Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Жагсаалыг тараах биш дэмжиж байгаа

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Албадан эмчилгээнд хамруулах тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/87 дугаар захирамжийг хэрэгжүүлсэн тухай мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар танилцууллаа. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хэлмэгсдийн хөшөөний урд “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагаас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12.20 цагаас эхлэн Улсын Их Хурлын гишүүд хууль бусаар Канад Улсын “Сентерра Гоулд” компанид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён ууланд ашигт малтмалын олборлолт хийх зөвшөөрөл олгосон, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах болсныг эсэргүүцэж улс төрийн суулт зохион байгуулсан. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13.05 цагаас эхлэн 9 иргэн өлсгөлөн зарласан. Суулт, өлсгөлөнд оролцогч иргэдийн аюулгүй байдал болон ойр орчмын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 86 алба хаагч, 13 автомашинтай 346 цагийн үүрэг гүйцэтгэжээ.

Монголын Үндэсний музейн захиргаанаас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 74 тоот албан бичгээр “Манай байгууллаг руу ордог төв гарц, машин зогсоолыг хааж байгаа нь аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа тул чөлөөлж өгөх” хүсэлтийг ирүүлсэн байна.

2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс томилогдсон өлсгөлөн зарласан иргэдэд үзлэг хийх багаас дээрх иргэдийн эрүүл мэндийн байдал доройтож, цаашид амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн, эрт сэрэмжлүүлгийн үнэлэмжээр биеийн байдал 4 ба түүнээс дээш онооны тевшинд очсон тул өлсгөлөнг зогсоож, албадан эмчилгээнд оруулах тухай 57 тоот дүгнэлтийг тус дүүргийн Засаг дарга, цагдаагийн хэлтэст ирүүлжээ. Үүний дагуу дээрх дүгнэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Арга хэмжээ авах тухай” 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/87 дугаар захирамж гаргасан байна. Захирамжийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хангаж ажиллажээ.

Ингэхдээ эмнэлгийн дүгнэлт, сайн дураараа өлсгөлөнг зогсоох тухай мэдэгдлийг өлсгөлөн зарласан иргэдэд танилцуулж, зөвшилцсөний дүнд 02 дугаар сарын 24-ний өдрийн 00:28 цагт Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд албадан эмчилгээнд орсон байна. Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахдаа өлсгөлөн зарласан, эсэргүүцэл илэрхийлж буй иргэдтэй харилцан зөвшилцсөн гэдгийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга “Бид хуулийн дагуу тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж,эрхээ эдэлж буй иргэдийнхээ эсрэг хэзээ ч ажиллаж болохгүй. Тиймээс дээрх асуудалтай холбоотойгоор шинийн 1-ний өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, холбогдох албаныхантай уулзаж нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан. Мөн тэдэнд цагдаагийн байгууллага үйлчлэх үүрэгтэй гэдгийг сануулсан. Ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд иргэд нийслэлд жагаал, цуглаан зохион байгуулах эрхээ эдлэхэд нээлттэй болгосон. Тариаланчдын жагсаал гэхэд л манай цагдаагийн албан хаагчид кран, машиныг оруулж дэмжлэг үзүүлж байх жишээтэй. Нэг үгээр хуулийн дагуу, хүчирхийлэлгүй, тайван замаар зохион байгуулж буй жагсаалыг тараадаг биш, дэмжиж байгаа” гэдгийг онцлон хэллэхийг хүсч байна гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *