Categories
мэдээ цаг-үе

Э.Бөхбат: Ирэх жилээс Дархан, Налайхын чиглэлийн замыг эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ болгоно

Монгол Улсад зам тээврийн ослоос болж 2016 онд 5374 хүн гэмтэж, 479 хүн нас баржээ. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй нийт иргэдийн дунд Хичээх өдөр хэмээх аян зохиосон юм. Үүний үр дүнг болон хэрэгжиж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа Зам, тээврийн тухай хуулийг жолооч, явган зорчигчид хэрхэн мөрдөж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.


Хичээх өдөр-өөр зам тээврийн осол, зөрчил хэр бүртгэгдэв?

-Зам тээврийн ослоос болж амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх, хүндэтгэл үзүүлэх өдрийг НҮБ-аас санаачлан хэрэгжүүлээд 20 гаруй жил болж байна. Зам тээврийн ослоос болж жилд дунджаар 1.3 сая хүн нас барж, 20 сая хүн бэртэж гэмтдэг. Манай улсад илэрч буй энэ төрлийн тоо баримт дэлхийн дунджаас дээгүүрт бичигддэг. Иймд манай улс энэхүү өдөрт нэгдээд таван жил болж байгаа. Энэ удаад бид зам тээврийн осолд орж, амь насаа алдахаасаа өмнө сэргийлэх талаар мэдээлэл өгсөн. Сүүлийн таван жилийн дунджаар өдөрт хоёр хүн нас барж, 20 гаруй хүн бэртэж гэмтдэг гэсэн статистик гарсан. Мөн замын цагдаагийн албанд гэмт хэргийн шинжтэй дуудлага өдөрт 350-400 орчим ирдэг байсан бол Хичээх өдөр-өөр нэг ч хүн нас барсангүй. Бэртэж гэмтэгсдийн тоо дөрөв болтлоо буурч, ослын дуудлага 47.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл, 170 орчим дуудлага л бүртгэгдсэн гэсэн үг.

-Зам тээврийн осол гарахад нөлөөлдөг дийлэнх шалтгаан нь юу байна?

-Нийт ослыг ангилаад үзэхэд суурингийн доторх замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил гаргаж байгаа тохиолдлууд өндөр хувьтай байдаг. Мөн хажуу хоорондын зай, байрлан явах журам, урсгал сөрөх, эгнээнээсээ орж гарах зөрчил нь нийт ослын 60-70 хувийг эзэлдэг. Түүнчлэн уулзвар гарц нэвтрэх журмыг их зөрчиж байна. Эдгээрээс автомашинд хүүхдийг тээвэрлэхдээ 70 орчим хувь нь буруу тээвэрлэдэг. Үүнээс болоод зам тээврийн ослын гол хохирогчид нь хүүхдүүд болж байна. Зөвхөн тээврийн хэрэгслийн жолоочоос гадна явган зорчигчид гарцгүй газраар зам гарах, гэнэт гүйх зэрэг нь ослын дуудлагад ихээхэн нөлөөлдөг юм.

-Орон нутгийн замд гарч буй зөрчлийн тухайд?

-Суурингийн гаднах буюу хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолоочид хурд хэтрүүлснээс болоод самбаачлах хурд нь багасч, осолд орж, амь насаа алдаж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна. Түүнчлэн хэт ядарсан ч машинаа жолоодсоор байдаг нь осолд өртөх шалтгаан болдог. Осол гардаг өөр нэг шалтгаан нь Монгол Улсад 900 орчим мянган тээврийн хэрэгсэл байдаг. Үүний 810 мянга нь автомашин, үлдсэн нь том оврын машин. Авто машины 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Өөрөөр хэлбэл, техникийн найдвартай ажиллагаа нь алдагдчихсан, стандартын шаардлага хангаагүй байдгаас болж зам тээврийн ослын гаралт нэмэгдэж байгаа.

-Буруу талдаа жолооны хүрдтэй автомашин хэрэглэх нь осолд өртөх нэг шалтгаан байж болох уу?

-Манай улс баруун гар талын дүрэмтэй. Энэ ч утгаараа бүх өгөгдөл, тэмдэгтүүд нь баруун талдаа байрладаг байхад нийт хөдөлгөөнд оролцогчдын 51 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй автомашин хэрэглэдэг. Энэ нь өөрөө хөдөлгөөний аюулгүй байдалд онц аюултайгаар нөлөөлдөг. Мөн 10 жилээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн 76 хувь нь осол үйлдсэн бол буруу талдаа жолоотой тээврийн хэрэгсэл өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт ослын 71 хувийг нь үйлдсэн байдаг.

-Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн замын хөдөлгөөний шинэ дүрмийн хэрэгжилт хэр байна. Нэг сарын хугацаанд замын хөдөлгөөний зохицуулалтад хэр өөрчлөлт оров?

-Замын хөдөлгөөний дүрэм 14 жилийн дараа шинэчлэгдэж байна. Гэхдээ шинэ дүрмээр хөдөлгөөн зохицуулагддаг болоод нэг сарын хугацаа өнгөрч байхад хэрэгжилт нь хангалттай бус байгаа. Шинэ дүрмийн талаар мэдээлэл аваагүй, юуг зөрчиж болохгүй гэдгээ мэдэхгүй байгаа жолооч олон бий. Жишээлбэл, шинэ дүрмээр чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол гэгддэг нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн буудлууд дээр өглөөний зургаан цагаас оройн 10 цаг хүртэл энгийн автомашин зогсохыг хориглосон. Гэтэл тэдгээр тээврийн хэрэгсэл цагдаагүй үед буудлууд дээр зогсч л байдаг. Мөн дүрмийн 15.2 дугаар заалтад зааснаар уулзварт явах чигт нь хөдөлгөөнд оролцох боломжгүй нөхцөл үүссэн бол зөвшөөрсөн гэрэл дохио ассан ч орохыг хориглосон. Энэ нь ерөөсөө хэрэгжихгүй байна. Мөн явган зорчигч тээврийн хэрэгслийн зурвас газраар явахдаа чихэвчний хөгжим сонсохгүй, эргэлзэхгүй, сонин, сэтгүүл уншихгүй гээд заагаад өгчихөөд байхад л зөрчөөд байдаг. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас цагдаагийн байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүрэг болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ёстой ажил нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг хариулж, дүрмийн хангуулах байдлаар өөрчлөгдөж, манаач болж ажлаа алдаж байна.

-Цагдаагийн нэг алба хаагчид хичнээн тээврийн хэрэгсэл ногдож байна вэ?

-Нийслэл хотод 572 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Уг нь зүй тогтлоороо нэг цагдаад 150 тээврийн хэрэгсэл ногдоход л нэлээд хүч чармайлт гаргаж байж хөдөлгөөнийг зохицуулдаг гэж үздэг. Гэтэл одоогоор нэг алба хаагчид 3500-4000 тээврийн хэрэгсэл ногдож байна.

-Дөрвөн замын уулзваруудад шар зураас тавьсан. Үүнийг иргэд төдийлөн ойлгохгүй байх шиг байна лээ.

-Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн найруулгын 15.2 дугаар заалтад уулзвар дээр өөрийнх нь явах чигийн цаад талд явах боломжгүй нөхцөл үүссэн бол тухайн тээврийн хэрэгсэл уулзвар руу нэвтрэхгүй. Өөрөөр хэлбэр, зөвшөөрөгдсөн гэрэл дохио ассан ч өөрийнх нь явах чиг түгжирсэн байвал чөлөөтэй болохыг уулзварын наана буюу шар зураасны гадна хүлээнэ гэсэн үг. Хэрэв зураас руу орох юм бол камерын зөрчлөөр шүүж, торгуулийн арга хэмжээ тооцно.

-Хотын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ?

-Бодлого зохицуулалтаар замын хөдөлгөөнийг зохицуулах хэрэгтэй. Гэтэл одоогоор цагдаагийн байгууллагын албан хаагчдын хүчээр л хөдөлгөөн явж байгаа гэдэг нь тодорхой. Бид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах бус хөдөлгөөн зохицуулах маягаар ажиллаж байна. Хэрвээ уулзвар дээр цагдаа байхгүй л бол наашаа ч үгүй цаашаа ч үгүй байдлаар түгжрэл үүсдэг. Яг энэ хэвээрээ байх юм бол 2020 гэхэд замын хөдөлгөөн таг зогсоно. Учир нь жилд 60-70 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирж байхад замынх нь урт машиндаа хүрэхээ больчихсон. Өөрөөр хэлбэл бүх машиныг эгнүүлээд үзэхээр зам дээр яагаад ч багтахгүй. Түүнчлэн жолооч нар өөрсдөө дүрэм зөрчөөд нэгнээ шахаж, урсгал сөрөөд байгаа нь түгжрэлд нөлөөлдөг. Зам барих нь тийм ч оновчтой шийдэл биш. Үүний оронд явган хүний зам талбайгаа нэмэгдүүлж, нийтийн тээвэр, такси үйлчилгээг сайжруулмаар байгаа юм. Хэрэв эдгээрийг сайжруулбал, хувийн автомашинтай түгжирч байснаас нийтийн тээврээр үйлчлүүлэх нь дээр гэж бодно. Өндөр хөгжилтэй орнуудад амьдардаг иргэдийн 30 хувь нь л автомашинаа ашигладаг. Тэгэхээр өдөр тутмын хэрэгцээнд нь хүрэлцэхүйц хэмжээнд нийтийн тээвэр нь хөгжчихсөн гэсэн үг шүү дээ.

-Тэгэхээр зам, гүүр гэхээсээ илүү нийтийн тээврийг сайжруулах хэрэгтэй гэсэн үг үү?

-Нийслэл хотод хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслийн 80 хувь нь хувийнх, 20 хувь нь нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл. Нийтийн тээвэр ирэхийг хоёр цаг хүлээдэг нөхцөл байдалтай байгаа учраас хувийн машины хэрэглээ 80 хувьтай байгаад байна. Хэрвээ хүлээлгэхгүй, дааруулахгүй, хүртээмжтэй байдаг байсан бол би ч гэсэн нийтийн тээврийг сонгож үйлчлүүлэх л байсан. Гэтэл өглөөд хүүхдээ хүргэж өгөх гэж хүйтэнд цаг гаран чиглэлийн тээврийн хэрэгслээ хүлээж байна шүү дээ. Мөн цагийн менежмэнтийг давхар хөгжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, ОХУ орон нутгийн тээврийн хэрэгслийг төв хот руу хязгаартай оруулж, том оврын тээврийн хэрэгсэлд цагийн хуваарь гаргаж өгөн, худалдааны захуудыг шөнө ажиллуулж байна. Нарны гүүрийг барьчихвал түгжрэл буурна л гээд байсан. Тэгээд одоо буурчихсан зүйл харагдахгүй л байна шүү дээ. Замын цагдаагийн гүүр баригдах юм бол Олимпийн гудмаас Соёлын төв өргөө хүрдэг замын ачаалал улам нэмэгдэнэ. Яах вэ 17 минут тутамд вагон явдаг, тэр болгонд нь зам хаагдаж хөдөлгөөн удааширдаг учраас үүнийг бууруулахын тулд л гүүр барьж байгаа юм. Гүүрээр зорчих хэсгийн масс ихэсвэл хүлээж авах зам нь ахиад л түгжирнэ.

-Иргэд хотоос гардаг 22-ын болон Баянзүрхийн товчоо орчмоор түгжрэл их гэдэг. Үүнийг шийдэх гаргалгаа хэр байдаг вэ?

-Энэ чиглэлийн гомдол ирдэг. Тийм ч учраас хотоос хөдөө орон нутаг руу гардаг хэсгийг олон төрлийн хэлбэртэй болгоод өгөөч гэдэг саналыг бид байнга хүргүүлдэг. Тийм ч учраас Дархан, Налайхын чиглэлийн замыг эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ зорих хэсэгтэй болгоно. Ажлын зураг төсөл гараад дараа жилээс бүтээн байгуулалт явагдахаар болсон. XXI хорооллоос III, IV хорооллыг нэвт холбосон зам баригдахаар яригдаж байгаа.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *