УИХ-ын дарга Г.Занданшатар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академи, Мобиком корпораци, Юнител группийн удирдлагын баг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.
“Дижитал Баянхонгор” нээлттэй өдөрлөгийн хүрээнд ажлын хэсгийнхэн аймгийн Баганат талбайд “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичиг, “Цахим жишиг аймаг” хөтөлбөрийг танилцуулж, “e-mongolia” системийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ өдөр төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, банк санхүү, үүрэн холбооны операторуудын нийт 46 байгууллага нэгдэн оролцож, иргэдэд тус тусын чиглэлээр бүх төрлийн мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ, зөвлөгөөг газар дээр нь шуурхай хүргэн ажиллаж байна.
Ташрамд дуулгахад, Баянхонгор аймаг нь 2013 онд “Цахим архив” хөтөлбөрийг баталж, өнөөдрийг хүртэл төрийн байгууллагын үйл ажиллагааны баримтыг цахим хэлбэрт шилжүүлэн хадгалж, улсдаа “Цахим архив”-аар тэргүүлэх аймаг болжээ. Мөн төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаа албан бичиг солилцоог цахимжуулсан байна.
“e-mongolia” системд тус аймгийн нутгийн захиргааны 31 үйлчилгээг цахимжуулж, нэгтгээд байна.