ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.
-Улаанбаатар хотын зам зохион байгуулалт энэ хэвээрээ байвал 2020 он гэхэд машинууд хөдөлгөөнгүй таг зогсоно гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм. Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан. Уг төлөвлөгөөнд 349 мянган хүн, 10044 автомашинтай байхаар төлөвлөгдсөн. Энэ тоонд хүн амын ердөө 2.9 хувь нь автомашин байна гэж тооцсон байдаг. Түүнчлэн дээд тал нь 400-500 мянган хүн амтай байхаар тооцоолсон байдаг. гэтэл өдгөө энгийн үед 350 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Оргил үе буюу хичээл сургууль орох, тарах, томоохон баяр ёслолын өмнөх өдрүүдэд энэ хэмжээ 100 мянган машинаар нэмэгддэг. Хүн ам, автомашины тоо нэмэгдэх тусам зам, гэрлэн дохио, тэмдэглэгээ, замын цагдаагийн алба хаагчид нэмэгдэх ёстой. Түүнчлэн замын хөдөлгөөний дүрэм ч шинэчлэгдэх ёстой юм. Манай улсын замын хөдөлгөөний дүрэм 2004 онд батлагдсан. Үүнээс хойш нэг ч шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс дорвитой шинэчлэлт хийхгүй бол хэдхэн жилийн дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөн таг зогсоно.
-Манай хотын замын зохион байгуулалт нэг талаас нөгөө эцэс хүртэл ганцхан тууш зам байдаг. Нарны гүүрийн зохион байгуулалт шиг сүлжээ гүүрэн замууд баривал энэ түгжрэлийн асуудал шийдэгдэх боломжтой юу?
-Тодорхой хэмжээгээр шиидэгдэнэ. Гүүрэн замууд баригдсанаар төмөр замтай огтлолцохгүй болно гэсэн үг. Одоо 20 минут тутамд галт тэрэг явж байгаа. Энэ нь түгжрэлд ихээхэн нөлөөлдөг. Төмөр зам дээгүүр машинууд гүүрээр даваад гардаг болчихвол түгжрэлд эерэг нөлөө үзүүлнэ.
-Хичээлийн шинэ жил эхэлж замын ачаалалтай байх үеэр долоо хоногт хоёр удаа тэгш, сондгойгоор нь дугаарын хязгаарлалт хийдэг байсан. Үүнийг иргэд буцааж нэвтрүүлэх талаар санал хүсэлт өгч байгаа гэсэн үү?
-Үнэн. Ер нь нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээ, явганаар болон дугуйгаар явах орчин зэргийг цогцоор нь шийдэж байж түгжрэл буурна гэж боддог.
-Хүүхдүүд зам тээврийн осолд их өртөж байна. Юунаас болж байна вэ?
-Зам тээврийн осолд өртөх маш олон шалтгаан байна. Тухайлбал, аюулд ойр сургууль, зам, талбай гэх мэт. Энэ бүх аюулыг арилгахын тулд эмх цэгцтэй төрийн бодлого, төсөв хөрөнгө шаардагддаг. Хүүхдүүдийг осол гэмтэлд өртөхийг зүгээр хараад суухгүйн тулд Замын цагдаагийн байгууллагас олон ажлыг зохион байгуулж байна. Хамгийн түрүүнд бид сургууль орчны аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байгаа. Сургуулийн аюулгүй байдлын бүс гэх стандартыг эрх зүйн орчинд нь батлуулсан. Сургууль орчны тохижилт руу бид анхаарлаа хандуулан ажиллаж байна. Холбогдох газруудад ажлын санал хүргүүлснээс өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын төсвөөс 850 сая төгрөгийг шийдэж өгсөн. Үүний хүрээнд 16 сургуулийн гадна орчинг аюулгүй болголоо. Түүнчлэн 2017 онд найман сургуулийн орчны гадна талбайн аюулгүй байдлыг хангах төсөв мөнгийг нь шийдэж өгсөн байгаа. Цаашид бүх сургуулийн аюулгүй байдал хангагдчихвал бид дараагийн аюул болох зам, талбай руу шат дараалан орохоор төлөвлөөд байна.
Дөрвөн эгнээ, 250 метрийн урттай Яармагийн гүүрийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртгөөр босгож, “Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо” ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол Германы хамтарсан зөвлөх компани ажиллаж байна. Тус гүүрийг үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна.
-Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүд осол гаргах томоохон шалтгаан болдог гэж үү?
-Монгол Улсад буй 900 гаруй мянган тээврийн хэрэгслийн 800 мянга нь автомашин. Үүний 51 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байгаа. Бид буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдээр хүүхдийг хэрхэн тээвэрлэж байгаа талаар судалгааг олон улсын байгууллагатай хамтран хийсэн. Ийм төрлийн машинд хүүхэд тээвэрлэж байгаа нийт иргэдийн 95 хувь нь буруу тээвэрлэдэг юм билээ. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдийн урд талын суудалд хүүхдүүдийг хамгаалах бүс, зориулалтын суудалгүй тээвэрлэж байна. Тэгэхээр урд талын суудалд сууж байгаа хүүхэд шууд зорчих хэсэг рүү бууж таарч байгаа юм. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зорчигчийг явган хүний зам талбай руу буулгана гэсэн тодорхой төрлийн заалт байдаг шүү дээ. Хоёрдугаарт, эцэг эхийн асран хамгаалалт гэдэг зүйл хамгийн чухал байна. Хүүхдийг зорчих хэсгээр зам хөндлөн дагуулж гарахдаа өөрсдийн хяналтдаа бүрэн байлгах ёстой. Манай байгууллагаас хяналт шалгалт хийгээд үзэхэд эцэг эхчүүд хүүхдүүдээ бүрэн хараа хяналтдаа байлгаж байгаа дүр зураг ер харагдахгүй байгаа. Өнгөрсөн жил гэхэд 4000 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж 55 нь амь насаа алдаж, 1000 гаруй нь бэртэл гэмтэл авч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эгнээнд орж хүсэл мөрөөдлөө алдсан. Үүний нэг шалтгаан нь дээрх зүйлс байгаа юм. Энэ асуудалд төр захиргаа, хувийн хэвшил, сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд анхаарлаа хандуулах цаг аль хэдийнэ өнгөрчихсөн. Гэвч энэ ажлыг араас нь хийгээд явахгүй бол дахиад олон хүүхэд амь насаа алдах орчин нөхцөл бүрдчихээд байна.
-Сургуулийн аюулгүй байдлын стандартыг тогтоолгосон гэлээ. Сургууль гадна талбайгаа яаж тохижуулбал аюулгүй байх вэ?
-Сургуулийг тойрсон хашаа, талбайд сурагчид хаанаас нь ч хамаагүй ордог биш тодорхой аюулгүй зам талбайтай бүсүүдээр ордог байх шаардлагатай. Ингэж тохижуулсан сайн жишээнүүд бий. Тухайлбал, тавдугаар сургууль, 50 дугаар сургууль, Сэтгэмж цогцолбор, 48 дугаар сургуулиуд зэрэг. Эдгээр сургуулиуд гадна талбайдаа хашлага хийж хүүхдийн аюулгүй байдлыг маш сайн хангасан. Яг боломжтой хэсгүүд нээж өгөн тэнд нь гарц, гарцын тэмдэглэгээ, гэрлэн дохио байрлуулсан байх жишээний. Орчин нь тохижоогүй сургуулиудын гадна талбайд School police-той хамтран замын цагдаагийн багш нар очиж тусламж үзүүлж байгаа. Орчин нь тохижоогүй, аюулгүй бүс бүслэлтэй, хайс хашлагагүй, гэрлэн дохиогүй газар дээр хаа хамаагүй явж байгаа хүүхдүүд дээр манай цагдаа нар очоод ажлын үр дүн гарахгүй байна. Тиймээс тус сургуулиуд яаралтай хүүхдүүдийг тодорхой төрлийн аюулгүй байдал хангагдсан нэг, хоёр гарцаар сургууль руу нь явуулдаг байх хэрэгтэй. Тухайн гарц нь зорчих хэсэгтэй хиллэж байгаа бол сурагчдын аюулгүй байдлыг хангасан хэсгийг байгуулж тэмдэг тэмдэглэгээ тавих ёстой. Энэ нь эхний ээлжид бидний дотоодын санал санаачилгаар хийж болох ажлууд юм. Түүнчлэн сургуулийн автобусаар 300 гаруй мянган хүүхдүүдийг тээвэрлэж чадвал хүүхдийн аюулгүй байдалд эергээр нөлөөлөх ажил болно. Бусад оронд хүүхдийг улсынхаа ерөнхийлөгч, дээд албан тушаалтнуудаас илүү хамгаалалттайгаар авч явдаг юм билээ. Улс орны ирээдүй болсон үр хүүхдээ хамгаалахын тулд тэр шүү дээ. Манай улсад эсрэгээрээ байна. Тиймээс сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш нар хүүхдэд дөрвөн аргын тоо, уншиж бичихээс илүү амьд байх арга ухааны талаар заах үүргийг Монгол Улсын хуулийн дагуу хүлээчихсэн байгаа.
-Хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм заах талаар тодорхой зохи-цуулалтууд хийсэн үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Замын цагдаа, боловсрол, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудыг хүлээн авч уулзсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргатай ч энэ асуудлаар уулзалт хийсэн. Уг уулзалтуудаар хичээлийн сүүлийн таван минутад Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг заана гэж сургалтын хөтөлбөрт оруулъя гэсэн тохиролцоонд хүрсэн. Ядахдаа хичээлийн сүүлийн таван минутад ойр очны аюулгүй байдал, гэр сургууль, сургууль гэр гэсэн маршрутандаа хэрхэн хөдөлгөөнд оролцох талаар байнга зөвлөж байх хэрэгтэй. Хүүхэд гэдэг чинь гэнэн ертөнц. Томчуудын хэлээр бичсэн хөдөлгөөний дүрмийг хүүхэд өөрсдийн сэтгэхүйгээрээ ойлгоход түвэгтэй байдаг. 14-өөс доош насны хүүхдүүд бүгд хараагаар биш, сэтгэхүйгээрээ замын хөдөлгөөнд үнэлэлт дүгнэлт өгдөг. Хүүхдүүдийн тэр ертөнцөд тохирсон сургалт арга зүйн хэлбэрийг ашиглах санал санаачилгыг олон удаа холбогдох хүмүүст хүргүүлсний үр дүнд шийдье гэсэн хариу өгсөн нь их бахархалтай байгаа. Түүнчлэн сургууль бүр дээр замын хөдөлгөөнийг сурталчлах булантай болъё гэсэн санал санаачилгыг бид дэвшүүлж байгаа. Үүнийг та бүхэн сониноороо уламжилж олон хүүхдийн амь насыг аврахын тулд дамжуулаад өгөөрэй гэж хүсэх байна. Энэ нь нь сургууль, зам орчны мэдээллийг тавьсан макетыг хийгээд хүүхдүүдийг бодит байдал дээр сургана гэсэн үг.