Categories
мэдээ цаг-үе

Э.Сарантогосыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

БНСУ-д суух элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Тэрбээр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус шинээр томилохоор тусгасан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр мэдэгдэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Сү.Батболд, Н.Энхболд нар асуулт асууж, үг хэлэхийн сацуу нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ингээд Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудал хэлэлцлээ

Хуралдааны эхэнд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудал хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хийв. Тэрбээр, “Монгол Улс 1996 онд “Озоны үө давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-д нэгдэн орж, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үө шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Хөргөлт, агааржуулалтын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэдэг озоны давхаргад нэн халтай буюу озон задлах чадвар өндөртэй хлортфтортнүүрстөрөгч төрлийн бодис болох фрөоны үйлдвэрлэл, хэрэглээг өнөө үөд 99 хувь хэрэглээнээс гаргаад байна.

Дэлхий дахины хэмжээнд 2006 оноос хойш өмнөх үеийн хлорфтортнүүрстөрөгчийн төрлийн бодистой харьцуулахад озон задлах чадвар арай багатай гидрохлорт-фтортнүүрстөрөгч, хүлэмжийн хийн нэг төрөл гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг хөргөлт, агааржуулаптын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэх болсон.

Гэвч гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд нь нөгөө талаар Дэлхийн дулааралд үлэмж хэмжээгээр нөлөөтэй учраас тэдгээрийн хэрэглээг аажмаар бууруулах асуудлыг дэлхийн улс орнууд хэлэлцэн 2016 оны 10 дугаар сарын 15-нд Руанда Улсын Кигали хотноо болсон Монреалийн протоколын ээлжит 28 дугаар хуралдаанаар Оролцогч тал Улсууд тохиролцоонд хүрч ”Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”д нэмэлт оруулж “Кигалийн нэмэлт, өөрчлөлт”-ийг баталсан.

Гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд дотроос автомашины агааржуулалтад өргөн хэмжээтэй хэрэглэдэг зөвхөн ГФН-134а бодис, хөргөлтийн зориулалтаар түгээмэл хэрэглэдэг В-404А бодис зэрэг нь нүүрсхүчлийн хийтэй харьцуулахад 3-6 мянга дахин хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 2045 он хүртэл 80-85 хувиар бууруулснаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хүргэхээс сэргийлэх зорилготой Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, тэдгээрийн хэрэглээг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлэх үндсэн суурь болно.

Өнөөгийн байдлаар дэлхийн 126 улс орон энэхүү “Монрөалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн ороод байгаа бөгөөд манай улс нэгдэн орох нь улс орнуудад шинэ дэвшилтэт технологи нэвтрэх, байгаль орчинд аюулгүй бодисын хэрэглээг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарлыг бууруулахад үзүүлэх нэг чухал алхам гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байгаа аж. Ийм учраас Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ ханган дэлхийн дулаарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Кигалын нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг соёрхон батлах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн барьсан болно гэв.

Үргэлжлүүлэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд /кигалийн/ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцөх, хэлэлцүүлэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлы гишүүн Ш.Адьшаа танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд /Кигалийн/ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцөх, хэлэлцүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасны дагуу Хууль зүйн байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд /Кигалийн/ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Их Хурал соёрхон батлаагүй тохиолдолд үүсэх үр дагаврын талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр озон задалдаг бодис болон дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис, тэдгээрийг орлуулах бодисыг юүлэх, дахин боловсруулах, тоног төхөөрөмжийг цэнэглэх зэрэг засвар, үйлчилгээг мэргэшсэн тусгай эрхтэй байгууллага үзүүлэх зохицуулалтыг тусгаснаар тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хэрхэн уялдах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг хориглосноор хөргөлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа цаашид хэрхэн явуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтад 7 метрээс дээш барилга байгууламжид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх зохицуулалтыг тусгасан бөгөөд үүнд одоогийн баригдаж байгаа барилга, байгууламж хамаарах эсэх талаар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан олон улсын гэрээ, протоколд нэгдсэнээр тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлдэг жишиг тогтсон талаар саналаа илэрхийлсэн болно.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд /Кигалийн/ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэн болно гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, тодруулга авсны дараа Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудал хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувийн саналаар батлагдлаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *