Categories
мэдээ цаг-үе

Э.Хашчулуун: Эрдэнэт үйлдвэр рүү Засгийн газар халдаж буй үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа

Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм тогтоох тухай Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хуульч Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Энхмандах нар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Энэ талаар “Веритас партнерс” хуулийн фирмийн хуульч Э.Хашчулуунтай ярилцлаа.


-Та бүхэн яагаад Цэцэд гомдол гаргах болов?

-Үндсэн хуулийн Цэцэд бид Эрдэнэтийн 49 хувийг өмгөөлж хамгаалах үүднээс хандаагүй. 1992 оны Үндсэн хууль батлагдахаас өмнө 1991 онд батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай хууль гэж бий. Засгийн газарт эрх олгох тухай хуульд үндэслэн 2019 оны 91 дүгээр тогтоолыг гаргасан байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмэнт ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн нэртэй тогтоол юм. Тиймээс уг хууль болон Засгийн газрын тогтоолыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Өөрөөр хэлбэл хувийн өмч рүү Засгийн газар халдаж байгаа энэ үйлдлийг Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл, заалтуудад илт харшилсан тул хүчингүй болсонд тооцогдсон байх ёстой гэж үзэж байна. Хэрэв мэдээлэл үндэс-лэлтэй гэж үзвэл үндсэн хуулийн Цэцээс дурдсан хуулийг хүчингүйд тооцсон шийдвэрийг эцэслэн гаргаж, цаашид тус хуульд үндэслэн үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү мэдээллийг гаргаж байгаа юм.

-Үндсэн хуулийн хавсралт хуульд энэ хууль байдаг байх аа?

-1992 онд Үндсэн хууль батлагдахдаа хавсралт хууль баталсан. БНМАУ-ын Ардын их хурлаас 1992 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр баталсан БНМАУ-ын үндсэн хуулиас Монгол Улсын үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Монгол Улсын хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж тус тус заасан.

Энэ хавсралтад 1988 онд батлагдсан нэг хууль, 1991 онд батлагдсан долоон хууль байгаа. засгийн газарт эрх олгох тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль гэх мэт найман хуулиуд бий. Яагаад засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчин төгөлдөр гэж үзсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж бид үзээд үндсэн хуулийн Цэцэд өгч байгаа юм. Тэрнээс энэ хуулийг үндсэн хууль зөрчсөн эсэх талаар өмнө нь ямар нэг дүгнэлт гараагүй. Гэхдээ энэ хуулийг хүчингүй болгоогүй байхыг бодоход тухайн үедээ Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байж магадгүй. Нэг бол санамсаргүйгээр орхигдуулсан ч байх магадлалтай. Яагаад гэвэл тухайн үед засгийн газрын хууль гэж байгаагүй. энэ тогтоолоор зөвхөн онц байдал тогтоохоос гадна, гоц халдварт өвчин зэрэг бусад асуудлуудыг энэ хуулиар зохицуулж байсан учраас үлдээсэн байж магадгүй гэж хараад байгаа.

-Үндсэн хуулийн аль заалтад харшилж байгаа вэ?

-Хүчингүй болсонд тооцох ёстой уг хуулийн агуулгаар засгийн газраас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өмчийн хэлбэр үл харгалзан дурын үйлдвэрийн газар, байгууллагад “онцгой дэглэм” тогтоож, захиргааны акт нь хуульд үндэслэсэн байх тухай зарчимд нийцүүлэх шаардлагагүйгээр “тусгай журам” баталж, дараахь арга хэмжээг авах эрхийг засгийн газарт эрх олгох тухай хуулиар бий болгожээ. ингэснээр засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын үндсэн хуульд дараахь үндэслэлээр харшилж байна. үүнд: нэгдүгээрт, үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “….эрх чөлөө, тэгш байдал…., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Гэтэл засгийн газарт эрх олгох тухай хууль нь засгийн газар хүссэн үедээ өөрийн үзэмжээр үйлдвэрийн газар байгууллагад дурын хяналтаа тогтоож, хуулиас гадуур журам мөрдүүлж байгаа нь иргэнийг ялгаварлан гадуурхаж, эрх чөлөөнд нь халдаж, хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур шийдвэр гаргах эрхийг олгож байна. хоёрдугаарт, үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллагууд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчит эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор төлнө” гэж заасан. Гэтэл засгийн газарт эрх олгох тухай хуулиар иргэний шударгаар бий болгосон эд хөрөнгөнд бүрэн хяналт тогтоож, хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, удирдлагыг өөрчилж, бусадтай байгуулсан гэрээг хүчингүй болгож, эсэргүүцсэн тохиолдолд захиргааны болон бусад хариуцлага тооцохоор заасан байна. Гуравдугаарт, үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиас гадуур ямар нэгэн үндсэн хуулийн үзэл санааны эсрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа албан тушаалтан, эрх мэдэлтэн, иргэн, байгууллага хууль бус шийдвэр гаргахыг хориглосон ийм зохицуулалт байгаа. Гэтэл дурдсан хуульд зааснаар засгийн газрын шийдвэр нь үндсэн хууль, бусад хуульд заавал нийцсэн байхыг шаардахгүй байна.

-Уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц дээр авч үзээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл хэрхэх вэ?

-Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл хууль өөрөө хүчингүй болно. засгийн газрын тогтоол мөн хүчингүй болно. Тэрийг дараа нь Уи х хүлээж авах эсэх нь Уи х дээр шийдэгдэнэ. Тэгээд дунд суудлын хуралдаан, их суудлын хуралдаан гээд дарааллаараа явна. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авсан тохиолдолд юм уу, эсвэл Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарч мэдээллийг үндэслэлтэй байна аа гэсэн тохиолдолд хууль, тогтоол хоёр хүчингүй болно. ингэснээр тогтоолын хүрээнд гарсан онцгой дэглэм болоод ажлаас халсан шийд, цаашид зургаан сарын хугацаанд худалдан авалт хийхдээ тендергүйгээр шууд худалдан авалт хийх зэрэг үр дагавар бүхий шийдлүүд үгүй болох юм.

-Уг хуулийг өмнө нь ашиглаж байсан уу?

-Энэ хуулийг гурав дахь удаагаа хэрэглэж байна гэж тайлбарлаад байгаа. Өмнө нь МИАТ дээр нэг удаа хэрэглэсэн. Засгийн газрын тухай хууль гэж байгаа. энэ хуулийн 12-15 дугаар зүйлүүдэд ямар бүрэн эрхтэй байх вэ гэдгийг хуульчилчихсан. засгийн газар онцгой байдлын үеэр зөвхөн гоц халдварт өвчин гарсан тохиолдолд үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүрэн эрхээ хэрэгжүүлэх л зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл бүс нутаг дээр хорио цээр тогтоох эрх хэмжээ л бий. Түүнээс хувь компани дээр ямар нэгэн хуулийн шийдвэргүйгээр онц байдал зарлаад өмч хөрөнгийг нь хурааж, ажил албан тушаалтнуудыг нь солих асуудал шүүх эрх мэдэлтэй холбогдсон буюу гэм буруутай хэсэг нь тухайн байгууллага эд хөрөнгөө өмчлөх эрх нь хууль ёсны юу, үгүй юу гэдгийг шийдсэн шүүхийн шийдвэр байхгүй үед дур зоргоороо авирлан ийм шийдвэр гаргаж байна гэж ойлгохоос өөр арга байхгүй. Яваандаа энэ хуулиар хэн нэгэн компани дээр, хаана ч онц дэглэм тогтоож болохоор харагдаж байна. Манай үндсэн хуулийн Цэц санаачилгаараа засгийн газрын тогтоол, Уих-ын шийдвэрийг хянадаггүй юм. Харин эрх зүй өндөр хөгжсөн улсуудад үндсэн хуулийн Цэц нь өөрөө энэ байдлуудаа харж дүгнэлт хийдэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *