Тээврийн цагдаагийн албанаас энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-нд шилжих шөнийн хугацаанд “Уусан бол бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулжээ. Нэгдсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 512 зөрчлийг илрүүлж ажиллажээ. Ердөө таван цагийн хугацаанд шалгалтын ажиллагаа явуулахад л 512 жолооч согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцож явсан нь тогтоогдсон байна. Архи уучихаад жолооны ард сууж бусдын амь нас эрүүл мэндэд заналхийлдэг тохиолдол жил ирэх тусам л өсөх хандлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байгаа юм. Хуульчдын зүгээс үүнийг согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага хэтэрхий зөөлөн байгаатай холбож тайлбарлаж байна. Түүнчлэн согтуугаар жолоо барьж яваад баригдахаараа таньдаг цагдаа руугаа утас цохиод л хариуцлагаас мултардаг үзэгдэл “хутга барьсан алуурчид”-ыг өөгшүүлж байгааг замын хяналтад гарч буй цагдаа нар хэлж байна.
Согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин болоод бусад орнуудад согтуу жолооч ямар хариуцлага хүлээдэг талаар эрх зүйч Э.Энхцэцэгээс тодрууллаа.
-Согтуурсан үедээ жолооны ард суух зөрчил буурахгүй байна л даа. Баяр ёслолын бус үед ч согтуу жолооч хэдэн зуугаараа замын хөдөлгөөнд оролцдог болж. Үүнийг согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин сул байгаатай холбож тайлбарладаг юм билээ. Та энэ үзэгдлийг яаж харж байна вэ?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг Зөрчлийн тухай хуулиар торгодог. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7- д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээдийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг 400 мянган төгрөгөөр торгож жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасдаг. Энэ нь нэг зөрчилд хоёр шийтгэл оногдуулж байна гэх шүүмжлэл дагуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний эрх талаасаа байж болохгүй асуудал гэж зарим хуульчид үздэг. Нөгөө талдаа согтуу жолоочийн учруулсан хор хөнөөлийг бодож үзэх ёстой.Ганц шөнийн дотор гэхэд л 512 хүн согтуугаар жолооны ард сууж байна гэх энэ мэдээлэл төдий тооны хүний амь нас эрүүл мэндэд заналхийлж байна гэсэн үг. Тэдний гэр бүлийн бүтэн байдалд заналхийлж байгаа үйлдэл. Энэ ч утгаараа согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин хатуу байх хэрэгтэй. Согтуу жолооч гэдэг хутга барьсан алуурчинтай л яг ижил хэмжээний хор хөнөөл учруулдаг. Хутга бариад хүн рүү дайрахад 400.000 төгрөгөөр л торгоод өнгөрдөггүй шүү дээ.
-Согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцдог үзэгдлийг хязгаарлах ямар арга байна вэ. Жишээ нь, БНСУ болон Японд согтуу жолооч осол хийлээ гэх мэдээлэл бараг сонсогддоггүй. Энэ улс орнуудын туршлага нь юу вэ?
-Зөвхөн ялын бодлогоо чангалаад өргөс авсан юм шиг энэ асуудал цэгцрэхгүй. Нийт жолооч нарын ухамсарт л нөлөөлөх нь чухал. Япон, БНСУ улсад согтуугаар жолоо барьсан тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэхээс гадна бүр багаас нь ухамсарт нь суулгаж өгдөг. Дээрх хоёр орны хувьд согтуугаар жолоо барих зөрчил дэлхийн улс орнуудтай харьцуулахад хамгийн цөөн гардаг. Үүний нэг шалтгаан нь дунд сургуулийн хөтөлбөртөө жолоочийн хариуцлагын талаар зааж, сургадагтай. Тодруулбал, БНСУ болон Японд сурагчдадаа жолооч болоход амьдрал дээр ямар эрсдэл тохиолдож болохыг сургалтаар үзүүлдэг. Түүнчлэн осолд орвол хэрхэн гэмтэх, дүрэм зөрчвөл хэдэн төгрөгийн торгууль төлөх, хүний амь нас хохироовол ямар шийтгэл хүлээхийг заадаг.
Энэхүү сургалтад суусан сурагчид жолооч болон бэлтгэгдэхэд цаг ямагт эрсдэлийг тооцоолох сэтгэл зүйд суралцаж, замын хөдөлгөөнд оролцдог. Согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин нь ч чанга. БНСУ-д л гэхэл согтуугаар жолоо барьсан хүнд дараах хуулийн хариуцлагыг ногдуулдаг. Согтуурлын зэрэг 0.03-0.08 үзүүлэлттэй гарахад нэг жил хорьж, таван сая воноор торгодог. Эл үйлдлээ хоёр болон түүнээс дээш удаа зөрчвөл 2-5 жил хорих, 20 сая вон хүртэлх төгрөгөөр торгодог зохицуулалттай. Харин бусдад хүнд гэмтэл учруулах, амь насыг нь хохироовол хуулийн дээд хэмжээ буюу насан туршид нь хорих ялаар шийтгэдэг. Согтуугаар жолоо бариад шоронд орохыг хэн хүсэх билээ дээ. Ер нь дээрх орнуудад согтуу жолоочийн халаастай нь л ярьдаг. Манайх шиг толгойг нь илээд өнгөрөхгүй. Согтуу жолоочийг цөөлөхийн тулд учирч болох эрсдэлийг нь сэрэмжлүүлээд ялын бодлого чангалж өгдөг нь олон улсын жишиг.
-Согтолтын зэргээсээ шалтгаалаад хүлээлгэх хариуцлага нь өөр өөр байх нь?
-Тэгж хэлж болно. Багахан хэмжээний согтууруулах ундаа хэрэглээд л жолооны ард суувал хамаг цалингаараа торгуулаад өнгөрнө. Тодруулаад хэлбэл, согтуурлын зэргийн 0.03 промиль гэдэг нь аяга шар айраг л гэсэн үг. Манайхаар бол хул айраг уугаад жолооны ард суухад л ийм хэмжээний согтолт илэрнэ гэж ойлгож болно.
-Сэдвээсээ бага зэрэг хөндийрөөд асуухад жолооч нарын ур чадвар сул байгаа нь зам тээврийн ослын нэг шалтгаан болж байх шиг?
-Эрх зүйчийн зүгээс байр сууриа илэрхийлэхэд гаднын улс орнуудад жолооны үнэмлэх олгох шалгуур нь өндөр байдаг. Миний хувьд Польш улсад жолооны үнэмлэх авч байсан. Тэндэхийн жишээг онцлоход л жолоо барихыг хүссэн хүн бүрт шууд жолооны үнэмлэх гаргаад өгчихдөггүй. Энэ хүн хурд хэтрүүлэх үү, дүрэм зөрчих үү гэх мэт үзүүлэлтийг тестээр шалгадаг. Мөн хотын жолоонд гарахдаа нэг дүрэм зөрчихөд л шууд унагана. Ингэхдээ шалгуулагч хэдэн ч удаа унаж болно. Бэлтгэж байгаад л ирээд шалгалтаа өгчихдөг.