Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстойг шаардсан “No Double standart” хөдөлгөөний Д.Монголхүү, Э.Одбаяр нарын залуусыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрч байна. Э.Одбаярын хувьд өмнө нь үзэл бодол нэгдсэн залуусын хамтаар Хотын дарга С.Амарсайханы хэрэгжүүлсэн Хонхтой цэцэрлэгийг нурааж 3.2 тэрбум төгрөгөөр Усан оргилуур байгуулахыг эсэргүүцэн жагсаж байсан. Ковидын цар тахлын үед Улсын баяр наадам хийхийг эсэргүүцэн “No naadam” цуглаанд оролцсон. Сүүлд Дорнод аймагт залуус нэгнийгээ автомашинаар дайрсан ноцтой хэргийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан хэрэгт буруутгагдан шалгуулж байсан юм. Харин энэ удаа түүнийг “No Double standart” хөдөлгөөний жагсаалаар буруутган 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ. Э.Одбаяр хууль хяналтын байгууллагын энэхүү үйл ажиллагааг хууль бус гэж үзэн долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаад байгаа аж. Түүний эхнэр Н.Өнөрчимэгтэй ярилцлаа.
-Э.Одбаяр өмнө нь үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаа, шүүхээр нэлээд явсан, бүр цагдан хоригдож байсныг дуулсан. Харин энэ удаа цагдан хоригдоод зогсохгүй хорих ангид өлсгөлөн зарлаж байгаа юм байна. Танд ямар мэдээлэл байна, юу болчихов?
-Аравдугаар сарын 4-нд Э.Одбаярыг Эрүүгийн цагдаагийн албанаас Прокурорын тогтоолтой танилцуулахаар дуудсан. Маргааш нь 10:00 цагт тайлбар өгчихөөд ирнэ гээд явсан хүн. Тэгээд очтол өмнөх өдөр нь болсон “No Dоuble standart” хөдөлгөөний жагсаал, Д.Монголхүүтэй холбоотой асуудлаар тэр өдөржингөө суулгаж байгаад ажлын цаг дуусахад 461 дүгээр хорих анги руу авч яваад цагдан хорьсон. Маргааш өглөө Э.Одбаярыг өөрт нь мэдэгдэхгүйгээр, эрх зүйн туслалцаа авах боломжоор хангахгүйгээр шүүх хурлыг явуулсан. Энэ хууль бус үйлдлийг манай хүн хүлээн зөвшөөрөөгүй учраас өлсгөлөн зарлаж эхэлсэн. Энэ сарын 6-ны өдөр өлсгөлөн зарлах хүсэлтээ хорих ангийнханд өгсөн. Гэтэл хүсэлтийг нь хүлээж аваагүй, эрүүл мэндийн шалтгаантай гээд. Уг нь манай хүн эв эрүүл хүн. Гэсэн ч өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байсан. Хүсэлтийг нь өчигдөр буюу 11-ний орой 18:00 цагийн үед албан ёсоор хүлээж авсан байгаа юм. Гэтэл манай хүн аль 6-наас өлсгөлөн зарлаад эхэлчихсэн байсан. Бүхэл бүтэн зургаа хоног юм идээгүй байсны дараа албан ёсоор хүлээж авсан болж таарч байгаа. Хүн юм идэхгүй долоо хоноход бие ямар болох вэ. Эрүүл мэндэд нь маш их санаа зовж байна. Залуу хүн эрүүл мэндээрээ хохирох нь ямар сайн байхав.
Та өөрөө биечилж уулзах боломж гарав уу?
-Өмгөөлөгчөөрөө дамжуулаад мэдээлэл авч байна. Долоо хоногийн мягмар, лхагва гаригт эргэлт оруулдаг юм байна. Тиймээс маргааш л уулзахаар цаг аваад байна.
-Шал өөр асуудлаар тайлбар хийхээр явсан болж таарлаа. Гэтэл цагдан хорих болоод сураггүй болчихоор ар гэрийнхэн нь сандарсан байх?
-Бид хоёр 2007 онд гэр бүл болсон хүмүүс. Манайх гурван хүүхэдтэй. Анх бид оюутан байхдаа үзэл бодлоороо нэгдсэн хэсэг залуустай “Эсгий туургатан” ТББ-аа байгуулж байсан. Сүүлд “Эсгий туургатан” ТББ-аа “Монгол туургатан төв холбоо” болгон өргөжүүлсэн. Манай хүн бүхий л хугацаанд нийгэмд болохгүй байгаа зүйлийг үнэн бодитоор нь хэпж ирсэн. Үнэхээр энэ нийгэмд хүний эрх зөрчигдөж байгаа нь үнэн, бид эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаа нь үнэн. Яг л зөв зүйлийг дуугардаг болохоор би хорьж, шүүмжилдэггүй. Харин ч дэмжээд явдаг. Цагдан хоригддог 5-ны өдөр би 17:00 цагийн үед твиттерээс Э.Одбаярыг хорихоор авч явсан мэдээллийг уншсан. Тэгээд өмгөөлөгч А.Пүрэвдуламтай холбогдтол “Намайг өмгөөлөх эрхгүй гээд Э.Одбаярыг 461 рүү аваад явчихлаа” гэсэн. Шөнө 00:00 цагийн үед мөрдөгч н.Баттөр гэж хүнтэй би холбогдсон. Маргааш өглөө нь тэр мөрдөгчөөс очиж Э.Одбаярын биед явсан эд зүйлсийг нь хүлээж авсан. Тэр үед мөрдөгчөөс “Хэргийг хариуцаж байгаа прокурор нь хэн бэ. Шүүх хурал болбол өмгөөлөгч, ар гэрийнхнээс нь оруулах хүсэлт өгмөөр байна” гэхэд “Мэдэхгүй” гээд өнгөрсөн. Мэдээж надад сэжиг төрнө шүү дээ. Тэгээд шүүхийн туслахтай холбогдоод “Өмгөөлөгч солигдож байгаагаа хэлж, удахгүй шинэ өмгөөлөгчөө аваад шүүх дээр очсон. Очтол аль эрт шүүх хурал нь болоод 30 хоногоор таслаад аваад явчихсан байсан. Мэдээж эрх зүйн тусламж авч чадахгүй, ар гэрт нь мэдэгдэхгүй хоригдсон учраас нэг өмгөөлөгч маань аравдугаар сарын 7 буюу пүрэв гаригт, нөгөө нь аравдугаар сарын 8 буюу баасан гаригт шүүгчид гомдлоо гаргасан.
-Шүүх ямар хариу өгөх юм?
-Одоог хүртэл шүүгч хоёр өмгөөлөгчийн маань гаргасан гомдолтой танилцаж хариу өгөөгүй байна. Ингээд харахаар яг энэ “No double standart” хөдөлгөөний кейс чинь бодитоороо Э.Одбаяр дээр хэрэгжиж байна. Барьж цагдан хорих болохоор шуурхай авч яваад шүүх хурлыг нь хэнд ч хэлэхгүй хийчихдэг. Эргээд гомдол гаргаад шүүх хурлын цагийг дахиад товлоод өгөөч, эрх зүйн туслалцаа авч чадсангүй гэхээр таг. Гэтэл энэ хооронд шүүгч нарын зөвлөгөөн гээд 21 аймаг, есөн дүүргийн нийт шүүгч нарын цугларалт Улаанбаатар хотод болж байна. Хэдэн хүн цугларах вэ. Ковидын хуулиараа олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн цуглаан хийх нь хориотой биз дээ. Гэх мэтчилэн нийгэмд хууль нь тэгш бус, хүн бүхэнд ялгавартай үйлчлээд байгаагийн кейс өдөр тутамд хүн бүхэнд тулгарч байна. Тэр хүн хэл дээрээ хоол тавихгүй хэд хонож байна. Гомдол гаргаад хэд хонож байгаа билээ. Хүний эрүүл мэнд цаг минутаар хэмжигдэж байгаа шүү дээ, уг нь. Энд гэр бүлийнх нь сэтгэл зүй ямар байх нь ойлгомжтой.
-Танай хүн цагдаа руу явахаас өмнө юу гэж ярьж байв. Ямархуу байсан бэ?
-Ер нь иймэрхүү асуудал өдөр тутам болно доо, манайд. Э.Одбаярыг ямар нэг асуудлаар юм дуугарахад цаагуураа ар гэр, аж ахуйн нэгж рүү ямар нэгэн шахалт заавал ирдэг, тэр нь мэдрэгддэг. Ажил руу гэхэд янз бүрийн шалгалт оруулдаг ч юмуу. Байнга иймэрхүү асуудал үүсдэг болохоор би ч сэтгэл зүйн бэлтгэлтэй болчихоод байна даа. Цагдаагаас бичиг ирсэн гэхээр би “За, наад хүмүүс чинь ингэх нь дээ” гээд хэлж л байсан. Өөрөө бол “Маргааш 10 цагаас дуудсан. Очихгүй бол болохгүй” гээд л явсан хүн. Уг нь тэр цагдаагаас дуудсан учир нь Дорнодод болсон хэргийн бичлэгтэй холбоотой л прокурорын тогтоолтой танилцуулна гэж дуудсан. Прокурорын тогтоолтой танилцах гэж очсон хүн шал өөр хэрэгт холбогдоод хоригдчихлоо. Авч яваад араас нь тогтоол шийдвэрийг нь гаргадаг болчихож. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр биз дээ. Үнэхээр хэцүү байна.
–Тэр нь иргэд Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлсний төлөөх шийтгэл болоод явчихлаа, тийм үү?
-Бид нар чинь залуу хүмүүс. Яг л болохгүй юмыг үнэн бодитооор нь хэлнэ. Зөв. Бид чинь үр хүүхдээ ийм нийгэмд үлдээмээргүй байна. Бидний гурван хүүхэд ийм нийгэмд амьдарна гэвэл хэцүү байна. Хууль нь хүн бүрд тэгш үйлчилдэг, аюулгүй, дарамт шахалт байхгүй орчинд хүүхдүүд маань үлдээсэй гэж хүсдэг. Нөхөр маань хэзээ ч буруу юм хийж явах хүн биш. Хэзээ ч буруу зүйлд бусдыг турхираад зогсохгүй. Тиймээс ч би үзэл бодлыг нь хүндэлдэг, дэмждэг. Хэзээ ч би эсэргүүцдэггүй. Чадах хэмжээндээ тусалдаг. Бусдын төлөө ингэж дуугарах хүн ховор шүү. Манай Одко хүн бүхэнд байгаад байдаггүй тийм нэг хүн чанартай, зөөлөн, цайлган хүн. Хүн чанар гэдэг чинь хүн бүхэнд заяагаад байдаггүй ховор чанар байдаг юм байна. Гэтэл хүмүүс элдэв бусаар харлуулж байна.
–Аав нь Монголын том улстөрч С.Эрдэнэ. Эцэг хүний хувиар хэр санаа тавьж байна. Найз нөхөд нь юу гэх юм?
-Мэдээж хүний эцэг хүн үр хүүхдэдээ санаа зоволгүй яах вэ. Өдөр бүр холбогдож байгаа. Аав, хүү хоёр нэгнийхээ үзэл бодолд маш хүндэтгэлтэй ханддаг. Би үүнд баярладаг. Аав маань хүүдээ үзэл бодлоо тулгаагүй, өөрийг нь бие даалгаж төлөвшүүлсэн. Намын нөхөд болон найз нөхөд нь ч холбогдох газруудад гомдол гаргах тал дээр хамтран ажиллаж байгаа.
-Том хүн учиртай. Хүүхдүүд харин хэцүү байна уу?
-Хүүхдүүддээ эхний өдөр хэлж чадаагүй. Гэтэл маргаашаас нь “Аав өнөөдөр ч ирэхгүй юм уу” гээд л асууцгаагаад эхэлсэн. Хүүхэд л юм болохоор сошиал дээрээс мэдчих вий, тэгээд хямарчих вий гэсэн үүднээс хоёр томдоо хэлэхээс аргагүй болсон. “Ийм асуудал болсон” гээд хэлсэн.Ингээд харахаар ар гэрийн сэтгэл зүйн хохирлыг яах вэ, хэн хариуцах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ. Ар гэр, аав ээж нь давхар хохирч байна шүү дээ.
-Цагдан хорих бол аливаа хэрэг зөрчлийн сүүлийн арга хэмжээ. Хууль хяналтын байгууллагууд болж л өгвөл цагдан хорихыг чухалчилдаггүй байх зарчимтай гэж хуульчид тайлбарлаж байгаа. Э.Одбаярын хувьд харахад Хонхтой цэцэрлэгээр 3.2 тэрбумыг зарцуулахад ч, “No naadam” ч тэр, сүүлд Дорнодод болсон хүний эрхийн асуудлаар байр сууриа илэрхийлсний төлөө алхам тутамд нь цагдаа шүүхээр далайлгаж, байнга л цагдаж хорихоор заналхийлж байсныг харж болохоор. Энэ удаад ч тэр. Цагдан хорих гэдэг арга ажиллагааг үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрд хэрэглэдэг болчихоод байна уу даа?
-Тэгж л харагдаж байна. Эрх баригчид өөрсдийнх нь буруу зүйлийг шүүмжилсэн хүн бүрийн амыг нь барих санаатай юм байна. Нэг нэгээр нь дуугүй болгох гэсэн ажиллагаа. Гэхдээ залуучууд өөр болсон. Болохгүй байгаа зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Яг хэлэх үед нь хэлдэг шударга болчихсон. Ингэж дуугарч байгаа хүмүүсийг эхнээс нь амыг барих санаатай айлгаж ичээж, дахиад ингээд дуугар гэсэн залхаан цээрлүүлэлт л явж байна. Энэ хэрэг дээр гэхэд зохион байгуулалттай ажилласан гэж харагдаж байгаа. Өглөө 9 цагт хэнд ч мэдэгдэхгүй шүүх хурлыг нь хийчихсэн. Мэдээж урьд өдөр нь худал хэлж дуудаж аваачаад хорьчихсон. Маргааш нь шүүх хурлын дараа Үндэсний телевизээр ЦЕГ-ын дарга өрөө яриад сууж байсан. Ямар ч ноцтой, олон нийтийг цочроосон хэрэг гарахад цагдаа нар тийм түргэн шуурхай мэдэгдэл хийгээд байдгийг санахгүй юм. Цаанаасаа зохион байгуулалттай. Цагдаагийн ерөнхий газрын дарга мэдэгдэл хийхдээ Хорих анги руу зэвсэглэсэн гэмт этгээдүүд халдаж, үүд хаалгыг нь эвдэж ороод хүн аваад явчихсан юм шиг мэдэгдэл хийсэн байсан. Гэтэл ШШГЕГ-ынхан “Тийм явдал огт болоогүй. Зөвхөн шалган дээр үүссэн хүмүүсийн маргаан. Ноцтой зүйл болоогүй. Цагдаад мэдэгдсэн байгаа” гэсэн л тайлбар хийсэн байсан. Эх баригчдын буруу үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө өнөөдөр өөрөө эрүүл мэндээрээ хохироод сууж байгаад маш их харамсаж байна.
Б.ЭНХЗАЯА