Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Тайван замаар эрх мэдлээ шилжүүлж байгаа нь ардчиллын гайхамшиг шүү

НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр болж байна.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын өмнөх удирдлага Э.Бат-Үүл үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ,

-Анхдугаар хурлыг яагаад ахмадаар нь удирдуулдгийг шинээр сонгогдсон төлөөлөгчид мэдэхгүй байх шиг байна. Энэ бол Монгол Улсын олон зуунаас уламжилж ирсэн төрт ёс юм шүү. Сонгууль үнэхээр цунами болсон. Та нар олонх болсон. Та нар түүндээ хөөрөөд юу болсныг ерөөсөө ойлгохгүй байна. Ялалтандаа төөрчихжээ. Би та нарын заримыг төрөө ч үгүй байхад ухуулга хуудас тараагаад явж байлаа.

Өнөөдрийг хүртэл энэ нийгмийн хамгийн төвөгтэй амьдрал болох улс төрийн гал усан дундуур туулсаар ирсэн. Та нар өсөж өндийхдөө миний нэрийг дуулсаар ирсэн. Энэ улс орон аюулын ирмэг рүү, хагарал сүйрлийн ирмэг рүү явах гэж байхад нь зогсоож байсан тийм хүний нэг байна. Энэ туршлагаар бол та нарын хэн нь ч надтай эгнэхгүй. Би бардам хэлж байна. Энэ улс төр эвгүйтвэл юу болдгийг би сайн мэднэ. Та нар нэг юм ойлгох хэрэгтэй. Сонгууль мажоритар системээр явсан. Энэ бол улс төрийн хүчээр та нар олонхийн санал авсан гэсэн үг биш. Цаана нь та нарт санал өгөөгүй 50 хувь байгаа. Нэн ялангуяа нийслэл дээр биднийг ялагдсанд харамсаж байгаа харамсал маш их байгаа. Үүнийг сайн тооц, сайн ойлго!

Нийгмийн эсэргүүцлийг зохион байгуулах туршлага, нэр нөлөөгөөрөө жинтэй хүмүүс гудамжинд гарсан байгаа. Үүнийг битгий мартаарай. Та нарын энд гаргаж байгаа овилгогүй, давлиун зан бүхэн нийгмээ аюулд учруулна, эсэргүүцлийн галыг улам өдөөнө шүү. Үүнийг битгий мартаарай!

Та нар өөрсдөө юу болсныг сайн ухаар. Та бүхэнд тайван замаар эрх мэдлээ шилжүүлж байгаа нь ардчиллын гайхамшиг шүү. Ингэж хэлж байхад олуулаа дайрч, найрал дуучид шиг орилж байгаа чинь маш том алдаа. Битгий ингээрэй. Би хэлье, та нар пянг нь даахгүй шүү. Дахиад хэлье. Тайван замаар засгийн эрх шилждэг ардчиллын гайхамшгийг үзүүлсэн сонгууль боллоо гэж би санамсаргүй хэлээгүй шүү” гэлээ.


Өнөөдрийн хурлаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Үдээс өмнөх хуралдаанаар НИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилсон.

Тиймээс одоо хуралдааныг НИТХ-ын шинэ дарга Ц.Сандуй удирдан явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *