Categories
мэдээ цаг-үе

Э.Бүрнээбаяр: Би олон шинэ уран бүтээл хийдэггүй

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай ярилцлаа. 

-Зун цаг үргэлжилж байна. Амралтаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Энэ зун гэртээ байхыг илүү эрхэмлэж байгаа.  

Гэхдээ миний хувьд энэ жилийн хавар ҮДБЭЧ-ын дуучин, СТА Ц.Нарантуяатай хамтарч орон нутагт тоглолтоо хийсэн. Ц.Нарантуяа маань уртын дууч, нийтийн дууг маш сайхан дуулдаг. Мэдээж орон нутагт хамт аялан тоглолт хийхэд өөртөө таалагдсан дуучинтай л явна шүү дээ. Тиймээс нь хоолойг нь бишрэн шүтдэг хүнээ сонгосон юм. Бид хоёр хоёр удаа хамтарсан тоглолт хийсэн. Эхнийхийг нь хоёр жилийн өмнө “Бүсгүй хүн” нэртэйгээр үзэгчдэдээ хүргэсэн бол хоёр дахь нь өнгөрөгч эмэгтэйчүүдийн баяраар хийсэн “Сүүн далай ээж” VIP тоглолт байлаа. Уг тоглолтоо хөдөөгийн ард түмэндээ хүргэхээр зорьсон нь энэ л дээ. 

Манай уран бүтээлчид орон нутагт тоглох нь олон болжээ. Ялангуяа зун цагт нэг аймагт хоёр, гурван хамтлаг, дуучин очно. Тиймээс аль болох давхцахгүйг хичээж, бие биенээ сурагласаар очдог болсон. Биднийг нийслэлээс гарахад Хөвсгөл аймгийн сумдад урлагийнхан байхгүй байсан ч дундаас нь Д.Галсантогтох, Б.Туяа гавьяатуудтай тааралдсан. Сумдад тоглоод дуусч байхад дуучин Г.Эрдэнэтунгалаг очиж байх жишээтэй. 

-“Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын” гэдэг үгс бараг таны овог болжээ? 

-Миний амьдрал, уран бүтээл хилийн цэрэгтэй салшгүй холбоотой. Намайг 20 настай байхад Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга анх чуулга болж байгуулагдаж байлаа. Тэр үед дагалдан жүжигчнээр орж, нэг жил ажиллаад жинхэлж байв. Тэр хооронд намайг жинхэнэ уран бүтээлч болгож, уран бүтээлчийн чанар чансаа маань тэнд бий болсон гэхэд болно. Байнгын өндөр мэргэжлийн багш нар хичээл ордог байсан учир хүмүүс маш хурдан, шахуу боловсордог байсан үе л дээ. Эцэст нь Соёлын яамнаас ирсэн шалгалтаар тэнцэхийг нь тэнцүүлж, тэнцэхгүйг нь сунгаад явуулдаг байлаа. Миний хувьд нэг жил болоод шалгалтандаа ч, цэргийн албандаа ч тэнцсэн.  

-Та 2000 оны дундуур тэтгэвэртээ гарсан ч эргээд ажилдаа орсон байх аа?

-Хилийн цэргийн дуу бүж­гийн чуулгад 24 жил ажил­лаад цэргийн тэтгэврээ тогтоол­гоод гарсан. Түүнээс хойш тав, зургаан жил чөлөөт уран бүтээлч хийж, гадаадад бас нэг жил амьдарлаа. Гэхдээ би энэ хугацаанд ажлаа санаад эргэж ормоор санагдаад байсан юм. Мэргэжлийн урлагийн байгууллагад ажилламаар бодогдоод дарга нартаа хэллээ. Дарга нар маань ч таатай хүлээн авч буцаж ажилдаа ороод гурван жил ажиллаад өнгөрсөн нэгдүгээр сараас буцаад чөлөөт уран бүтээлч болсон. 

-Яагаад тэр вэ?

-Ер нь бол хүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тэтгэвэрт гаргадаг юм билээ. Үнэхээр яалт ч үгүй бие организм маань хүлээж авахаа больчихдог бололтой. Яаж өглөө очиж цагаа бүртгүүлнэ ээ гэж бодоод байдаг. Гавьяат гээд биеэ тоогоод очихгүй байж болохгүй. Гэтэл очоод хийх ажил багатай, дэмийг л хийнэ. Сүүлдээ дарга нараасаа санаа зовсон. “Энэ хүн яагаад цалин аваад байгаад байгаа юм” гэж бодож байгаа байх гэмээр. Гэтэл хувьдаа надад найр хуримнаас авахуулаад, томоохон тоглолтуудад дуу­лах ажил зөндөөн байдаг. Ингээд л халагдах өргөдлөө өгсөн дөө. Тэр үед ажилдаа эргээд ороход сайхан байсан шигээ халагдахад бас их сайхан байсан шүү.  

-Та уран бүтээлээ хийж явах­даа хилээ хэд тойрсон бэ?

-Үүнийг нарийн тооцож байгаагүй юм байна. Тоолохын аргагүй. Жилдээ хоёр удаа хилийн бригадад ажиллана. Хоёр эсвэл гурав тасраад явна шүү дээ. 

-Ойрын үед шинэ уран бүтээл хэр хийж байна вэ?

-Би олон шинэ уран бүтээл хийдэггүй. Их л таалагд­вал хийнэ. Үг нь аятайгаа хэрхэн наалдсан байгааг их анзаарч үздэг. Би саяхан “Нандин учрал”, “Жороо халиун” гэ­дэг сай­хан дуу хийсэн. Уг нь би 20-иод жилийн өмнө “Жороо халиун”-ыг радио­­гийн Алтан фондод би­чүүлж байсан юм. Сая шинэ аранжи­ровшиктойгоор дуулсан. 

Одоо н.Содномдорж гэдэг хими, физикийн ухааны доктор хүнтэй хамтарч сайхан уран бүтээл хийж байна. Энэ хүн Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр арван жилийн сургуулийг миний паралель ангид төгсөж бай­сан. н.Содномдорж өдгөө Канадад амьдардаг юм билээ. Саяхан эх орондоо ирээд сургуулиа дурссан “Сургууль минь баяртай” дууг зохиогоод намайг хараад өгөөч гэсэн юм. Үзэхэд үнэхээр сайхан үг, аятай дуу санагдсан. Тиймээс ч маргааш (өнөөдөр) хоолойны бичлэгтээ орох гэж байгаа. 

Түүнчлэн Онцгой байд­лын албаны хүмүүсийн тухай “Алдар хүндийн эзэд”, сувилагчийн тухай “Үйлс гэгээн сувилагч” зэрэг шинэ уран бүтээлүүдээ хийж байна даа. Дараа нь клипжүүлэх ажилд шамдана. 

Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров багш маань 1990-ээд оны үед “Хилчдээс асуу”, “Ээж минь”, “Үдэлтийн дуу”, “Сэвлэгийг минь сэргээсэн голомт” гэж дөрвөн сайхан дуу надад өгч байлаа. Өдгөө бүгдээрээ радиогийн Алтан фондод бий. Эдгээр дуунуудыг байнгын дуулдаггүй байсан ч өнгөрсөн оноос эхлэн үзэгчид маань “Ээж минь” дууг надаас асуух болсон. Нэг найз маань асуу­саар байгаад өөрөө ивээн тэтгээд шинэ аялгуу хийж, “Ньюанс” хамтлагтай хамтарч дууллаа. Аравдугаар сарын сүүлээр уран бүтээлийн бие даасан тоглолтыг ч мөн төлөвлөөд байгаа. Энэ мэт бодож, төлөвлөсөн ажил их байна даа.   

-Таныг “Амьдралаа би чамд хайртай” дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ бүтээлээ анх хэрхэн хүлээн авч байв?

-Их л энгийнээр тэр дуутай учирч байлаа. 1992 онд “Санаанд илхэн хань” дууг надад өгөх гэж Ё.Сүхбаатар багш маань намайг хайж чуулга дээр ирж байсан гэдэг. Тухайн үед би байхгүй байж таараад ажилдаа очсон чинь багш маань “Хаагуур тэнээд алга болчихдог юм. Энд чамд дуугаа өгөх гээд мундаг багш хүн ирээд явлаа. Араас нь оч” гэдэг байгаа. Ингээд би Ё.Сүхбаатар багшийг хайж УБДС дээр ирээд дуугаа авсан. Энэ хүн цөөхөн хэдхэн дуу хийсэн ч бүгдээрээ ард түмэнд хүрч чадсан. Тухайлбал, Б.Сийлэгмаагийн “Хүн хүндээ хайртай явъя” Бямбажавын “Юмдүүжин цэцэг” гээд дуунууд бий. “Санаанд илхэн хань” дуугаа аваад гарах гэтэл дахиад нэг ийм дуу байна гээд “Амьдралаа би чамд хайртай” дууг сонсгосон. Ё.Сүхбаатар багш өөрөө зөөлөн намуухан хоолойгоор дуулж өгч бай­лаа. Тухайн үед өөрийн дуу­­тай болох юмсан гэдэг мөрөөдөлтэй байсан болоод ч тэр үү “Би авъя” гээд л авсан. Бидний үед мөнгө байвал гайгүй дуу аваад дуулчихна гэдэг ойлголт байхгүй байлаа. Сайхан дуу ирвэл дуулдаг, ирэхгүй бол байж л байдаг байсан. 

-“Дэлтэй шувуу” ч бас таны оргил уран бүтээл болов уу?

-Тэгэлгүй яахав. “Амьдралаа би чамд хайртай” дуутай нэгэн зэрэг төрсөн дуу. Монголын радиогийн 1992 оны “Цагаан лавай” наадамд түрүүлж байсан уран бүтээл шүү дээ.  

-Одоо ч гэсэн энд, тэнд уригдахад энэ хоёр дууг л захиална биз?

-Тийм шүү. Эхлэхэд нь алга ташна, дуусахад нь мөн алга ташина. Тэгж бодохоор үзэгчид маань их сайхан хүлээн авсан бүтээлүүд. Ер нь би ихэвчлэн 1990-ээд оны цөөхөн хэдэн дуутай хүн.  “…Ижий­дээ очмоор намрын өглөө хэмээх үгтэй “Хайрын хорвоо”, “Ээждээ би очлоо доо” гэх хуруу дарам цөөн дуу бий. 

-Энэ хоёр дуу таныг гавьяатын тэмдэг зүүхэд тусалсан болов уу?

-1998 онд Хилийн цэргийн баяраар гавьяат болж байлаа. Тухайн үед миний дуунууд бүгд хит болчихсон байв. Энэ шагнал зөвхөн миний дуунууд төдийгүй хилийн цэрэгт ажилласны минь үр дүн байсан. 16 жил тасралтгүй хил тойрч, хилээ манаж бай­гаа цэргүүдэдээ, тэдний гэр бүлийн­хэнд урлагаар үйл­чилсэн нь гавьяа болсон юм болов уу даа.

-Та өнгөрсөн хугацаанд нэг хэсэг уран бүтээлээсээ завсардахдаа гадаадад байсан байх нь ээ?

-АНУ-д байсан юм. Өнөө үед уран бүтээлч ажлаасаа хөндийрөөд нэг жил болоход л орон зайгаа алдаж байна. Гэтэл эргээд үүнийгээ олж авахад маш их хугацаа шаар­дана. Миний хувьд одоо л уран бүтээл хийхэд боломжийн болж, урилга, захиалга ирэх нь олонтаа болж байна. 

-Нийтийн дуу нэг хэсэг маш хүчтэй хөгжсөн. Одоо харин харьцангуй нам жим болчихов уу даа?

-Оргилж байсан үеэ бодвол харьцангуй гольдролдоо орж байна. Дуунуудыг үйлдвэр­лэж, мөнгөөр бөмбөгдөн, өөд уруугүй фм, радиогоор цацуулж, хүчээр хит болгодог зарчим орчин үед бий бол­жээ. Гэхдээ би үүнийг буруут­гадаггүй. Нийгэм нь ийм байгаа юм чинь ингэж л хоолоо олж иднэ шүү дээ. Манай уран бүтээлчдийн хувьд зах зээл бага. Орон нутагт л гэхэд долоо хоногт хоёр удаа тоглолт очиж бай­на. Бэлэн мөнгө гар дээр нь байдаггүй хүмүүс тэр бол­гон үзэхгүй. Оросын одууд бол гадагш гарах ямар ч шаард­лагагүй байдаг гэсэн. Нутгаа тойроод явж байхад л тэрбумтан болчихдог гэж байгаа. Тэгэхэд манайд тийм зүйл байхгүй. Яалт ч үгүй сайн уран бүтээлийг, маш сайн рекламтайгаар л үзэж байна. 

-Ингэсээр нийтийн дууг хэн ч сонирхохгүй болчихвол яах вэ?

-Энэ бол цаг хугацааны хувьд ялгараад үлдэх асуу­дал. Нийтийн дуучид үзэгчид­тэйгээ ороод ирсэн гэж ярьдаг байлаа. Үзэгчид маань маш хурдтай хөгжиж, хотжиж байна. Тэр хэрээрээ ялгаа, заагийг нь мэддэг болно. Чанар чансааг нь үнэлдэг болоод ирнэ. Тиймээс миний хувьд айхгүй байна. 

Би 20, 30 жил дуулсан дуугаараа бахархдаг. Энэ бол миний сайнд биш. Тухайн үеийн хүмүүсийн хүлээж авч байсан сэтгэлгээ, шүлэгний утга, агуулга мундаг байсных. Тэр үед дууны шүлэг бүрийг зөвлөгөөнөөр оруулж баталдаг байлаа. Түүнээс бус одоогийнх шиг хэн дуртай нь шүлэг бичээд, ая хийгээд дуулчихдаггүй байсан юм. Тийм учраас чансаатай байсан. Тэр үед дуу гурван жигүүртэй байсан бол өнөөдөр аранжировшик, клип гээд арван жигүүртэй болчихжээ. 

-Та Сэлэнгийн унаган хүүхэд үү?

-Би ухаан орсон цагаасаа Сэлэнгэд амьдарсан суугуул иргэн нь. Тэнд наймдугаар анги төгстөлөө байсан. Уг нь миний аав н.Ваанжил Өмнөговийнх л доо. Би тэнд төрсөн. Гэхдээ тухайн үед амьдралын шаардлагаар манайх Сэлэнгэд очиж амьдар­сан юм. Миний аав монгол хэл, уран зохиолын багш ажилтай, маш нэр хүндтэй, мундаг хүн байсан. Аавын маань олон шавь бий.

Би хөгшин аав н.Эрдэнэ­далайгаар овоглодог. Хөгшин аав ээж дээрээ өссөн айлын том бас эрх охин. Доороо арван дүүтэй. Дүү нар маань бүгдээрээ Өмнөговьд төрж, өссөн.

-Та АНУ-ыг ямар ажлаар зорьсон юм бэ?

-Охин маань тэнд амьдардаг юм. Охин дээрээ очингоо Вашингтон, Сеатль хотуудад тоглолтоо хийсэн. Наадам болон шинэ жилийн баярт нь дуулж байлаа. 

Миний дунд охин саяхан Кальфорнийн их сургуулийг загвар зохион бүтээгчийн мэргэжлээр төгссөн. Би 1976 онд наймдугаар ангиа төгсөөд багшаасаа зөрөн байж европ хувцасны ангид орохоор Улаанбаатар хотод ирж байсан ч харамсалтай нь хүслээ биелүүлж чадаагүй юм. Гэтэл банк, санхүүгийн мэргэжлээр суралцаж байсан охин маань гэнэт мэргэжлээ өөрчилж, загвар зохион бүтээгчийн ангид орчихсон. Үүнийгээ утсаар л хэлсэн. Би үүнд нь дургүйцээгүй ээ. Өөрөө дуртай байсан болохоор шууд л зөвшөөрсөн. 

-Таны том охин “Universe best songs” уралдааны шилдэг 25-д багтаж байсан байх аа?

-Миний охин шилдгээр шалгарч 25-д багтаж чадсан. Одоо уран бүтээлийнхээ хажуугаар жуулчны хувийн компанид хөтчөөр ажиллаж бай­гаа. Харин бага хүү маань Төрийн банкинд програм­мистаар ажиллаж байна. 

-Уучлаарай, таны хувийн амьдрал руу хэт орж байна уу. Таныг өөрөөсөө залуу хүнтэй хамтран амьдарч байсныг хүмүүс мэднэ?

-Би одоо ганцаараа амьдарч байгаа. Ер нь уран бүтээлчид ялангуяа бидний үеийнхний хувьд гэр бүлдээ анхаарал хандуулах нь бага байсан болоод ч тэр үү, бусад янз бүрийн хүчин зүйл, шалтгаанаас үүдэн гэр бүл салж байгаа нь нэлээд харагддаг. Миний хувьд Цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжимчин хүнтэй найман жил хамт амьдарсан ч одоо сайхан харилцаатай найзууд болсон.   

Т.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *