Categories
мэдээ цаг-үе

Э.Бөхбат: Манай улсын нийт автомашины 80 гаруй хувь нь арван жилээс дээш насжилттай

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.


-Шинэ жилийн баяр болоод өнгөрлөө. Өмнөх жилийнхтэй харьцуулахад баярын өдрүүдэд хэрэг зөрчил, ноцтой осол хэр их гарсан бол?

-Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд нийслэлийн 122 цэгт үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Үүний үр дүнд эдгээр өдрүүдэд хөдөлгөөний ачаалал хэвийн үргэлжилсэн. Нийтдээ Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс нэг хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний зургаа нь бага насны хүүхэд байлаа. Тухайн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 66 жолоочийг илрүүлэн хариуцлага тооцож ажилласан. Дээрх бүртгэгдсэн тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10-15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ерөнхийдөө баярын өдрүүдэд урьд жилийнхтэй харьцуулахад харьцангуй тайван байсан гэж болно. Шинэ оны нар харах гэж яваад хурд хэтрүүлснээсээ болоод хэзээ ч нар харахааргүй болсон харамсалтай тохиолдлууд гардаг байлаа. Энэ жилийн хувьд энэ мэт асуудал гарсангүй.

-2017 онд нийт хичнээн осол аваар гарав. Ямар осол хэргүүд дийлэнх хувийг эзэлсэн бэ?

– 2017 онд онцгой анхаарах обьект орон нутгийн зам л байлаа. Өнгөрсөн онд гарсан осол хэргийн 70-80 хувь нь орон нутгийн зам дээр байсан . Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон нь дээрх осол гарахад нөлөөлөх эн тэргүүний шалтгаан болж байна. Хоёрдугаарт, хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс маш ихээр хэтрүүлдэг. Мөн буруу тээвэрлэлт хийж байгаа нь осол аваар болоход нөлөөлдөг. Дөрөвт, манайхан ядарсан үедээ жолоо барьдаг. Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь архи согтууруулах ундаа, эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаатай дүйцдэг гэдгийг ойлгох нь зүйтээ. Эдгээр шалтгаануудаас улбаалж орон нутгийн зам дээр гарах осол, аваар урьд жилүүдийнхээс илүү байлаа.

Үүнийг бид таамгаар яриад байгаа юм биш л дээ. Замын цагдаагийн албанаас ажлын хэсэг гарч баруун, зүүн чиглэлийн орон нутгийн замд хяналт шалгалт хийсэн. Орон нутгийн замд хоёр л цагийн шалгалт хийхэд нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь хурд хэтрүүлсөн зөрчил илэрч байгаа юм. Хамгийн доод тал нь 120 км.цагийн хурдтай явж байх жишээтэй. Орон нутгийн замын нөхцөл байдлыг мэдэхгүй мөртлөө хурд хэтрүүлэн явснаасүүдэн осол аваар ихээр гарч байгаа нь хяналт шалгалтуудаар харагдаж байна.

-Орон нутгийн замд гарах осол аваар нэмэгдсэн гэлээ. Тэгвэл буурсан, эерэг үзүүлэлттэй зүйлүүд нь юу байна вэ?

-Тодорхой хэмжээгээр бэртэж, гэмтсэн хүмүүсийн тоо буурсан байна. Гэхдээ нас барсан хүний тоо бага хэмжээгээр өссөн.

-Осол аваар ямар улиралд илүүтэй гардаг вэ. Эсвэл улирлын онцлогоосоо хамааран гарах ослууд харилцан адилгүй байдаг уу?

-Цагдаагийн байгууллага болзошгүй эсвэл зайлшгүй болно гэдэг үүднээс графикчилсан төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ерөнхийдөө цикльтэй байдаг л даа. Шинэ жил, цагаан сар болдгоороо л болно. Урин дулаан ирж хүмүүс аялж зугаалдгаараа л зугаална. Өвөл болж халтиргаа гулгаа үүсдгээрээ л үүснэ. Энэ бүхнийг тооцсон графикийнхаа дагуу бид ажилладаг. Мөн эдгээрээс гадна шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулж ажиллах шаардлагатай. Хүүхдүүдийн аюулгүй байдал хангагдахгүй байна гэхэд л хаана, ямар шалтгаан нөхцлөөс үүдэлтэй байна гэх зэргийг судлан, хүн хүчээ хуваарилж үйл ажиллагаагаа явуулдаг даа.

-Жолоочийн хариуцлага ямар түвшинд байна вэ?

-Жолоочийн хариуцлага зам тээврийн осолтой шууд холбоотой. Одоогийн байдлыг өнгөцхөн харахад манай эрхэм жолоочид маань бүхий л хариуцлагааа замын цагдаад л үүрүүлчихдэг. Хөдөлгөөнд оролцож байх үедээ эрхээ эдлээд хариуцлагаа ухамсарладаггүй. Хариуцлага бол маш сул байна.

-Жолоо барих эрхийг олгож буй сургалтын төвүүдийн чанар ямар түвшинд байна вэ?

-Жолооч хариуцлагагүй байгаа нь бэлтгэн гаргагч төвийн үйл ажиллагаатай яах аргагүй холбоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил жолоо барьсан жолоочид осол аваар гаргах нь олонтаа байна гэж яриад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Учир нь зам тээврийн осол гаргаж байгаа жолоочдийг огноогоор нь харахад дийлэнх нь шинэ жолоочид байх нь бий. Дөрөв хүртэлх жил замын хөдөлгөөнд оролцсон жолоочид байдаг юм. Харин долоогоос дээш жил замын хөдөлгөөнд оролцсон жолоочид осол аваар гаргах нь тун ховор болоод ирдэг. Манайх жолооны сургалт төгслөө л бол хаа хамаагүй явдаг. Дээрээс нь манайх Венийн конвенцид нэгдсэн улс шүү дээ. Энэхүү конвенцид нэгдсэн 168 оронд манай жолоочид замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Тиймдээ ч бидний замын хөдөлгөөнд оролцох хариуцлага, соёл өндөр түвшинд байх ёстой юм. Гэтэл манайхан машин барихыг хэрэгцээ гэж хараад байна. Энэ нь ч зам тээврийн осол нэмэгдэхэд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр манай улс бусад орнууд шиг эхний нэг жил нь сонирхогчийн үнэмлэх өгдөг байвал зүгээр санагддаг. Харин замын хөдөлгөөнд оролцож чадаж байвал жинхэнэ үнэмлэхийг нь олгодог эрх зүйн зохицуулалт байх хэрэгтэй юм. Мэдээж маш хариуцлагатай, сахилгатай байх ёстой. Үүнтэй холбоотой цаашид ч эрх зүйн зохицуулалтууд хийгдэх шаардлагатай.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд 2015 оны долдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж гарахаас өмнө цагдаагийн байгууллагын хяналт шалтгалтаар өдөрт 150-170 согтуу жолооч илэрдэг байлаа. Үүнтэй холбоотой осол аваарын тоо ч маш өндөр байсан. Харин хууль хэрэгжиж эхэлсний маргаашнаас л согтууруулах ундаа хэрэглэн хөдөлгөөнд оролцож байгаа жолоочдийн тоо 70 хувиар буурсан. Жолоочдийн хариуцлага яавал сайжрах вэ гэдгийг харуулсан нэг гаргалгаа нь энэ юм болов уу гэж боддог.

-Явган зорчигчдын хувьд гарцгүй газраар гарсны улмаас эрсдэлд ордог. Үүнийг мэдсэн хэрнээ л машин байхгүй бол гүйгээд гарах нь цөөнгүй харагддаг. Энэ тухайд?

-Явган зорчигчид гарц гарамтай хэсгээрээ заавал гарах ёстой. Явган зорчигчид, жолоочид ч тэр хэн хэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм. Замын хөдөлгөөний дүрмийн 8.4, 8.6, 12.2-т явган зорчигчийн мөрдөх ёстой дүрэм, журмыг тодорхой зааж өгсөн байдаг. Эдгээр зүйл, заалтуудыг биелүүлдэггүйгээсээ болоод зам тээврийн осолд өртөж байгаа нь туйлын тодорхой. Өөрийн буруугаас болж зам тээврийн осолд өртсөн бол хохирлыг барагдуулах ёстой. Гэтэл манайхан би мөргүүлсэн юм чинь жолооч л хариуцлага хүлээх ёстой гэсэн ташаа ойлголттой явдаг. Ийм эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг иргэд маань сайн ойлгох ёстой. Энэ бүхнийг уншиж судлаад биелүүлдэг байвал өөрийнхөө амь нас, эд хөрөнгийг хамгаалах бүрэн боломжтой. Жолооч ч гэлтгүй явган зорчигчдын хариуцлага маш чухал юм.

-Дугаарын хязгаарлалт цаашид үргэлжлэх үү?

-Дугаарын хязгаарлалт хийх тухай санал оруулан, хэрэгжүүлж эхэлж байхад Монгол Улсын хэмжээнд 500 гаруй мянган машин байсан. Тэгвэл энэхүү дүрэм хэрэгжиж эхэлснээс буюу 2012 оноос хойш зөвхөн нийслэл л 500 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй болжээ. Тэгэхээр замын хөдөлгөөний зохицуулалт хийхгүй л бол болохгүй. Тиймээс менежмент зайлшгүй байх ёстой юм. Цаашдаа дугаарын хязгаарлалт илүү оновчтой менежментээр солигдох байх гэж бодож байна. Тээврийн хэрэгслийн насжилтаар нь ангилдаг ч юм уу. Эсвэл бүсэд хуваан, орон нутгийн тээврийн хэрэгслийг хязгаарладаг ч байж болох юм. Иймэрхүү менежментүүд цаашдаа хийгдэх шаардлагатай.

Олон улсын зүй тогтлоор арван мянган хүнд ногдох тээврийн хэрэгслийн тоо 250-иас дээш гарах юм бол хувийн хэвшлийн тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хийдэг. Харин нийтийн тээврийн хэрэгслийг давуу эрхтэйгээр явуулах бодлогыг баримталж эхэлдэг юм билээ. Гэтэл манай оронд арван мянган хүнд ногдох автомашин 300, 400-д хүрчихсэн. Иймд бид ямар нэгэн байдлаар хөдөлгөөний менежмент хийх зайлшгүй шаардлагатай юм.

-Уулзваруудын нэвтрэх чадвар хэр байна вэ. Цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юу?

-Замын зохион байгуулалтын ажил бол Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ажил шүү дээ. Замын цагдаагийн албанд тодорхой мэргэжилтнүүд байдаг учраас зарчмыг саналуудыг бол хүргүүлдэг.

-Ойрын өдрүүдэд түгжрэл багатай байна. Энэ нь сурагчдын амралттай холбоотой болов уу?

-Замын түгжрэл сурагчдын болоод томоохон захуудын амралттай шууд холбоотой. Ер нь дэлхийн томоохон хотууд тэр дундаа БНХАУ-ын Бээжин хот л гэхэд худалдааны төвүүдээ хотынхоо захад гаргасан. Манай улс нэг сая гаруй хүн амтай, 500-иад мянган тээврийн хэрэгсэлтэй, олон улсын хөдөлгөөнтэй том хот шүү дээ. Тэгэхээр энэ мэт зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Мөн манай их, дээд сургуулиуд бүгдээрээ зорчих хэсгийн зам дагуу байрладаг. Гэтэл манайхан аль хэдийнэ хэдэн арваар нь зам дагуу барьчихсан. Хүүхдүүд, оюутнуудын аюулгүй орчинг бүрдүүлээгүй байх нь ч бий. Олон улсын стандартаараа сургууль замтай ойр байх ёсгүй.

