга замаа сайн олдоггүй зэргээс шалтгаалж, зарим талаар багш, сургуулийн захиргаанаас эмээдэг (нээлттэй биш) бэрхшээлээс болж хүүхдүүд сургуулийн орчинд асуудлаа шийдвэрлэхээс төвөгшөөдөг тал нийтлэг ажиглагдав. Боловсролын хөтөлбөр боловсруулалт дээр манай төрийн байгууллагууд, их дээд сургуулиуд, судлаачид, ОУБ-ууд, ИНБ бүх талаасаа судалж ажиллаж байгаа нь сайшаалтай. Олон ургальч үзэл хандлага, нотолгоонд суурилсан арга зүй, агуулга дээр хамтран ажиллавал цаашид улам боловсронгуй болох болов уу. Бид сурагч оюутнуудынхаа бие даах чадвар, иргэн болохуйн боловсролыг олгох маань нийгмийн сайн сайхан байдал, хүний эрх, хариуцлага, оролцоотой нийгмийн гишүүн болж амьдрахад дэмжлэг үзүүлэх байдлаар хөтөлбөр цаашид шинэчлэгдэн боловсронгуй болно гэж итгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *