БЗД-ээс НИТХ-ын 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамиртай ярилцлаа.
-Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа маргааш дуусч байна. Таны хувьд нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Баязүрх дүүрэг хүн ам ихтэйгээс гадна гэр хорооллын бүс. Гэр хороололд өнөөдөр тулгамдаж буй асуудал ямар байгаа нь ойлгомжтой. Таны хувьд нэн тэргүүнд шийдэх асуудал юу гэж харж байна?
-Манай дүүрэг хүн амын нягтаршил, төлөвлөлт бүтээн байгуулалт талаасаа ч Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон хамгийн том дүүрэг. Харамсалтай нь нэрийн хуудас гэдэг үнэ цэнээ харуулж чадаж байна уу гэдэг өөрөө асуудал болчихоод байна.
-Хотын үнэ цэнэ юунд оршдог юм бэ?
-Хотын үнэ цэнэ иргэдийн орлогын түвшин, тэдний худалдан авах чадвар түүнийгээ дагаад тэр хэмжээний чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ бусад нийгмийн авах ёстой олон үйлчилгээг авч чадаж байна уу, хүүхдэд хэр ээлтэй хот бэ гэх мэт чухал үзүүлэлтүүдийг хэр хангадаг вэ гэдэгт оршино.
-Улаанбаатар хот ялангуяа таны нэр дэвшиж буй Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй асуудал юу байна?
-Улаанбаатар гэж нэг л хот байна. Харамсалтай нь Зайсангийн, гэр хорооллын гүүрний наана цаана гээд хуваагдчихсан дүр төрхтэй олон жил болчихлоо. Ийм алагчилсан байдлыг мэдээж иргэд оршин суугчид үүсгээгүй бас хүсээгүй, төр өөрөө буруу төлөвлөлт бүтээн байгуулалтаараа үүсгэчихлээ.
-Одоо бид яах ёстой вэ?
-Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын бүсдээ илүү их бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн зорилготойгоор энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Хотод байвал зохих бүх бүтээн байгуулалтыг бид гэр хороолоолд хийхээр зорьж байгаа.
-Гэмт хэрэг зөрчлийн нэлээд хувь нь гэр хорооллын орчимд үйлдэгдсэн статистик байдаг?
-Тийм. Тэгэхээр миний өөрийн дэвшиж буй гэр хорооллын бүс орчмыг илүү аюулгүй бас тохь тухтай болгох шаардлага байгааг таны энэ асуулт статистик батлаад байгаа юм. Гэрэлтүүлэг зам харгуй дахин шинээр нэмж төлөвлөх шаардлагатайгаас гадна хүмүүсийн оюун санаанд тулж ажиллах шаардлага бас байна.
-Та хүүхдийн боловсролын асуудлыг нэлээд чухалчилдаг юм шиг санагдсан?
-Манай тойрогт цэцэрлэг сургуулийн хүртээмж мөн таны хэлсэн гэр хорооллын бүсийг илүү аюулгүй бас цэвэрхэн тохь тухтай байх талаас нь төлөвлөж хийх ажлууд их байна. Ер нь бид өдөр тутмын амьдрал ахуйдаа түүртээд үр хүүхдүүдийн өсөж торниж байгаа орчин ямар байна гэдгийг төдийлөн анхаарч чаддаггүй орхигдуулаад байгаа нийтлэг дүр зураг байна. Энэ их эмзэг асуудал болж хувирлаа.Их аймаар аймаар хэргүүд гарч сэтгэл сэртхийлгэх боллоо.Үүний эсрэг энэ гэмт хэрэг зөрчлийг бууруулахад бидний оролцоо хаа хаанаа маш чухал байна.
-Бууруулах ямар гарц байна гэж та харж байна?
-Аливаа асуудал ерөөсөө энгийн дээ. Бүх шатандаа бид хамгийн түрүүнд сэтгэлгээ хандлага гээч зүйлээ өөрчлөх хэрэгтэй байна. Энэ чиглэлд сургалт сурталчилгаа хийж айл өрхөөр нь хамарсан арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй. Төрийн зүгээс бид иргэдээ ялангуяа ирээдүй болсон үр хүүхдүүдээ аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх тэр боломж нөхцөлийг сайтар бүрдүүлж өгмөөр байна.
-Та чинь бүтээн байгуулалт талдаа мэргэшсэн хүн байх аа?
-Би сүүлийн арав гаруй жил нь энэ хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа. Одоо энэ бүтээн байгуулалтын ажлыг орхигдсон газруудад хийх хүсэл зорилго их байна.Хүн чинь дандаа ахиж дэвшиж байдаг хойно доо. Би өөрийгөө сайхан сайхан өндөр хорооллууд сүндэрлүүлсэн бол болоо гэж огт боддоггүй.Энэ шигээ өндөр өндөр барилгуудыг өөрийн Баянзүрх дүүрэгт барих юмсан гэсэн бодол байгаад байдаг юм.
-Та түрүүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг онцгойлон дурдаад байсан?
-Цэцэрлэгийн асуудал дээр дан ганц цэцэрлэг барих биш, хурдан, хямд төсвөөр шийдэж болох өдөр өнжүүлэх төв, хүүхэд харах үйлчилгээг хурдан нэвтрүүлэхэд чиглэж ажиллавал үр дүнд хүрнэ. Мөн цэцэрлэг, сургуулийг зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэж байж бид нөгөө алагчилалгүй тэгш гараанаас хүүхдүүдээ мэдлэг олж авах эрхээр нь хангах юм. Хөөрхий хүүхдүүд маань энэ эрхээ эдэлж чадахгүй л байна шүү дээ. Өөрийн мэдэлгүй л эдийн засгийн эрх чөлөө, нийгмийн ялгаварлалтай төрийн буруу бодлогоос болж энэ олон үрс маань хохирч байгааг харахад эцэг хүний хувьд сэтгэл өвдөнө шүү дээ.
-Хүүхдийн асуудлыг хөндөж ярьдаг нэр дэвшигчтэй ярилцсандаа би бас их олзуурхаж байна. Та өөрөө хүүхэд байхаасаа л чигч тэмүүлэлтэй байсан тухай би таны пэйж хуудаснаас олж мэдсэн л дээ.
-Ганцхан Монгол ч биш бүх орны хүүхдүүд тухайн нийгэм цаг үеэсээ хамаараад өөр өөр байх нь мэдээж. Жишээ нь би соц үеийн хүүхэд. Сонголт ховор цагийн гэртээ хичээлээ л хийдэг тийм л хүүхэд байв. Одоо бидний хүүхдүүд сонголт дундуур төөрч байна шүү дээ. Энэ бол Ардчиллын хамгийн том ололт, яривал зөндөө зүйл бий. Энэ их эрх чөлөөг эвдэхгүйгээр бүр төгөлдөржүүлээд аваад явчих тийм ирээдүйн хариуцлагыг би болон бидний үр хүүхдүүд хүлээж байгаа нь бас их гоё.
-Сонгуулийн яриандаа эргээд оръё. Нийслэлийн иргэдийн төлөөлөл хүн ямар байх ёстой гэж та харж байна?
-Ерөөсөө иргэддээ үйлчилдэг нэг үйлчилгээний ажилтан л гэж ойлгодог. Төр, иргэн хоёрын хоорондын харилцаа асуудлыг шийдвэрлэх гүүр л юм даа. Сагсан бөмбөгөөр бол холбон тоглогч юм уу.
-Та хэр сайн холбон тоглогч байж чадах вэ?
-Холбоод гүйхээс өөр сонголт алга байна шүү дээ. Нөгөө таны оролцоогүй үүссэн асуудал бэрхшээлээ та өөрийн оролцоотойгоор зөв шийдвэрлэ гэдэг биз дээ. Би хотоо өнгөтэй өөдтэй байлгаж, иргэдээ орлоготой баян чинээлэг амьдруулахгүй юм бол өөр хэн хийх билээ.
-Өөртөө итгэлтэй байдал ханхалж байна…
-Өөртөө итгэж л энэ том өрсөлдөөнд оролцоно.
-Та ярилцлага эхлэхээс өмнө хүмүүсийг орлоготой болгох хэрэгтэй байна гэсэн?
-Бид энэ их бүтээн байгуулалт төлөвлөлтийг хүндээ зориулж л хийж байгаа. Энэ ашиг шимийг хүртэх иргэд маань бүгд орлоготой баян чинээлэг байж эзэн сууж амьдарна шүү дээ. Тэгэхээр нэн тэргүүнд бид иргэдээ орлогожуулах талын ажлыг системтэй хийж л таарна.
-Нийтийн тээврийн асуудалд таны байр суурийг сонсмоор байна…
-Нийтийн тээврийн салбарт хувьсгал хийж шинэчлэлийг бий болгох бол хамгийн сонгодог зөв гарц шийдэл гэж би үздэг.
Д.ГЭРЭЛ