Монголын волейболын спортын сонин хачны талаар “Тэнүүн Огоо” спорт клубын тамирчин ОУХМ Э.Сайханбаатартай ярилцлаа.
-Өсвөрийн шигшээ багийн тамирчид клубын түвшний тэмцээнд тун амжилттай оролцсон. Монголын залуу волейболчдын чадвар ахихад ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?
-Юутай ч нэгдүгээрт өсвөрийн тамирчдын нуруу харьцангуй өндөр болсон. Хоёрдугаарт интернэтээр харж, үзэж сурах юм ихтэй болж, дэлхийн шилдэг тамирчид мөн Монголын шигшээ багийн тоглогчдын техник, тоглолтын ур чадварыг нүдээрээ үзэж байгаа болохоор маш хурдтай ахиц гаргаж байна. Хамгийн гол үзүүлэлт нь нуруулаг болсон.
-Та Солонгосын багт таван жил тоглосон. Сурч мэдсэн зүйлээ хүүхэд залууст зааж сургахаар Монголдоо ирсэн гэдэг. Өөрийн нээсэн “Ирээдүй” клубын талаар яриач?
-Би Монголдоо ирэхдээ бэртэлтэй байсан учраас ажил төрөл хийгээгүй. 2014 онд хөл дээрээ боссоныхоо дараа Азийн клубт тоглох боломж олдоод бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Ээж маань багш, дасгалжуулагч ОУХМ Б.Уранчимэг гээд хүн бий. Ээжтэйгээ хамтраад клуб байгуулсан. Ингээд мэддэг чаддаг зүйлээ хүүхэд багачуудад зааж эхэлсэн юм. Би Солонгост таван жил волейболын багт тоглох хугацаандаа нэг их юм мэдэж гийгүүлээгүй ч бэлтгэлийн диктатур, зөв техникийг хүүхэд залууст зааж сургая гэж бодсон. Ээжтэйгээ хамтраад, аав минь туслаад анх “Ирээдүй” клубыг байгуулж байлаа. Солонгос руу буцаагүй шалтгаан гэвэл нэгдүгээрт тэнд хүнд бэртэл авч, жаахан айдастай болсон юм. Дараа нь дахин тоглооч гэсэн санал ирэхэд нь яваагүй. Монголдоо үлдээд аав, ээжтэйгээ гурвуулаа сургалт хийе гэсэн зорилготой байгаа.
-Энэ сургалтанд хүүхдүүд хэрхэн элсэх вэ? Насны ангилал байгаа юу?
-Манай клуб эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалтай явагддаг юм. Эмэгтэй нь ээж, аав хоёртой хамт хичээллэдэг. Мөн анхан дунд гэсэн ангилалтай. Эрэгтэй тамирчид анхан шатнаасаа дунд шатанд, дунд шат нь дээшээ “Ирээдүй” клуб рүү ордог. Манай клубын тамирчдын хамгийн анхны тэмцээн Монголын залуучуудын холбооноос зохиогддог “Д” зэрэглэлийн тэмцээн юм. Одоогоор “Тэнүүн огоо” кап мөн залуучуудын улсын аваргад оролцож, чамгүй амжилт үзүүлсэн. Манай клубт насны хязгаар байхгүй.
-Монголын дээд лигийн тамирчид клубээсээ цалинжаад бэлтгэл сургуулилтаа хийгээд тоглох боломж бий юу?
-Тамирчид тус тусын байгууллага, клубүүдэд харьяалагдаж байгаа. Тодорхой хэмжээний цалин авч байгаа. Гэхдээ цалингийн хэмжээ тийм ч өндөр биш гэж бодож байна.
-Энэ жил манай улсад Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Манай улсын шигшээ дөрөвдүгээр байр эзэлсэн. Зарим хүмүүс медаль хүртэх боломжтой байсан гэж ярьж байна. Үнэхээр тийм боломж байсан уу?
-Медаль авах бүрэн боломж байсан гэж хэлэх үү дээ. Гэхдээ юуг нь нууж хаахав. Волейболын спорт гэдгийг мэдэх хүмүүс нь мэдээд, мэдэхгүй нэг нь монголчууд бүрэн боломжтой байж медаль авч чадсангүй гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн. Тамирчид бид яаж бэлтгэл сургуулилт хийж байгаа билээ. Хорин жил бэлтгэл хийж байгаа, хоёр сар бэлтгэл хийж байгаа хүмүүсийн хооронд асар их ялгаатай. Бид хоёр сар бэлтгэл хийх үедээ яг байрлаад, волейболдоо анхаарлаа хандуулж байгаа бол хамаа алга. Бид хажуугаар нь ажлаа хийж байна. Дээрээс нь ар гэр үр хүүхэддээ анхаарах учиртай. Үнэндээ ийм хүмүүсээс амжилт гарахгүй. Би Солонгост таван жил тоглосон. Тэр үед би оюутан хүүхэд байсан. Тэтгэлэг авахын хажуугаар амарч байх үедээ ажил төрөл хийе гэсэн бодолтой байсан. Гэвч тэнд хатуу хориотой байдаг. Тамирчин хүн бол чи бэлтгэлээ л хийх ёстой. Илүү дутуу ажил хийхгүй. Таван жилийн турш тэнд зөвхөн бөмбөг хөөцөлдөж, хичээл хийж байгаад ирсэн. Гэтэл Монголд яаж байна. Миний бодлоор хоёр сар хорин жил хоёрын хооронд ялгаатай.
Манай волейболчид бөмбөгөнд дуртай, тэрнээсээ сэтгэл ханамж, аз жаргалыг мэдэрч байгаа болохоор л тоглоод байгаа. Харин Солонгост нэгдүгээр ангиас нь эхлээд энэ хүүхдийг волейболоор хичээллүүлнэ гээд аав, ээж нь өгсөн бол дунд сургуульдаа волейболоо тоглоод явна. Их сургуульдаа волейболоо тоглож явж байгаад дээд лигтээ сайн драфтлагдаад орчихвол амьдрал нь баталгаатай болчихдог. Дээрээс нь бэлтгэл их хийж байгаа учир тоглогчдын ур чадвар өснө. Манай Монголд багаасаа япон багшаар бэлтгэгдсэн тамирчид зөндөө бий. Тэр тамирчдын хувьд гэвэл анхнаасаа суурь нь зөв тавигдсан. Ээж намайг багад бэлтгэж байгаад япон багш руу шилжүүлсэн. Тэр багшийн аав нь үндэсний шигшээгийн дасгалжуулагч байсан. Өөрөө сайн тамирчин байсан дасгалжуулагч. Би зөв суурьтай явсан учраас Солонгост очоод багт хурдан ууссан байх. Надад тавигдаж байсан шаардлага гэвэл хэл нь болоогүй, багийн тоглолт руугаа оруулах дээр л уусаж өгөхгүй байсан. Тэгээд сүүлдээ гайгүй болсон.
-Ер нь суурь зөв тавигдах ёстой юм байна шүү дээ?
-Суурь л сайн байхад болдог. Хүүхэд залуучууд их асуудаг. Багшаа, Сайхнаа ахаа яаж бид нар тань шиг Солонгос руу явах вэ гэж. Хүсээд явдаг зүйл биш. Сая гэхэд нэг хүн ирээд, Монголоос хоёр тамирчин аваад явлаа. Хоёр дунд сургуулийн хүүхэд. Маш хэцүү шалгууртай байдаг. Дээрээс нь маш олон зүйлийг тэвчиж, туулж гарна. Хоёр хүүхэд явж байгаа нь бас давуу талтай байх. Харин би ганцаараа, хэл мэдэхгүй хамаатан садан байхгүй, болсон болоогүй сайн байна уу баяртайтайгаа л явсан.
-Клубын хэмжээнд хамгийн ойрын хугацаанд ямар тэмцээн байгаа вэ?
-Одоо арваннэгдүгээр сарын 14-нд Монголын волейболын холбооны багуудын дунд зохиогддог холбооны цом буюу хуучин дээд лигийн тэмцээн эхэлж байна. Энэ жил болж байгаа уралдаан тэмцээнүүд ойтой холбоотой Монголд волейбол үүсэний 90 жилийн ой мөн Монголын волейболын холбоо үүссэний 60 жилийн ой гээд энэ жилийн сүүлчийн хамгийн том тэмцээн эхлэх гэж байна.
-Гадаадын багуудаас санал хэр ирж байна вэ?
-Хамгийн сүүлд Чехын багаас санал ирсэн. Сая Азийн аварга дууссаны дараа Солонгосоос ирсэн багийн тоглогчид миний мэдэх хүмүүс, тамирчид нь надтай нэг үед тоглож байсан хүүхдүүд байна. Дээшээ тоглож байсан ах нар ч байна. Доошоо дүү нар нь ч байна лээ. Тэр баг Солонгосын дээд лигт тоглож байгаад доошоо унасан дунд лигийн баг. Гэхдээ тамирчид нь бүгд дээд лигт сонгогдож байсан. Бэртэл гэмтэл, нуруунаасаа болоод л доошоо унасан. Ихэнхи тамирчид нь намайг мэднэ. Дасгалжуулагч нь ч бас мэднэ. Тэр багийнхан санал тавьсан. Миний албан ёсны менежэр “Витафит” компаний захирал Ц.Одхүү гэж хүн бий. Монголын волейболын холбоог хөдөлгөж байгаа хүн. Харин Чехийн баг руу есөн сард явах гэж байснаа хүлээзнэж байгаа. Тус баг нь цааш Европын лигт ордог юм билээ. Би амжилтаа бодоод явах юм бол Монголын хамгийн анхны Европын багт тоглосон хүн болно. Европын лигт тоглох нь надад үлдэх гоё дурсамж юм. Гэсэн ч би явчихвал ээж, аавтайгаа хамтарч байгуулсан клуб минь яах бол гээд бодох юм их. Гадаадын саналуудаас одоогоор татгалзаж байна. 2018 онд юу болох нь вэ.
-Волейболын спортоор хичээллэж эхэлж байгаа хүүхэд залуус, өсвөрийн тамирчдад хандаж юу зөвлөх вэ?
-Миний анзаарснаар сүүлийн үеийн хүүхдүүд ахыгаа ах гэж хүндлэхгүй, багшийгаа багш гэж хүндлэхээ больсон. Тэр байдлыг засах хэрэгтэй. Хоёрдугаарт хэт мөрөөдөөд байна. Фэйсбүүк, интернэт орчин Youtube-ээр бүх юм бэлэн байдаг болсон. Хүүхдүүд гоё сайхан юм хараад суугаад л байдаг, суугаад л байдаг. Яг тийм болчих юм шиг боддог. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд алхам хийх хэрэгтэй. Хөлсөө дуслуулж байж амжилтад хүрнэ. Өдөр шөнөгүй бэлтгэл хийх хэрэгтэй. Би хүүхдүүдээ хорь суниа гэхэд хорин долоо, гуч, дөч суниаж байгаа хүүхэд ганц нэг байдаг. Тийм хүмүүс амжилтад хүрнэ. Би ч бас Солонгост очоод бүх техник нь болсон ч биеийн хүч байхгүй, штанк гэдэг зүйлийг тэнд очоод л зүүдэлж сэрж үзсэн. Тэнд биеийн хүчний бэлтгэл хийж эхлээд л ойлгосон зүйл бусдаас дандаа давуулж хийх хэрэгтэй юм байна гэж. Багш хорин удаа суниа гэхэд би заавал 30 суниадаг байсан. Сүүлийн үед би бэлтгэл сургуулилтандаа анхаарлаа хандуулж чадахгүй байна. Яг үнэндээ Солонгост тоглож байсан үлдэгдлээрээ л тоглоод яваад байгаа байхгүй юу. Ажил амьдрлаа бодох хэрэгтэй байна. Сургалтаа аятайхан удирдаад явмаар байдаг. Тэр тал руугаа анхаарлаа хандуулж байгаа болохоор бие хаандаа анхаарч чадахгүй байна. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд зүгээр л хий. Эхлээд бод дараа нь хий, хийж байгаа зүйлээ үр дүнтэй төсөөлөлтэйгөөр хий. Бэлтгэлийг халтуурдаад байвал тэмцээн чамайг баллуурдана гэдэг.
Б.АМАРТҮВШИН