Categories
мэдээ нийгэм

Э.Болорчулуун: Баянзүрх дүүргийн газрын алба хэвийн ажиллаж байна

Баянзүрх дүүргийн Газрын албанд үүссэн болоод одоогийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун тайлбар өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа хүндрэл чирэгдэлгүй, хэвийн үргэлжилж байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сард Засаг дарга Д.Пүрэвдаваа хууль зөрчиж, хүнсний технологийн инженер мэргэжилтэй шинэ хүнийг Газрын албаны даргаар давхардуулан томилж, ажиллуулсан. Бид тухайн томилогдсон иргэнд хууль зөрчиж ажиллаж болохгүй, үнэт цаас болсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, өмчлөх эрхийн гэрчилгээн дээр гарын үсэг зурах боломжгүй гэдгийг нь хэлээд тамга тэмдгийг нь хурааж авчирсан. Үүнийг тамга тэмдгээ авч зугтаасан мэтээр иргэдэд буруу ташаа ойлгуулж байна. Д.Пүрэвдаваа дарга өмнө нь 2013 онд мөн Газрын албаны даргыг хууль бусаар тавьж байсан.” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны 8 дугаар сарын 24 өдрийн А-624 тоот захирамж гарган, Баянзүрх дүүргийн Засаг даргын хууль бусаар давхардуулан томилсон томилгоог хүчингүй болгож, хууль ёсны дагуу томилогдсон шинэ дарга нь ажлаа хүлээн авсан байна. Ийнхүү хоёр сар гаруй хугацаанд хуримтлагдсан иргэдийн захирамжаас бусад өргөдөл гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэж эхэлжээ. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах болон өмчлүүлэх захирамжийг газрын тухай хуулийн 21.5-т заасны дагуу тухайн дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэтэл тус дүүргийн Засаг даргын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах болон өмчлөх эрхийн захирамж гарахгүй байгаа юм.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн газрын албаны зүгээс газар дээр нь очиж үзээд энэ хугацаанд иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд үйлчилгээний төвүүдээр мэдээлэл өгч, ажилласан. Одоо Баянзүрх дүүргийн Газрын албаны ажил хэвийн явагдаж байгаа.” хэмээлээ гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *