Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Э.Мөнхжаргал: Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариуллаа. Сэтгэл дүүрэн сайхан байна

Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргалтай ярилцлаа.


-Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл өндөр байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшдаа талархаж байна. Сар шинийн баярт “Бөх билэгт дэвжээ”-ний бөхчүүд сайн барилдаж ирсэн. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа гээд бөхчүүд түрүүлж байсан юм. Ах нарынхаа араас амжилттай барилдаж түрүүллээ. Энэ жилийн тухайд манай дэвжээний бөхчүүд цугларалтад хамрагдаж 10 хоногийн бэлтгэлд гарсан юм. Улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг гээд бөхчүүд залуусаа Сар шинийн барилдаанд бэлтгэсэн. Манай галаас улсын гарьд М.Бадарч, харцага Б.Зоригтбаатар шөвгөрлөө. Манайхан амжилттай барилдлаа.

-Аймгийн заан цолтой залуу “Бага наадам”-д түрүүлсэн нь Сар шинийн барилдааны онцлог байлаа. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан Сар шинийн барилдаан маань зохион байгуулагдсан нь сайхан байлаа. Түрүүлж, үзүүрлэх талаар нэг их бодоогүй. Хэнтэй ч таарсан сайхан барилдъя л гэсэн бодолтой Сар шинийн барилдаанд зодоглолоо.

Хүнд барилдаанууд хийлээ. Нэгийн даваанд л гэхэд улсын начин Т.Дүгэрдоржтой оноолт таарсан. Даваа бүрт түргэн шуурхай барилдахыг хичээлээ.

-Энэ жилийн тухайд Сар шинийн барилдаан хоёр өдрийн турш зохион байгуулагдлаа. Дархан аварга А.Сүхбат нойр сайтай хоноод, өглөө хоол идээд гарахад л түрүүлдэг байсан талаараа хэлж байсан. Чухал барилдааны өмнө сайн унтаж амарч чадсан уу, та?

-Миний тухайд барилдаан бодож нервтээгүй. Эхний өдрийн барилдаанаа хийчихээд орой 22:00 цагийн үед л унтсан. Өглөө ээжийнхээ гарын хоол идээд л Бөхийн өргөө рүү гарсан. Нойр сайтай хоносон учраас өмнөх барилдаанууддаа төвлөрөөд л тайван байлаа. Багш, дасгалжуулагч нарынхаа зөвлөгөөг ч сайн тусгаж авсан.

-Чухал барилдааны өмнө галын дасгалжуулагч нар чинь танд юу зөвлөж байв?

-“Тэрэнтэй тэгж, энэнтэй ингэж барилдаарай, тийм мэх хийгээрэй” гэж нарийн ширийн юм зөвлөөгүй ээ. Өмнөх барилдаандаа төвлөрөөд хүний хайрцагт орохгүй, өөрийнхөөрөө шийдэмгий барилдахыг л зөвлөсөн. Энэ зөвлөгөөний дагуу л барилдаж түрүүллээ. Аль болох шийдэмгий барилдахыг л хичээсэн. Хажууд дэвжээний ах нар зоригжуулаад зогсож байхад нөмөр нөөлөг болдог юм байна. Тэр ч утгаараа зоригтой барилдлаа.

-Таны аав цэргийн начин цолтой бөх хүн. Хүүгийнхээ барилдааныг Бөхийн өргөөнд очиж үзэв үү?

-Аав маань гэртээ зурагтаар харсан. Би аав, ээж, дүүгийн хамт амьдардаг юм. Сар шинийн барилдаанд түрүүлчихээд баяраа хуваалцахаар гэр лүүгээ их яарсан. Гэр бүлийнхэн маань идээ битүүлгээ засчихсан, их сайхан хүлээж авсан. Баяраа хуваалцаад ээжийнхээ гарын цайг уух мэдрэмж үгээр илэрхийлэх аргагүй гоё байлаа. Аав минь надаас ч илүү баярласан.

Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариулсан гэж бодож байна. Сэтгэл дүүрэн сайхан байна. Энэ их баярыг минь хуваалцаж, баяр хүргэж байгаа ард түмэндээ их талархах юм. Бусдын амжилтад баярлаж талархдаг сүү шиг сэтгэлтэй түмэн юм аа, монголчууд. Энэ бүхнийг амжилтаараа хариулахын тулд илүү их хөдөлмөрлөж, өндөр амжилт үзүүлэх ёстойгоо л ухамсарлаж байна.

-Та дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгстэй таарч хүч үзсэн. Аваргын тухайд “Бага наадамд” анх удаагаа түрүүлэх зорилготой зодоглосон байх. Барилдаан ямар болов?

-П.Бүрэнтөгс аваргатай өмнө нь хоёр удаа таарч барилдаж давж байсан юм. Энэ удаа барилдааныг түргэн шийдэхийг л зорьж гарсан. Барилдаан удааширч шуудагны барьцад хүрвэл надад ашиггүйг сайн ойлгож байлаа. Гараад л шийдэмгий барилдаж давсан.

-Бүх даваанд л шийдэмгий барилдсан шүү дээ. Та сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Би спортын сууриа жүдо бөхөөр тавьсан. Жүдо бөхийн тухайд цагийн хэмжигдэхүүнтэй спорт. Таван минутын дотор л ажиллаад асуудлаа шийднэ. Олдсон барьц байрлалыг алдалгүй мэхээ хийдэг. Миний тухайд үндэсний бөхөөр барилдахдаа ч олдсон барьц байрлалыг алдахгүй, шийдэмгий мэх хийдэг юм. Магадгүй их спортоос олж авсан давуу тал байх.

-Сар шинийн барилдаанд түрүүлээд төрсөн нутагтаа очиж амжсан уу, та?

-Би Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн хүүхэд. Сар шинийн барилдаанд түрүүлчихээд нутагтаа очиж гурав хоног амарлаа. Нутгийн зон олон маань ч их сайхан хүлээж авлаа. Хэд хоног амармаар байв ч шил шилээ дарсан тэмцээн уралдаанууд хүлээж байхад аялаад яваад байж таарахгүй. Төрсөн нутгийнхаа уул овоонд гарч сэтгэлээ баясгаад эргэсэн.

-Таны тухайд жүдо бөхөөр хичээллэж байсан шүү дээ. Үндэсний бөх рүү яагаад татагдав?

-Би 14 настайдаа гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшид шавь орж байлаа. Тэр цагаас хойш жүдо бөхөөр хичээллэж байсан юм. Олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцсон. Харамсалтай нь бэртэл аваад түр завсарласан юм. Энэ хугацаанд жин ч нэмсэн. Ингээд 2018 онд үндэсний бөхөөр барилдмаар санагдаад болдоггүй. Сумын заануудын барилдаанд анх удаагаа барилдаж нэг давсан юм. Туг тойрч байхдаа онцгой мэдрэмж авсан. Тэр цагаас хойш заалны барилдаануудад зодоглох болсон. Барилдаанаас барилдаанд амжилт ахиад ирэхээр урам авдаг юм билээ. Ингээд л үндэсний бөхийн бэлтгэлээ түлхүү хийх болсон. Хажуугаар нь их спортын бэлтгэлээ орхиогүй. Ц.Шийрэв багшаасаа зөвлөгөө аваад жүдогийн бэлтгэлээ базааж л байлаа.

-Таны аавын тань талд улсын цолтой бөхчүүд байдаг гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Миний аав цэргийн начин цолтой бөх хүн. Мөн улсын харцага Ц.Юүвээ, улсын начин Ц.Ванчигцэрэн, Ц.Дуласүрэн гээд ах дүү гурван бөхтэй аав талаараа садан болдог. Удмыг нь залгаад л барилдаж байна.

-Таны тухайд аймгийн заан цолтой ч үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж буй аварга арслангуудтай эн тэнцүү өрсөлдөж байна. Өөртөө ямар зорилго тавьж хөдөлмөрлөж байна вэ?

-Ирэх зун том ойтой. Энэ наадмын бэлтгэлдээ сая орсон. Эхний ээлжинд АХ-ын 100 жилийн ойгоор сайн барилдаж улсын цол хүртэхийг зорьж байгаа. Цаашид үндэсний бөхийн оргил цолд хүрэх холын зорилготой бэлтгэл сургуулилтаа базааж байна. Багш дасгалжуулагч нар болон бөхөд сэтгэлтэй Монголын ард түмэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Итгэлийг нь алдахгүй хичээж барилдахаа энэ дашрамд уламжилъя. Баярыг минь хуваалцсан танай хамт олонд талархал илэрхийлье.


Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв: Э.МӨНХЖАРГАЛ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ОЛЖ АВЛАА. УЛСЫН НААДАМД Ч ТҮРҮҮЛЭХ БҮРЭН БОЛОЛЦОО БАЙНА


Э.Мөнхжаргалын багш гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвтэй ярилцаж баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Олимпийн наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, жүдо барилдааны залуучуудын Дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн, мэргэжлийн сумогийн их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь нар юм. Мөн улсын заан Д.Анар, улсын начин Б.Серик нар түүний удирдлагад бэлтгэгдсэн бөхчүүд билээ.


-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу, та. Таны бэлтгэсэн шавь Сар шинийн баярт зориулсан улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сайхан шинэллээ. Гарын шавь маань үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж буй аварга, арслангуудтай сайхан барилдаж Сар шинийн барилдаанд түрүүллээ. Багш хүний хөдөлмөрийн үр дүн шавь нарын амжилтаар л тодорхойлогддог гэж ойлгодог юм. Бэлтгэсэн хүүхдүүд маань ард олноо баясгаад өндөр амжилт үзүүлээд явж байна.Шавь нартайгаа зааланд өнгөрүүлсэн цаг хугацааны үр дүнг харуулж байгаа шавь нартаа талархаж сууна. Багш хүний тухайд үүнээс илүү баяр баясгалан гэж юу байх вэ. Гэлээ гээд баярын өдрүүдэд зүгээр суусангүй. Одоо ч жүдогийн зааландаа шавь нарынхаа залгамж халааг бэлтгээд жаахан хүүхдүүдтэй ажиллаад зогсож байна. Үр дүн нь удахгүй гарах байх аа.

-Бар жилийн Сар шинийн барилдааны түрүү бөх аймгийн заан Э.Мөнхжаргал анх арван хэдтэй хүүхэд таны гар дээр ирж байсан юм билээ. Ямар хүүхэд байв?

-Арван хэдхэн настай

өндөр бор хүүг цэргийн начин н.Эрдэнэхүү анх надад авчирч байсан юм. Тухайн үед “Хүүгээ сайн бөх болгомоор байна” гээд л надад захиж үлдээсэн. Ямар ч шалтгаантай байсан бэлтгэлээс хоцорч, тасалдаггүй, жижиг дасгалуудыг ч чин сэтгэлээсээ хийдэг жаахан хүү зааланд гүйж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Миний гарт ирэхдээ 60 орчим кг-ын жинтэй л байсан. Өдөр тутмын бэлтгэлд өөрийгөө бүрэн дайчилж их спортын сууриа зөв тавьсны үр дүн гарлаа л гэж багш хүний хувьд дүгнэж байна. Э.Мөнхжаргал спортод хөл тавьсан эхний он жилүүдэд жүдо бөхөөр тууштай хичээллэж олон улсын хэд хэдэн тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Эхлээд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод л түрүүлж байлаа. Дараа нь залуучуудын Азийн аваргад ч мөн түрүүлж алтан медаль хүртсэн. Ер нь тивийн хэмжээнд тодорч байсан юм. Харамсалтай нь бэртэл авсан. Ингээд спортоос түр завсарлага аваад эргэж ирэхдээ жин нэлээн нэмсэн. Тэр цагаас хойш үндэсний бөхийн бэлтгэл түлхүү хийж эхэлсэн байдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд л үндэсний бөхийн бэлтгэл хийж байна. Хажуугаар нь их спортын ачаалалтай бэлтгэлээ ч орхиогүй.

-Аймгийн заан шавийгаа ингээд Сар шинийн барилдаанд түрүүлчихнэ чинээ санаж байв уу. Энэ жилийн тухайд ямар амжилт хүлээж байв?

-Гайгүй сайн барилдах болов уу гээд л харж суусан. Э.Мөнхжаргал гэнэт гараад ирж байгаа асуудал биш л дээ. Өнгөрсөн зун МЗХ-ны 100 жилийн ойн барилдаанд өөрийнхөө чадамжийг хангалттай харуулсан залуу. Тэр барилдаанд улсын аварга С.Мөнхбатаар дөрөв давж, тавын даваанд улсын начин О.Мөнх-Эрдэнэтэй тунаж барилдаад өвдөг шороодуулсан. Өндөр чансаатай барилдааны тавын даваанд тунаж барилдана гэдэг сайн бөхийн шинж. Хэний ч танихгүй “битүү морь” гарч ирээд Сар шинийн барилдаанд түрүүлчихсэн асуудал биш. Түрүүлэх хэмжээнд бэлтгэгдээд байсан нь эндээс харагдаж байгаа биз.

-Сая шийдвэрлэх даваануудад том цолтнуудтай их шийдэмгий барилдаж байна лээ.

-Э.Мөнхжаргалын хувьд их спортоор тив дэлхийн хэмжээнд өрсөлдөж байсан хүн. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тив дэлхийн хэмжээнд хэмжээнд л барилддаг бөх шүү дээ. Хувь тамирчны онцлог нь сэтгэл зүй их өндөр. Өрсөлдөгчийн барилдаанд зөв дүгнэлт хийж, оновчтой хувилбар боловсруулж барилддаг тамирчин. Дээрээс нь шийдэмгий. Энэ нь амжилтынх нь түлхүүр гэж хэлж болно. Ийм зан чанартай хүүхдийн их спортын суурийг зөв тавьж өгвөл ямар ч амжилт үзүүлэх боломжтой гэж хувьдаа хардаг юм.

-Сая Сар шинийн барилдаанд түрүүлчихээд багш дээрээ очсон байх. Та юу зөвлөв.

-Гарын шавь маань том барилдаанд түрүүлчихээд золгохоор ирж байгаа нь сайхан л санагдлаа. Дотроо баярлаж байсан ч дэргэд нь ил гараад байх нь зохимжгүй. Том барилдаанд түрүүлж, олны анхааралд орлоо. Хүн бүр л баяр хүргэнэ. Амжилтыг нь үнэлнэ. Ийм үед биеэ зөв авч явахыг захилаа. “Амжилт гаргаж байгаа нь ажлаа хийж байгаа л асуудал. Илүү хөдөлмөрлөж өндөр амжилт үзүүлээрэй” гэж зөвлөлөө. Амжилт үзүүлээд сагсуураад, янз бүрийн зан авир гаргаад байж болохгүй. Энэ их өв соёл тээж яваа залуу хүний тухайд нийгэмд зөв үлгэр үзүүлэхийг л анхаарууллаа. Э.Мөнхжаргалын тухайд уг хүн нь төлөв даруу, давлаа гээд баярлаад гүйгээд байдаггүй, уналаа гээд тэгж их шаналаад байхгүй. Ямар ч нөхцөлд сэтгэл зүйгээ хянаж чаддаг онцлогтой тамирчин. Хувийн сахилга бат маш сайн. Архи ууж, тамхи татахгүй. Зөвхөн амжилтын төлөө л зүтгэж яваа залуу.

-Та ирээдүйд Э.Мөнхжаргалаас ямар амжилт хүлээж байна вэ?

-Том барилдаанд түрүүллээ. Аварга, арслангуудтай бүгдэнтэй нь барилдаж эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж байна. Э.Мөнхжаргал шиг сахилга баттай, өндөр хэмжээнд барилдаж байгаа залуу улсын наадамд ч түрүүлэх боломжтой. Гол давуу тал нь сэтгэл зүй нь тогтвортой. Сая Сар шинийн барилдаанд түрүүлж өөртөө итгэлтэй боллоо. Өөрт байгаа нөөц бололцоог мэдэрнэ гэдэг хамгийн чухал.

-Э.Мөнхжаргал Сар шинийн өмнөхөн бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Цаашид үндэсний бөхийн бэлтгэлээ дагнаж хийх үү. Жүдо бөхөөрөө барилдах уу?

-Энэ жил 26 нас хүрч байна. Цаашид үндэсний бөхөөр дагнаж хичээллээд явах байх. Биеийн жингийн тухайд ч үндэсний бөхөөр барилдахад илүү тохиромжтой болсон.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Парис хотод жудогийн тэмцээн явагдаж өндөрлөлөө. Жудочдын дунд “Бага дэлхийн аварга” гэж үнэлэгддэг өндөр чансаатай тэмцээнд таны шавь нар амжилттай оролцсон тухай мэдээ хүлээж авлаа.

-Ё.Басхүү маань Парисийн их дуулгад анх удаагаа түрүүлж алтан медаль хүртлээ. Шигшээ барилдаанд БНСУ-ын шилдэг тамирчинг ялж. Ё.Басхүүгийн тухайд жаахан хүүхэд байхдаа миний гарт ирж бэлтгэгдэж байсан юм. Энэ цагийн жүдо бөхийн өнгийг тодорхойлж барилдаж байгааг нь харах сайхан л байна. Залуучуудын Дэлхийн аварга Л.Энхрийлэн хүрэл медаль зүүлээ. Олимпийн наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатарын тухайд ханиад тусаад бэлтгэл хийж амжилгүй Парис руу очсон юм. Гэсэн ч сайн барилдаж хүрэл медаль зүүлээ. Форм сайн байсан бол түрүүлэх боломж бүрэн байлаа. Нэг зүйлийг онцлоход Э.Мөнхжаргал, олимпийн наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар нар хамт бэлтгэлээ хийдэг байлаа. Эдний үеэс аймгийн хурц арслан Б.Лхагвадорж, аймгийн заан Б.Түвшинтөгс гээд залуус сайн барилдаж байна. Энэ үеийн шавь нар минь бие биенээ ирлээд л явдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *