Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Элбэгдүүрэн: Төрөлх сургуулиасаа олж авсан ур чадварууд цаашид шинжлэх ухааны жинтэй судалгаа хийх амтыг мэдрүүлсэн DNN.mn

АНУ-ын Массачусетс мужийн Новартисын Биоанагаах ухааны судалгааны хүрээлэнгийн (NIBR) Нүд судлалын тэнхимийн генийн эмчилгээний тэнхимийн ахлах эрдэмтэн Эрдэнээгийн Элбэгдүүрэнтэй ярилцлаа.


-Станфордын их сургуульд биологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол төгсөгч болсон танд баяр хүргэе. Эрдмийн зэргээ хэдий хугацаанд суралцаж, судалгаа хийж хамгаалсан бэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы мянга мянган уншигчдад алс холын Америкийн нэгдсэн улсаас энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2017 оны намар АНУ-ын Станфордын их сургуулийн Биологийн тэнхимийн докторантурт элсэн орж нийт таван жил суралцан 2022 оны хавар Биологийн шинжлэх ухаанаар докторын зэргээ хамгаалсан.

-Таны судалгааны сэдвийн онцлог, зорилго юу вэ?

-Миний мэргэшиж буй судалгааны чиглэл нь Синтетик биологи болон Био-инженерийн салбарт хамаарна. Синтетик биологи нь судалгааны ба эмийн зориулалтаар эсийг программчлах, үйл ажиллагааг нь өөрчлөх, шинэ молекул зохион бүтээх зэрэг зорилготой салбар бөгөөд сүүлийн жилүүдэд эрс хурдтай хөгжиж буй шинжлэх ухааны салбар юм. Тэр дотроо, aливаа организмын эсийн түвшинд гарч буй өөрчлөлтийг судлах молекулын шинэ арга, аргачлалыг зохион бүтээх нь миний судалгааны зорилго юм. Жишээ нь докторынхоо судалгааны үр дүнд LuCID гэж нэртэй аргачлалыг бүтээсэн. Энэ нь эсийн кальцийн хэмжээ өндөр түвшинд буйг илрүүлэх чадвартай синтетик хэлхээ юм. Энэхүү аргачлалаар эсийн төрлийг судлах боломжтой бөгөөд жишээ нь тархины/мэдрэлийн эс нейрон эсвэл зүрхний эс кардиомиоцитууд зэрэг нь хэрхэн ажиллаж буйг олж мэдэхэд ашиглах юм.

-Хэрхэн Станфордын их сургуульд элссэн бэ?

-Принстоны их сургуульд бакалаврын хөтөлбөрөө Молекулын биологийн чиглэлээр төгсөх үедээ Станфордын их сургуулийн Биологийн шинжлэх ухааны докторантурт суралцах урилга авсан. Дэлхийн шилдэг сургуулиудын докторантурт тэнцэн ороход академик үзүүлэлтүүд сайн байхаас гадна судалгаа хийх авьяас, чадвар их чухал байдаг. Би бакалаврт сурч байхдаа Биохими, бүтцийн биологийн чиглэлээр бие даасан судалгаа хийж туршлага хуримтлуулсан байсан. Харин докторантурт элсэж ороод Био-инженерчлэлийн салбарыг сонирхон тэр чиглэлд судалгаагаа хийхээр шийдсэн. Мэдээж өмнөх судалгааны чиглэлээ өөрчилж, шинэ ур чадваруудыг түргэн хугацаанд эзэмшиж докторын судалгаагаар уг салбартаа цоо шинэ хувь нэмэр оруулах нь надад том сорилт байсан.

-Магистр, бакалаврын зэргээ хаана ямар мэргэжлээр дүүргэсэн бэ?

-Бакалаврын зэргээ Молекулын биологийн чиглэлээр голлон, Тархи, мэдрэл судлалын салбарт хавсран мэргэшиж төгссөн. АНУ-д байгалийн ухааны нэлээд салбарт магистрын зэрэг шаардахгүй бакалавраас докторантурт элсэн суралцах боломжтой байдаг тул би шууд докторын хөтөлбөрт хандаад тэнцсэн.

-Та 2017 онд Принстоны Их сургуулийг молекулын биологийн мэргэжлээр төгссөн гэлээ. Мэргэжил болоод сургуулийнхаа тухай ярьж өгөөч…

-Бакалаврын судалгаагаа Биохими болон бүтцийн биологийн чиглэлээр хийсэн. Ингэхдээ эсийн хуваагдлын түвшинд чухал үүрэгтэй нийлмэл уургийн бүтэц, үйл ажиллагааг судалсан. Эргээд бодоход дэлхийн топ сургуулиудын нэг Принстонд суралцаж байсан үе маань миний амьдралын хамгийн дурсамжтай жилүүд байсан. Гайхалтай эрдэмтэн профессорууд бас маш авьяаслаг хүүхдүүдээс их зүйлийг сурсан. Принстоны их сургууль миний сэтгэлгээний цар хүрээг их тэлж, аливаа зүйлийг бүтээлч, шүүмжит олон талаас нь эргэцүүлэх чадварыг өгсөн гэж боддог. Төрөлх сургуулиасаа олж авсан ур чадварууд цаашид шинжлэх ухааны судалгаа хийх амтыг мэдрүүлж ирээдүйн карьерт хөтөлсөнд их баярлаж явдаг.

-Мэргэжлээ хэрхэн сонгож байв?

-Ахлах сургуульд сурч байхдаа нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийг сонирхож ялангуяа философид их дуртай байсан. Тиймээс би Принстонд ирээд хэд хэдэн гүн ухааны чиглэлийн хичээл судалсан. Ялангуяа хэл шинжлэл, математик болон бусад шинжлэх ухааны логикийн үндэс нь болдог Аналитик философийн хичээлд их дуртай байсан. Мэдээж либерал арт хөтөлбөрийн давуу тал нь суралцагч өөрийн сонирхсон чиглэлээр ямар ч хичээлийг судлах нь нээлттэй байдаг тул молекулын биологийн чиглэлээр хичээлүүдийг судалж Розалинд Франклины намтар, түүхийг их уншиж гайхамшигт эмэгтэй шиг болохсон гэсэн хүсэл мөрөөдөл төрдөг байсан. Английн эрдэмтэн Франклин нь ДНХ–ын молекулын бүтцийг судалж нээлт хийхэд маш том хувь нэмэр оруулсан хүн гэдгийг хүмүүс сайн мэдэх байх. Тэгээд философид татагдсан хүслээ шинжлэх ухааны карьерээр сольж Молекулын биологиор мэргэшихээр сэтгэл шулуудсан.

-Хэдэн оноос гадны оронд суралцаж, амьдарч байна вэ?

-2006 онд ээж маань докторантурт суралцахаар бид гэр бүлээрээ АНУ-д ирж байсан. Би тэр үед 11 настай байсан. Түүнээс хойш бага, дунд, ахлах сургууль, их сургууль гээд бүхий л шатны боловсролыг энд эзэмшсэн.

-Тэгэхээр англи хэлийг багаасаа сурчээ…

-Тийм ээ, анх АНУ-д ирэхдээ би англи хэлээр ярьж чаддаггүй байсан. Англи хэлийг богино хугацаанд

сурахын тулд эх хэл дээр нь ном их уншдаг байсан. Манай сургуульд, бидний амьдарч байсан хотод нэг ч монгол хүн байдаггүй байсан тул би англи хэлээр аль болох хурдан ярьж, ойлгож сурах хэрэгтэйг мэдэрсэн.

-Дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцэхэд тань юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Хүүхдийн боловсролд гэр бүл, эцэг эхийн дэмжлэг, оролцоо их чухал гэж боддог. Аав, ээж хоёр маань намайг хаана ч гологдохгүй боловсролтой хүн болгохын төлөө бүхий л боломж, цагаа зориулсан. Шилдэг сургуулийн бакалаврын хөтөлбөрт бүрэн тэтгэлэгтэй суралцахын тулд элсэлтийн шалгалтуудын оноо өндөр байхаас гадна олон талын авьяас чадвартай, өв тэгш (англиар well-rounded) элсэгч байх хүлээлт байдаг. Би тийм л шаардлага, хүлээлтийн дагуу хичээлийнхээ хажуугаар хийлийн оркестртоо явах, төгөлдөр хуур хөгжмөө давтах, Model UN–ийн хурал, мэтгэлцээний клуб, олимпиад гээд хичээлээс гадуурх олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан. Ахлах сургуульд байхад надад чөлөөт цаг бараг гардаггүй байсан. Ээжийгээ дагаад амралтын өдрүүдэд номын санд сууна. Ээж маань нийгмийн ухааны салбарт АНУ-д докторын зэргээ хамгаалсан, одоо МУИС-д багшилдаг. Аав маань ч боловсролын чухлыг маш сайн ойлгодог, дэмжиж, хэцүү асуудал тулгарахад сэтгэлийн хүч их өгдөг байсан. Докторын зэргээ авахад аав маань харж чадаагүйд их харамсдаг. Намайг амжилтад хүрнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй аавтай байсандаа өөрийгөө их азтайд тооцдог.

-Эх орондоо хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ, та аль нутгийн хүн бэ?

-Би эх орондоо жил бүр зуны амралтаараа очдог. Өнгөрсөн зун очоод ирсэн. Би Өмнөговь аймагт төрж өссөн. Говьд эмээтэйгээ (ээжийн) бага насаа өнгөрүүлсэн. Аавын ээж аав, ээжийн талын хамаатнууд бүгд говьд амьдардаг.

-Гэр бүлд нь анагаах, биологийн чиглэлийн мэргэжилтэн байдаг уу?

-Ээжийн ээж маань эм зүйч мэргэжлээр олон жил ажилласан хүн байдаг. Бага байхад эмээ минь намайг ажилдаа байнга дагуулж явдаг, эмээгийнхээ ажил дээр өдрийг өнгөрүүлдэг байсан даа.

-Одоо хаана ажиллаж амьдарч байгаа вэ?

-Ажил амьдралын гараагаа Новартис гэдэг Швейцарьт төвтэй том эмийн компанийн АНУ-ын Массачусетс дахь Судалгаа, хөгжлийн (R&D) институцид эрдэм шинжилгээний ахлах судлаачаар (Senior scien­tist II) эхэлнэ. Тэнд нүдний ноцтой дегенератив эмгэг өвчнийг анагаах генийн шинэ эмчилгээг нээх төсөл дээр ажиллана.

-Дараагийн зорилго, төлөвлөгөөнийхөө тухай хуваалцаач…

-Цаашид биотехнологийн салбарын судалгааны чиглэлээр ажиллаж их зүйлийг сурч, туршлага хуримтлуулан дэлхийн олон сая хүний сэтгэлийг түгшээсэн ноцтой эмгэг өвчнүүдийг анагаах эмнэлзүйн шинэ арга, аргачлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэсэн итгэл, зорилготой явдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *