Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
-54 кг жинд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан Тайландын Утайда Патифаныг 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарлаа.
Тэрээр шөвгийн 16-д Барбадосын Жабали Бридитэй аравдугаар сарын 31-ний орой тулалдана.
-71 кг жинд Отгонбаатарын Бямба-Эрдэнэ эхний шатанд Тайландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялснаар шөвгийн 16-д шалгарлаа.
Тэрээр шөвгийн 16-д ОХУ-ын Вадим Мусаевтай аравдугаар сарын 31-ний шөнө тулалдана.
-60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:
- -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдана.
- -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт эхний шатанд Грекийн Василейос Макрияннисыг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан. Тэрээр аравдугаар сарын 30-ны шөнө Тайванийн Лай Чу-Энтэй тулалдана.
- -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Балба улсын Рабин Тапаг 5-0 харьцаагаар илүүрхэж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр шилдэг 16-д Германы Кристофер Гомантай аравдугаар сарын 30-ны орой тулалдана.
Тэмцээнээ дуусгасан тамирчид:
- -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
- -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.