Сүүлийн жилүүдэд Анагаахын салбарт эрчимтэй хөгжиж байгаа үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэн, нутагшуулж, үр шилжүүлэн суулгах ажлыг амжилттай явуулж буй “RMC” (Regenerative Medical Center) эмнэлгийн эмч, АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүүтэй ярилцлаа.
-Үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?
-Манай эмнэлэг нөхөн үржихүй, өсөн үржихүйн салбарт эрүүл мэндийн шинэ технологийг хөгжүүлж, Монголын эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа асуудлын нэг болох үргүйдлийг эмчлэх, эсийн эмчилгээг ашиглаж өвчнийг илааршуулах зорилготойгоор байгуулагдсан. Манай эмнэлгийн эмч, ажилтнуудын 90 гаруй хувь нь Япон болон Тайваньд мэргэжил дээшлүүлсэн, үр шилжүүлэн суулгах мэргэжлээр суралцаж мэргэжил дээшлүүлж, энэ чиглэлээр ажилласан туршлагатай эмч нар юм. Үргүйдлийн эмчилгээний тухайд Монголд олон дэвшилттэй технологи нэвтэрч байна. Үр шилжүүлэн суулгах ажилбар бол эсийн эмчилгээний технологи ашигладаг, өндөр технологийн эмчилгээ. Тусгай зориулалтын лаборатори, түүнд ажиллах мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй. 2015 онд анх АШУҮИС дээр гарааны компани байгуулж үр шилжүүлэн суулгах Япон технологийг нэвтрүүлсэн. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд үр шилжүүлэн суулгах технологиор 300 орчим гэр бүлийг хүүхэдтэй болгосон. Одоогоор АШУҮИСийн багш нарын эхлүүлсэн “RMC” эмнэлэг маань үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээг үндэсний хэмжээнд явуулж эхэллээ. Эмнэлэг маань Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа өвчнүүдийг эсийн түвшинд эмчлэх шинэ технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Нэг үгээр хэлбэл, эмнэлгийн маань хэтийн зорилго эсийн эмчилгээний технологийг нэвтрүүлнэ. Тухайлбал, чихрийн шижин өвчтэй хүний инсулин ялгаруулдаг эсийг нь өсгөөд тэр хүнд буцаагаад суулгах технологи нэвтрүүлбэл Монголдоо чихрийн шижингийн эмчилгээний нэг арга нэмэх боломжтой. Мөн саажилттай буюу мэдрэлийн эсүүд нь хөгжөөгүй хүүхдүүдэд хийдэг эмчилгээний шинэ технологи болох үүдэл эсийг ургуулж, түүгээр нь мэдрэлийн эсийг нь хөгжүүлж, нөхөн төлжих үйл явцыг нь сайжруулж болно.
-Манай улсын нийт хүн амын дунд үргүйдэл ямар хэмжээнд байна вэ. Энэ талын судалгаан дээр үндэслэсэн мэдээллээс хуваалцаач?
-Хэд хэдэн судалгаа байдаг. Монгол Улсын хүн амын дунд үргүйдлийн тархалт 8-15 хувьтай гэж үздэг. Судалгааны байгууллагын дүгнэлтээс харахад дунджаар нийт хүн амын 10 орчим хувийг үргүйдэлтэй гэж тооцоолж байна. Хүн амын 2014 оны тооллогоор Монгол Улсад гэр бүлээ батлуулсан нөхөн үржихүйн насны буюу 25- 45 насны 360 мянган гэр бүл байгааг тогтоосон. 360 мянган гэр бүлийн 36 мянган гэр бүл үр хүүхэдтэй болж чадахгүй байна гэсэн үг. Гэтэл Монголд байгаа үргүйдлийн асуудлыг шийддэг хэд хэдэн төв амжилттай сайн ажиллаж буй ч жилдээ дөнгөж 2000 хосын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа хэдий ч өртөг өндөртэй, эмчилгээнд цаг хугацаа их ордог гэх мэт асуудлаас болж хүн бүрт үйлчлэх боломж хязгаарлагдмал байгаа. Үргүйдлийн асуудал тулгарч буй 36 мянган гэр бүлээс жилдээ дөнгөж 2000 хос жилдээ асуудлаа шийдвэрлэж чадаж байгаа учраас үлдсэн хосууд ихэвчлэн гадны улс орнууд руу явж эмчилгээ Юуны өмнө үргүйдлийн шалтгааныг үнэн зөв тогтоочихвол эмчилгээний арга дөхөм болдог. Манай улсын хувьд нийт үргүйдлийн 50 хувь нь эмэгтэйгээс шалтгаалж байгаа бол үлдсэн 40 хувь нь эрэгтэйгээс, 10 орчим хувь нь шалтгаан тодорхойгүй байна. Гэтэл манай Монголд үр хүүхэдтэй болохгүй тохиолдлыг шууд эмэгтэй хүнтэй холбож үзэх буруу ойлголт одоог хүртэл иргэдийн дунд хадгалагдсан хэвээр байгаа.
–Сүүлийн үед охид эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл улам их болж байгаа гэж хэлэгдэхээр байна. Үргүйдэлд хүргэж буй гол шалтгааныг та юу гэх вэ?
-Үргүйдлийн шалтгааны хувьд нэг гол онцлог нь халдварт өвчин ч нөлөөлдөг, халдварт бус өвчин ч нөлөөлдөг. Бүх шалтгааныг дүгнээд үзэхэд тухайн хүний өөрийнх нь эрүүл мэндийн боловсрол дутуугаас үүдэлтэй. Эрүүл мэндийн боловсрол дутмаг гэдэг нь бэлгийн зан үйлийн талаарх ойлголт, эрүүл бэлгийн амьдрал, аав ээж болох тухай ойлголт гэх мэт нөхөн үржихүйн боловсролыг олж аваагүйтэй холбоотой. Тиймээс өсвөр насны хүүхдэд бэлгийн харилцааны тухай цэгцтэй ойлголтыг манай улс системтэй хүргээгүйгээс болж хожим хойно үргүйдэлд хүрэх хандлага давамгай байна. Эмэгтэйчүүдийн хувьд үргүйдэлд хүргэдэг шалтгааны нэг болох үрийн суваг битүүрэх эмгэг дээр жишээ татъя. Эмэгтэй хүн уг нь төрөлхөөсөө үрийн суваг нь битүү байх нь маш ховор. Үрийн суваг битүүрэх асуудал нь ариун цэвэр сахиагүй эсвэл бэлгийн замын өвчнөөс шалтгаалдаг. Зөвхөн энэ шалтгаан ч биш. Мухар олгой дотроо тоо ихэснэ.
-Эрэгтэй үргүйдлийг хэрхэн эмчилдэг бэ?
-Эрэгтэй шалтгаант үргүйдлийн хувьд хамгийн түвэгтэй тохиолдол нь эрэгтэйн үрийн шингэнд үр тогтоох чадвар бүхий эр бэлгийн эс гарахгүй байх. Энэ үед даавар шинжилгээг хийж байж үр тогтоож чадах чадвартай эстэй байна уу, үгүй юу гэдгийг тогтооно. Хэрэв эс гарах боломжтой хэмээн оношлогдвол мэс засал хийх аргаар эр бэлгийн эсийг авдаг бөгөөд авсан эс үр тогтоож чадах боломжтой бол шилжүүлэн суулгах ажилбар хийгдэнэ. Мэс ажилбараар үр тогтоох эсийг авахад хүндрэлтэй мэс ажилбар биш. Манай эмч нар маш сайн хийж чадаж байна. Ялгаж авсан эсийг үр шилжүүлэн суулгах технологийг ашиглан үр хүүхэдтэй болох боломжтой.
-Үр шилжүүлэн суулгах ажилбарт орсон хүн бүр шууд хүүхэдтэй болж чаддаггүй. Монголд үр шилжүүлэн суулгахад баталгааны хувь гадны орноос харьцангуй бага хувьтай гэж хүмүүс ярьцгаадаг. Энэ хэр ортой вэ?
-Онош зөв тавигдаж байж эмчилгээ зөв хийгддэг. Үүн дээр эмчийн ур чадвар, эмчилгээний арга, багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал чухлаар тавигдана. Үргүйдлийг эмчилдэг гурван арга бий гэж дээр ярьсан. Зарим тохиолдолд үр шилжүүлэн суулгах боломжгүй буюу энэ өвчний эмчилгээг хийх заалтгүй хүмүүс байх нь бий. Тухайлбал умайн хүзүүгээр эр бэлгийн эс нэвтэрдэггүйн улмаас үргүйдэлтэй болсон хос байлаа гэхэд тэрхүү эмгэгийг зөв оношилж чадвал заавал үр шилжүүлэн суулгахгүйгээр өөр аргыг хэрэглэж жирэмсэн болгох боломжтой. Гэтэл зарим тохиолдолд, жишээ нь үрийн хоолойд шингэн хурах, үүнээс шалтгаалсан үргүйдэлтэй хүмүүс умайн хөндийд эр бэлгийн эс угааж цацах эмчилгээний арга хэрэглээд үр дүнд хүрэхгүй, шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай болдог. Тиймээс юунаас болоод үргүйдээд байна гэдгийг мэдэх нь хамгийн чухал. Түүнийг мэдэж, оношийг зөв тавьж чадсан бол эмчилгээний тохирох аргыг зөв цаг хугацаанд хэрэглэх нь үр дүнг төдий чинээ сайн түвшинд хүргэх хамгийн зөв алхам. Үр шилжүүлэн суулгах эмчилгээ 100 хувь үр дүнтэй байдаггүй. Энэ нь тухайн хүний нас, үргүйдлийн шалтгаанаас хамаарч хүрэх үр дүн тодорхойлогддог. Дэлхийн дунджаар 30-40 хувийн магадлалтай гэж үздэг. Энэ ажилбарыг хийлгээд жирэмсэн болохгүй байгаа хүмүүс зөндөө байдаг. Монгол дахь үр дүн өөр, гадны орны үр дүн өөр гэж байхгүй. Яг адилхан. Тиймээс бууж өгөхгүй, оролдлого хийж байж эцсийн үр дүнд хүрнэ. Манай эмнэлгийн хувьд хэлэхэд хоёр эмэгтэй тутмын нэг буюу эмчилгээний үр дүнг 50 хувьд хүргэнэ хэмээн өмнөө том зорилго тавин бид ажилладаг. 50 хувь гэдэг бол дэлхийд тооцогдох өндөр хувь юм.
-Үр хүүхэдтэй болохыг хүсч буй хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Үр хүүхэдтэй болохгүй байгаа хосод өгөх хамгийн эхний зөвлөгөө бол хувь хүний эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлээрэй гэж хэлэх байна. Яагаад вэ гэвэл хүмүүс ам дамжсан тэр сайн, энэ сайн гэсэн ярианд итгэж гоомой ханддаг. Гэтэл зарим нь анагаах ухааны салбарт нотлогдож судлагдаагүй баталгаагүй байх нь бий. Тухайлбал, эхсийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээр хүүхэдтэй болж байна гэцгээдэг. Эхсийн найрлагатай бүтээгдэхүүн хүний биед бол сайн. Эхсээс ялгарч буй дааврын үйлдлийг анагаахын практикт нэмэлт бүтээгдэхүүнээр ашиглах нь элбэг. Гоо сайханд ихэвчлэн ашиглаж байна. Гэтэл эхсийн найрлага хэрэглэх үед сарын тэмдгийн алдагдал үүсч, тэр нь эргээд үргүйдэлд хүргэх эрсдэл ч бий. Хоёрдугаарт, судалгаа шинжилгээгээр батлагдсан бүтээгдэхүүнийг хэрэглэж байхыг хүсье. Сайн гэсэн болгоныг ам дамжсан яриагаар авч хэрэглэж болохгүй. Үүн дээр нэмээд хэлэхэд манайхны хувьд амьдралын буруу хэв маяг их байгаа нь нөлөөлдөг. А ж л ы н х а а а ч а а л л ы г зохицуулдаггүй, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн, буруу хооллолт зэргээс болж үргүйдэлд хүрэх нь бий. Тэгэхээр эрүүл хэв маягийг баримталж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлсэн тохиолдолд үр хүүхэдтэй болоход илүү дөхөм.
– Ү р шилжүүлэн суулгахдаа ихэр хүүхэд “захиалж” болдог. Ихэр хүүхэдтэй болохын давуу болон сөрөг талыг та мэргэжлийн хүний хувьд юу гэж хардаг вэ?
-Байгалийнхаа жамаар төрөх нь мэдээж хамгийн сайхан. Олон улсад үр шилжүүлэн суулгах үеэр ихэр хүүхэд бий болсныг эрсдэл гэж үздэг. Ихэр жирэмсэн умайн гадна талд суух, өсөлт нь зогсох зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Тухайн эмэгтэйн амь насанд эрсдэлтэй байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь нэг ургийн 50 хувь нь аавын мэдээлэл, үлдсэн 50 хувь нь ээжийн мэдээлэл байдаг гэдэг. Тиймээс эх, ургийн хоорондын харилцан үйл ажиллагаа хир алдагдаж байна вэ гэдгээс хамааран эхэд учрах эрсдэл тодорхойлогдоно. Хэрэв эх ургийн харилцан үйл ажиллгаа алдагдал их бол эхэд даралт ихсэх, бөөрний гэмтэл үүсэх, зүрхний ачаалал ихсэх, таталт үүсэх, үүнээс улбаатай ургийн өсөлт зогсох, цагаас эрт төрөх зэрэг эрсдэл байнга дагалддаг. Нэг урагтай байхад эрсдэл бага, харин 2 урагтай тохиолдолд эрсдэл 2-3 дахин нэмэгддэг.
– Үр шилжүүлэн суулгахаас гадна эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа гэж ойлгосон. Энэ талаар та ярихгүй юу?
-Манай эмнэлэг үргүйдлийг эмчлэхээс гадна бидний зорьж буй дэлхийн шинэ технологийг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манайд хамгийн тулгамдаж буй асуудлын нэг бол хавдрын өвчлөл байдаг. Өдгөө маш олон эрхтний хавдар ихсэх хандлагатай болжээ. Агаарын бохирдлоос улбаалж элэг, ходоодны хавдрын араас уушгины хавдар орж ирэх аюулын харанга дэлдсэн байна. Хавдраас үүдэж хими, туяа эмчилгээ хийлгэснээр үр хүүхэдтэй болох боломжгүй болдог. Тиймээс хавдрын дээрх эмчилгээнд орохоос нь өмнө бэлгийн эсийг авч нөөцөлж хадгалан, бэлгийн эсийн банк үүсгэх ажил хийхийг зорьж байгаа. Зөвхөн хавдар гэлтгүй осол гэмтэлд ороод нас барахаас нь өмнө нөхөн үржихүйн үйл ажиллагааг хадгалж авч үлдэх боломж дэлхийд бий болчихсон. Жишээлбэл АНУ-ын эмч Rothman 1980 онд дэлхийд анх удаа нас барсан залуугийн үрийн шингэнийг авч, эхнэрийг нь жирэмслүүлж хүүхэдтэй болгон тухайн залуугийн үр удмыг хадгалж чадсан. Тиймээс бидний хувьд ч бас манай улсад гэнэтийн ослоор нас барж буй залуучуудын үр удмыг хадгалах боломжийг бий болгох зорилготойгоор энэ шинэ технологийн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн бид хүйн цусыг хөлдөөж үүдэл эсийн банк үүсгэж хадгалах боломжийг бүрдүүлэх оролдлого хийж байна. Өнөөдөр төрж буй хүүхдийн хүйн судсаас цусыг анх төрөхөд нь авч хадгалснаар хожим том болсон хойно нь ямар нэг өвчин тусахад өөрийнх нь эсээр маш олон төрлийн эсийг нөхөн төлжүүлж, ургуулж болох бөгөөд тухайн өвчний эмчлэхэд ашиглаж болно. Тиймээс банк үүсгэсэн тохиолдолд эсийн эмчилгээ гэж яригддаг био анагаахын шинээр эрчимтэй хөгжиж буй салбарыг ирээдүйд нутагтаа ашиглах, нэвтрүүлэх боломжийг нээхэд маш дөхөм болох юм.
Э.ЯНЖМАА