Хөгжлийн банкны зээлдэгч “Кью-Эс-Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир мэдээлэл хийлээ. Тус компани “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр эзэмшдэг ажээ.
“Кью-Эс-Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир мэдээллэхдээ “Нэгдүгээрт, Манай компанид хамаарах Хөгжлийн банкны зээл Засгийн газарт шилжсэн хэвээр байгаа. Ийм байтал УЕП-оос 2020 онд манай компанийг шүүхэд өгсөн байдаг. Бид Хөгжлийн банкны зээлээ хуваарь гаргаад төлөөд явъя, боломжтой гэдэг саналуудаа ч тавьж ирсэн. Гэтэл дахиад УДШ-ээс манай компанийг Хөгжлийн банкны зээлээ төл гэсэн шийдвэрийг гаргасан. Бидний хувьд зээлийг Засгийн газарт шилжүүлсэн тогтоолыг хүчингүй болгоод, өөрсдөө төлөөд явахад бэлэн гэдгээ илэрхийлсээр байгаа. Гэвч үүнийг харгалзан үзэхгүй байна.
Хоёрдугаарт, Бид Концессын гэрээний хүрээнд хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Түүний нэг нь, Хандгайт төмөртэйн төмөр замын төсөл. Бид амжилттай барьж дуусгаад Улсын комисст хүлээлгэн өгсөн. Гол нь, анх барих, ашиглах, шилжүүлэх гэрээ байгуулсан байснаа Засгийн газар өөрөө санал тавьж, барих, шилжүүлэх болгож өөрчилсөн. Төрийн өмчит компани нь өөрөө төмөр замын суурь бүтэцгүй байна. Иймд энэ төмөр замыг хүлээж авъя гэдэг байр суурь илэрхийлж байсан.
Хоёр дахь нь, автозамын төсөл. Анх төмрийн хүдэр тээвэрлэх зориулалттай хүнд даацын хатуу хучилттай зам барих байсан. Гэтэл төмөр зам баригдчихсан тул шаардлагагүй гэдэг байр суурийг бид илэрхийлсэн. Харин Засгийн газар орон нутагт хэрэгтэй тул энэ замаа барь, хатуу хучилттай болгоод, гэрээгээ барих шилжүүлэх болгож өөрчил гэж мөн тогтоол гаргасан. Бид мөн энэ төслөө шаардлагын дагуу хэрэгжүүлж, амжилттай дуусгасан. Манай компани бүх асуудлаар шалгуулахаас татгалздаггүй. Гэтэл эцэс төгсгөлгүй, дуусдаггүй олон шалгалтууд явагдаж байна. Манайхыг бүх байгууллагууд ирж шалгасан.
Гуравдугаарт, Хэд хоногийн өмнө Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат маш олон худал мэдээлэл хийсэн. Түүнд нь: Хөрөнгө оруулалт хийсэн гэж хий бичилт хийсэн гэсэн. Энэ худал мэдээлэл. 60 сая ам.долларын хөрөнгө оруулат хийсэн байдаг, шалгасан бүх хууль, хяналтын байгууллагууд бүгд баталгаажуулсан байгаа. Мөн Концессын гэрээнд нэг ч төгрөг төлөөгүй гэсэн байна лээ. Манайх 63.8 тэрбум төгрөгийг төлж байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрчлөгдөөгүй гэсэн, эсрэгээрээ борлуулалт болон улсад төлдөг татвар нь 10 дахин нэмэгдсэн шүү дээ. Концессын төрөл өөрчилж болдоггүй, хуулиар хориотой гэсэн. Хуулийн дагуу өөрчлөлт ороод явсан. Хөгжлийн банк хоёр удаа санхүүжүүлсэн гэдэг маш буруу ойлголт өгөөд байна. Ингэх боломжгүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 1457 хүн ажилладаг. 3000 гаруй гэж худал ярьсан. Цалин 700 мянга гэж гүжирдсэн, 1.7 сая байгаа. Манай ажилчдаас асууж болно.
Эцэст нь дөрөвдүгээрт, Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат тус компанид холбогдох хэд хэдэн мэдээлэл дэлгэснийг би өөрийн биеэр худал хэмээн үзэж буйгаа илэрхийлмээр байна. Иймд энэ мэт худал мэдээлэл цацсан Ү.Амарбат гэж хүнийг шүүхэд өгч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Дээрээс нь, Хөгжлийн банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа байгууллагыг шалгахдаа үйл ажиллагааг нь зогсоож, дансуудыг нь хааж, орлогын эх үүсвэрүүдийг нь зогсоож байна. Хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр шалгаж болдоггүй юм уу. Валют олдохгүй байхад хоёр сар данс хааж, борлуулалт таслан зогсоолоо. Гүтгэлэг хийж, харлуулж ярих нь ямар ашигтай юм бэ” хэмээн мэдэгдсэн юм.