Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай ярилцлаа.
-Та одоо ямар байгууллагад харьяалагдаж байна вэ?
-Одоогоор ямар нэг байгууллагад харьяалагдаагүй. Чөлөөт уран бүтээлч. Нийтийн дуучдын нэгдсэн холбооны гишүүн. Нэгдсэн холбооны хамгийн ахмад нь Н.Чулуунхүү ах маань байна. Дараа нь би. Ахмадуудын нэг болж ажиллаж байна даа. Чөлөөт уран бүтээлч болсон учраас хөдөө орон нутагт очиж ажиллах үе их гарч байгаа. Тэтгэвэртээ гарсан гээд уран бүтээлээсээ холдсон зүйл байхгүй. Харин ч бүр ажил ихтэй болсон.
-Урлагийн зам мөртэй хэрхэн холбогдож байв?
-Миний урлагийн замд орсон замнал их сонин. Аравдугаар ангиа төгсөөд Техник мэргэжлийн сургуульд сурч төгсөөд үсчин болж байлаа. Тухайн үед Хувьсгалт залуучуудын эвлэлийн шугамаар уралдаан тэмцээн, урлагийн үзлэгт оролцож, “Сэлэнгийн долгио” чуулгын тоглолтод гуйж байгаад дуулдаг байсан. Яагаад ч юм урлаг надтай ойр байсан санагддаг юм. Тэгээд үсчинээр гурван жил ажиллаж байтал аймагт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан ирж тоглосон юм. Тэднийг ирснийг сонсоод шууд л очоод шалгуулсан чинь “Намар хотод ирээрэй” гэсэн юм. Ингээд л гурван сар цалингүй дагалдангаар ажиллаж байгаад дуучин болсон доо. Урлагийн хүн болсон минь хувь тавилан гэж боддог.
-Та гавьяаныхаа амралтад байдаг шүү дээ…?
-20 настайдаа хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ороод 20 гаруй жил ажилласан. Насаараа хамт байсан ажлаа санах үе бий. Чуулгаараа ороод явж байхад их дотно санагддаг. Уран бүтээл гэдэг тэтгэвэрт гардаггүй учраас үргэлжлүүлээд дуугаа дуулаад явж байна. Хилийн цэрэгт байхдаа гавьяат жүжигчин болсон. Нэг газар тасралтгүй ажиллана гэдэг сайхан санагддаг. Яг л нэг гэр бүл шиг болсон байдаг юм. Миний бүхий л гавьяа шагнал хилийн цэрэгтэй салшгүй холбоотой. Ер нь би өөдрөг үзэлтэй хүн л дээ. Хэдэн ч хүний өмнө гараад дуулсан ч уран бүтээлч хүн жаргалтай байдаг. Ер нь сэтгэл санаагаар унаж байсан үеэ санадаггүй. Энэ бол дууны л ач буян. Байнга олон хүнтэй уулзаж, өөр өөр орчинд ажилладаг учраас муу муухайг бодох зав байдаггүй гэх үү дээ.
-Та одоо хэнтэйгээ амьдарч байна вэ?
-Хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Уран бүтээлээ хийхийн хажуугаар ач зээгээ харж байна даа.
-Ач зээгээс тань урлагийн хүн болчих байх гэсэн хүүхэд бий юу?
– Одоохондоо урлагийн хүн болгоё гэсэн бодол алга. Гэхдээ манай хүүхдүүд урлагийн мэдрэмжтэй санагддаг. Дуу бүжгийн тэмцээн уралдаанд их оролцдог. Ээж, аав нь ч дэмждэг.
-Таны мэргэжлийг өвлөж авсан том охин тань дуурийн дуучнаараа ажиллаж байгаа юу?
-Охин маань дуурийн театрт ажиллаж байсан. Гадаадад хоёр гурван жил ажиллаад мэргэжлээсээ жаахан хөндийрсөн л дөө. Одоогоор өөр мэргэжлээр суралцаж байна. Дуунуудыг минь охин маань мэддэг, надаас илүү дуулдаг шиг санагддаг. Мэргэжилдээ их сайн. Би дуунуудаа охиноороо дуулуулах гэж байгаа.
-Та саяхан дуучин Аминатай хамтарч шинэ дуу дууллаа. Та хоёрыг урлагийн ээж охин гэдэг байх аа?
– Одоохондоо шинэ уран бүтээл дээр ажиллаагүй байна. Анх Аминаг хоёрдугаар ангид байхад нь “Цас цагаан охин” гэх дууг дуулж байсан. Ээж охин хоёрын харилцаа дуу. Тухайн үедээ нэлээд хүмүүст хүрсэн. Одоо ч хүмүүс мэддэг. Хэдэн жил дарааллаад шинэ жилийн баярын нэвтрүүлгүүдэд уригдаж дуулдаг байлаа. Их сайхан уран бүтээл болсон гэж боддог. Харин бид хоёр саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэгийн үг, Р.Ганбаатарын ая “Ээждээ би очлоо доо” дууг хамтарч дуулсан.
-Та хэр олон уран бүтээлчтэй хамтарч дуулж байв?
-Уран бүтээлч хүний хувьд дуучидтайгаа хамтарч уран бүтээл хийлгүй яахав. МУГЖ Г.Эрдэнэбат бид хоёр “Охин үр” гэдэг дуу дуулж байлаа. Би ганцаараа ч энэ дууг дуулдаг. Мөн МУГЖ Б.Дашдондогтой хамтарч дуулсан дуу бий. МУГЖ Ж.Уранчимэг СТА Л.Оюунчимэгтэйгээ хамтраад “Нандин учрал, эстрадын дуунууд” тоглолтоо гурван жилийн өмнө хийсэн. Тоглолт маань үзэгчдийн таашаалд их нийцсэн. Бид хориодхон насандаа л найзалж эхэлж байлаа. Тэр үед би анх урлагт хөл тавьж дуучин болж байсан бол Оюунаа, Урнаа хоёр аль хэдийнэ Филармонийн дуучид болчихсон байсан. СТА Л.Оюунчимэг, МУГЖ Ж.Уранчимэг эстрадын дуучид. Биднийг дуучин болж байх үед 1960-70-аад онд нэрд гарч байсан Б.Нандинцэцэг, М.Янжиндулам эгч нарынхаа дурсгалыг хүндэтгэж, дуунуудыг нь попури хийж дуулсан. Мөн Н.Жанцанноровын ая, Д.Рэнцэндоржийн үг “Ээж минь” гэдэг дуугаа “Нюанс”-тай хамтарч дуулсан. 1990-ээд оны дуу л даа. Би ганцаараа дуулдаг байсан. Ингээд бодохоор хамтарсан уран бүтээл олон байдаг юм байна.
-Шинэ цомгийн ажилтай байгаа гэсэн. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
– Би хоёр цомог л гаргаж байсан юм билээ. Анхны цомог маань “Амьдрал аа би чамд хайртай”, хоёр дахь нь “Сэтгэлийн хийморь” гэсэн нэртэй. Хүмүүсийн сайн мэддэг, үзэгчдийн хүртээл болсон шилдэг дуунуудаасаа сонгож шинэ цомог гаргах гээд ажиллаж байна. Өөрийнхөө уран бүтээлүүдээс хүмүүсийн сонсох дуртай дуунуудыг түүвэрлэж авсан юм. Би дуунуудаа явцын дунд байнга шинэчилдэг. Шинэ уран бүтээлийн хувьд өөрийн шинэчлэн дуулсан “Амьдрал аа би чамд хайртай”, “Ээж минь дээ”, “Ээждээ би очлоо доо”, “Мөнхийн залуу хайр” “Нандин учрал”, “Дэлтэй шувуу” дуунууд маань багтаж байгаа. Мөн Канадын Торонто хотод ажиллаж амьдардаг ангийн хүүхэд Содномдоржийнхоо зохиосон “Сургууль минь баяртай” дуугаа шинэ цомогтоо оруулсан. Төгсөлтийнхөө 40 жилийн ойд зориулж хийсэн гоё дуу байгаа. Хөгжмийг нь Уянга бичсэн. Одоо үед арван жилийн төгсөлтөөрөө хүмүүс их уулзацгаадаг болсон байна. Шинэ цомгоо ирэх сард багтааж гаргах бодолтой байгаа.
-Сонсогчид “Амьдрал аа би чамд хайртай”, “Дэлтэй шувуу” дууг таниас их хүлээдэг…?
– Эдгээр дуунуудыг сонcогчид маань бараг ардын дуу шиг хүлээж авдаг болчихсон байна. Эргээд харахад сэтгэл хангалуун сайхан санагддаг. Дуу гарсны дараахан олон хүн захидал ирүүлдэг байсан. “Амьдрал аа би чамд хайртай” дуутай холбоотой олон сайхан дурсамж бий. Энэ дуугаа ахиж дуулахдаа “Colormusic” студийн Сүхдамба дээр бичлэгт орсон. Сүхээ маань их нямбай ажилладаг учраас хамтарч ажиллахад амар байдаг. Одоо “Color music” студийн 15 жилийн ойн баярт бэлдэж байна даа. Миний зүгээс бэлтгэлээ аль хэдийнэ базаачихсан.
– “Амьдрал аа би чамд хайртай” дуугаа клипжүүлэх бодол бий юу?
-Тэгэлгүй яахав. Энэ дуугаа дуулж эхэлснээс хойш 30 жил болжээ. Клипжүүлэх санаа их байна. Ноднин уржнангаас энэ бодлоо тээсээр л явна. “Хүн хүндээ хайртай явъя” дуу маань богино хэмжээний кино шиг клиптэй. Энэ дууныхаа клипийг энгийн хиймээргүй байна. Маш сайхан утга агуулсан, дууныхаа нэрэнд зохицсон клип бүтээхийг бодож яваа.
– Та саяхан “Burneebayar Best of hits 2018” тоглолтоо хийсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Есдүгээр сарын 30-нд “Burneebayar Best of hits 2018” тоглолтоо ахмадын баярт зориулж хийсэн. Ахмадууддаа зориулаад урын сангийнхаа олон сайхан дууг дууллаа. Тоглолтод маань олон сайхан дуучид ая дуугаа өргөсөн. Халуун дулаан уур амьсгалтай тоглолт болсон.
б.номин-ЭрДЭнЭ