Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Ард иргэдийн өдрийн цагт тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж явахыг уриалсан байгаа. Энэ нь ард иргэддээ аюулт коронавирусийн халдвар дуусаагүй байгаа шүү гэдгийг анхааруулж байгаа юм. Энэ нь аюулт өвчин дуусах хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Мөн нийслэлд шар өвс шатаахтай холбоотой түймэр гарч байна. Хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байгаа энэ үед нийслэлийн ногоон бүсэд иргэдийг алхахыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хориглосон байгаа. Иймд гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг зөвлөж байна.
УОК-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны 437 тоот албан бичгээр аймаг, нийслэлийн тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор хязгаарлах зохицуулах арга хэмжээг авах тухай бичгийг Засаг дарга нарт хүргүүлсэн байгаа. Өнөөдрийн буюу 4 дүгээр сарын 12-ны байдлаар аль нэг аймаг, нийслэлийн Засаг даргаас тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гараагүй байна.
Тиймээс нийслэлийн иргэдийн хувьд маргааш буюу Даваа гарагт хуучин журмаараа замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл, 1 болон 6-аар төгссөн тээврийн хэрэгслүүд 08:00-20:00 цагийн хооронд хязгаарласан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг. Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй” гэсэн мэдээллийг өглөө.