-Манайхан замын түгжрэлээс болоод маш ихээр уурлаж бухимдаж, сигналаа хангинуулдаг. Тэр бүү хэл нударга зөрүүлэх нь ч бий. Ер нь энэ бүхэн жам ёсны зүйл юм уу. Өөрчлөх боломж байдаг уу?

-Манай жолооч нарын энэ хандлага хэн нэгэнд найдаад байгаагийн л илрэл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээр энэ бүгдийг зохион байгуулсан. Эрх зүйн орчин хангалттай бий. Үүнийг мөрдөөд явбал дээрх хүндрэлүүд гарахгүй байх боломжтой. Уулзвар дээр хамгийн их түгрэл үүсгэдэг зүйл нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 шүү дээ. Үүнд “Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно” гэсэн байдаг. Гэтэл манайхан бүгд дайрдаг. Үүнээс болж түгжрэл үүснэ, зам тээврийн осол гардаг. Харин энэ түгжрэлийг цагдаа зохицуулах ёстой гэж жолоочид ойлгодог л доо. Энэ хандлагыг өөрчлөх цаг хэдийнэ болсон. Цагдаа бол болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хууль сахиулагчийнхаа үүргийг биелүүлэх ёстой болохоос уулзвар дээрх амьд гэрлэн дохио биш юм шүү. Үүнийг иргэд минь ухамсарлаж хаа хаанаа хариуцлагатай байгаасай. Бусад орнуудад хөдөлгөөний хууль дүрэм биелүүлэлт, хувь хүний соёл, сахилга батаас хамаараад хүндрэлгүйгээр л зохицуулагдаж байдаг.

-Авто машинууд шатсан тохиолдол сүүлийн үед их гарах болжээ. Энэ тухайд?

-Замын цагдаагийн алба тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийдэг. Галын хор, эмийн сан, ослын зогсолтын гурвалжин зэргийг авч явахыг шаарддаг, шалгадаг. Үүнийг манай иргэд цагдаа нар торгох шалтаг хайж байна, төсөвөө бүрдүүлэх нь, цалингаа нэмүүлэх нь гэж хардах нь бий. Угтаа бол торгосон ч бай, торгоогүй ч бай бидэнд нэг ч төгрөгний шагнал урамшуулал байхгүй ээ. Иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр манай хяналт шалгалтууд явдаг юм.

Ямартай ч жолоочид үзэмж төдий галын хор, хугацаа нь хэтэрсэн үгүй нь мэдэгдэхгүй эмийн сан аваад явдаг. Стандартад нийцсэн галын хор аваад явч байвал машиныхаа талыг аваад үлдэх боломж танд бий. Таны авч яваад байгаа үнэртэй усны хэмжээтэй галын хор хэр их зай талбайн галыг унтраах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Дээрээс нь ослын зогсолтын гурвалжингаа байрлуулаагүйгээс үүдэн орон нутгийн замд зам тээврийн осол их гарч байна. Монгол Улсад нийтдээ 900-иад мянган тээврийн хэрэгсэл байгаа. Үүний 700-иад мянга нь автомашин. Харин эдгээрийн 80 гаруй хувь нь арван жилээс дээш насжилттай. Тиймдээ ч орон нутгийн замд тээврийн хэрэгсэл ихээр эвдэрдэг. Эвдэрсэн тохиолдолд ослын гурвалжингаа төдийлөн тавьдаггүй. Тавьсан ч шаардлага хангахааргүй байдаг. Энэ мэт зөрчлийг нь хэлэхээр “Надад бүгд байгаа биз дээ” гэсэн хариу хэлдэг. Цагдаад шалгуулахын тулд л үзэмж төдий зүйлсийг авч яваад байдаг л даа. Энэ нөгөөх л жолоочийн хариуцлага алдаж байгаагийн нэг тод жишээ.

-Нэг зөрчил гаргахад оноогоор болон торгуулиар хамтад нь торгодог. Үндсэндээ нэг зөрчилд хоёр торгууль оноож байна гэсэн үг. Иргэдийн хувьд үүнд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Үүнийг өөрчлөх боломж бий юү?

-Үндсэн болон нэмэгдэл гэсэн шийтгэлийн хэлбэрээр явж байгаа юм. Энэ хууль хэрэгжиж эхэлхээс өмнө нэгэн иргэн 100 гаруй зөрчил гаргасан байгаа юм. Тэр бүр дээрээ торгуулиад л яваад байж. Харин 102 дахь дээрээ эрдэнэт хүний аминд хүрчихсэн тохиолдол байсан. Тэгэхээр энэ мэт жолоочдод ямарваа нэгэн хариуцлагын арга хэмжээ авах шаардлагатай юм байна гэж үзсэн. Зам тээврийн осолд хүргээд байдаг 17 зөрчлийг гаргасан бол оноог нь хасахаар зааж өгсөн. Дээрх дурдсан олон зөрчил гаргасан этгээдэд тухай бүрт нь оноог нь хасаж, эрхийг нь түдгэлзүүлээд байсан бол төдий чинээ зөрчил үйлдэхгүй л байсан шүү дээ. Энэ нь хэдийнэ хуульчлагдчихсан асуудал. Ерөнхийдөө оноог хассанаар сахилга хариуцлага нэмэгдүүлнэ. Нөгөө талаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийг судлуулах гол зорилготой юм.

-Цагдаа нар урьдчилан сэргийлэх бус, отож байгаад зөрчил гаргангуут нь гарч ирээд л торгоод байна гэж шүүмжлэх нь бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хөдөлгөөнд оролцож байгаа иргэд цагдаа эсвэл зөрчлийн камер байвал хурдаа хэтрүүлдэггүй. Цагдаа байхгүй л бол хурдаа хэтрүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэж дүрэм зөрчдөг. Тиймдээ ч цагдаагийн байгууллагын хяналт шалгалт ил болон далд хяналт гэсэн хоёр хэлбэрээр явдаг. Энэ нь шинжлэх ухааны үндэстэй, олон улсад ч хэрэгжиж байгаа хэлбэр л дээ. Хаана ч цагдаа байж магадгүй гэсэн сэтгэл зүйг олон нийтэд төрүүлэх зорилготой юм. Учир нь иргэд энд цагдаа байдаггүй гэж бодон хурд хэтрүүлэн, осолд өртөх магадлал өндөр байдаг юм. Зарим орнуудад иргэдэд маш их цагдаа харагдуулах хэлбэрээр ч ажилладаг гэдгийг дурдах нь зүйтэй байх. Ямартай ч ил болон далд хэлбэрийн хяналт цаашдаа ч үргэлжилнэ.

-Замын цагдаа нар жолооны үнэмлэх шалгах төхөөрөмжтэй. Тийм байтал жолооны үнэмлэхээ мартсан үед шууд л торгох гэдэг. Зарим тохиолдолд өнгөрөөчихөж болдоггүй юм уу?

-Жолооны үнэмлэх нь 250 км.цаг хурдлах тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг өгч байгаа баримт бичиг. Хуульчлагдсан, зүйлчлэгдсэн, дүрэмжсэн байдаг. Үүнийг шаардахгүй байх эрх бидэнд байхгүй. 22-ын товчооноос цааш, сүлжээгүй газар тэрхүү жолооны үнэмлэх шалгах багаж ажиллахгүй. Гэтэл хөдөө хээр осол гарлаа гэхэд нэр ус, яаралтай тусламж үзүүлэхэд цусны бүлгийг тань бидэнд хэлж өгөх чухал үүргийг энэ алгын чинээ цаас биелүүлдэг. Дээрээс нь хэн нэгний үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцож зөрчил гаргах тохиолдол бий. Тиймдээ ч иргэд маань зайлшгүй биедээ авч явах шаардлагатай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *