Монгол
Улсад ардчилсан анхны сонгууль болсны 25 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо
олон улсын хүндэтгэлийн хуралдаан болсон билээ. Энэ үеэр Улаанбаатар хотын
захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь
хүргэж байна.
Энд
хуран цугласан та бүхэн, эрхэм хүндэт зочдынхоо амар амгаланг эрэн мэндчилье.
Би та бүхний өмнө зогсож байхдаа 1990 оны долдугаар сарын 30-ны өдрийг нэхэн
санаж байна. Энэ өдөр Ц.Элбэгдорж, С.Зориг гээд Ардчилсан хүчнийхэн бид
бүгдээрээ цуглаад сонгуулийн дүнгээ хүлээж суусан. Гэтэл Ардчилсан хүчин
ялагдсан. Ардын их хурлын 430 суудлын дөнгөж 74-ийг нь авсан байсан. Бага
хурлын дөч хүрэхгүй хувийн санал авсан байв. Өөрөөр хэлбэл тэр үеийн МАХН 60
гаруй хувийн санал авсан байсан. Гэхдээ бид бүгдээрээ жигтэйхэн их баярлаж
байсан. Ялагдчихсан мөртлөө баярласан энэ тохиолдлыг тэр үед л би мэдэрч
байлаа. Ардчилсан хүчин ялагдсан ч гэсэн ардчилал ялчихаад байсан үе. Бөөн
баяр. Сая Ерөнхий сайд маш сайхан мэдээ бидэнд хэллээ. Жил бүрийн долдугаар
сарын 30-ныг “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр” болгохоор Засгийн газрын
шийдвэр гарсанд маш их баярлаж байна. Энэ бол бид нарын хувьд их утга учиртай
зүйл байсан. Бид яагаад ингэж их баярласныг товчхон хэлье. 300 жилийн дараа
монголчууд өөрсдөө төр засгаа мэдэж, байгуулсан. Тэр үед “Бид нар ингээд төр
засгаа байгуулчихлаа” гэж ярьж байсан л даа. Сонгуулиа чөлөөтэй өгөөд, биднийг
хэн удирдахыг ч шийдчихсэндээ бөөн баяр болж байлаа. Жишээлбэл, хамгийн сүүлд
гэхэд л Монголыг олон жил удирдаж байсан Ю.Цэдэнбалыг өөрчилж Ж.Батмөнх гэдэг
хүнээр тавьсан энэ шийдвэр Москвад
ЗХУ-ын Коммунист намын Улс төрийн товчоогоор шийдэгдэж байсан. Ийм байдлаар 300
жил орчим явж ирсэн бид нар харин тэр өдөр өөрсдөө төрөө байгуулчихсан.
Магадгүй тэр нь сайн байсан байж болно, муу байсан ч байж болно. Гэхдээ бид
өөрсдөө шийдсэн. Социализмын үед сонгууль явдаг байсан ч нэг л хүнийг сонгодог
байсан. Тэр битгий хэл нас барсан хүнийг сонгосон явдал гарсан. Тэгсэн бид нар
430 суудал дээр янз бүрийн намууд оролцоод, 2000 гаруй хүнийг учрыг нь олж
сонгох гэж нэлээн зүдэрсэн. Яагаад гэвэл анх удаа тийм зүйл болсон юм чинь.
Сонгогчид “Ямар хэцүү юм бэ. Толгой
эргээд байна” гэсэн. “Одоо яая гэх вэ, толгой эргэхээс яахав. Сонголтоо
хий” гэж хэлсэн. Тэгээд сонгосон. Чөлөөт сонгууль байсан. Ард түмэн хэнээр
удирдуулахаа шийдсэн. Ийм учраас тэр үед Ардчилсан хүчин ялагдана гэдэг үнэхээр
бага асуудал байсан. Ардчилал ялчихсан. Бүрэн эрхээ олоод авчихсан болохоор
бидний хувьд бөөн баяртай байлаа. Өөрөө өөрийгөө мэддэг. Яг үнэндээ хэлэхэд бас
тэр үедээ бага зэрэг цочирдож байлаа. Хачин санагдаад. Бид ингээд сонгоод
шийдчихлээ шүү дээ гээд. Гэхдээ энэ бүх үйл явдал хамгийн гайхамшигтай нь
Монголд тайван замаар болсон. Ер нь хүн төрөлхтний түүхийг харах юм бол
дарангуйллаас эрх чөлөө рүү шилжихэд хүчирхийллээр үндсэндээ явдаг. Яагаад
гэвэл дарангуйлал гэдэг хүчирхийллийг хүчирхийллээр л өөрчилсөн байдаг. Тийм учраас
ардчилалд шилжих үйл явдал маш амаргүй байдаг. Ер нь юм л бол хүчирхийлэл рүү
хальтраад байдаг. Үүнийг 1990 онд болсон үйл явдлууд харуулж л байсан. Европт ч
гэсэн хааяагүй л хүчирхийлэл болж байсан. Одоо сүүлд болсон Арабын хувьсгал бол
үүнийг бүр их тод харууллаа. Ямар аймшигтай хүчирхийлэл рүү живээд орчихов.
Ардчилал руу шилжих гэж байгаад. Тэгэхэд бид нар бүгдийг тайван замаар хийж
чадсан. Би тэр үед сонин дээр
конгрессийн хоёр танхимын Монголын ардчиллыг дэмжсэн тухай тогтоолын орчуулга
байхыг үзэж байсан л даа. Тэрэн дотор нэг ийм үг надад их содон, бахархмаар
санагдаж байсан юм. Дэлхийд сайхан үлгэр жишээ үзүүлэх тайван хувьсгалыг
монголчууд хийлээ. Үнэхээр энүүгээр монголчууд бид бахархдаг. Энэ тайван
хувьсгалыг хийхэд бас маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг энд хэлэх
ёстой. Юуны өмнө манай Ардчилсан
хувьсгалын удирдагч байсан С.Зоригийг энд дурдмаар байна. Үнэнийг хэлэхэд би
нэлээд радикал чиглэлийн нөхөр байсан. С.Зориг, Ц.Элбэгдорж нар бол нэлээд тайван
чиглэлээр явах ёстой гэдэг байр суурин дээр байдаг байв. Одоо энд Р.Гончигдорж
сууж байна. Баабар, Ганболд гээд бүгдээрээ л тайван хувьсгалыг л хийх ёстой
гэсэн. Найз нартаа их баярладаг. Үнэхээр ингэж
чадсан. Би бас энд Ж.Батмөнх гуайг дурсъя гэж бодож байна. Монгол Улсыг удирдаж
байсан хүн. Тэр хүн бол энэ тайван хувьсгалыг явуулахад шийдвэрлэх үүрэг
гүйцэтгэсэн. Ж.Батмөнх гуай өөрөө албан тушаалаа сайн дураараа өгсөн.
Залуучуудынхаа замд, ардчиллын замд саад бололгүйгээр харин хаалгыг нь
онгойлгож өгсөн. Тиймээс энэ баярын өдөр
Батмөнх гуайд талархал илэрхийлмээр байна. Тэр үед бүрэн
бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан Улс төрийн товчооныхонд бас талархаж
байна. Бас П.Очирбат гуайд маш их талархаж явдаг. Манай П.Очирбат гуай
гайхамшигтай Ерөнхийлөгч байсан. Очирбат гуай өөрийг нь магтахад их дургүй л
дээ. “За одоо битгий ингээд хачин юм яриад бай” гэдэг ч юм уу. Тэр зөвшилцүүлж
чаддаг Ерөнхийлөгч байсан учраас ардчилал
үнэхээр явж чадсан. Д.Бямбасүрэн гуайд бас талархлаа илэрхийлье.
Ардчилсан хүчин сонгуульд орохгүй гээд туниад суучихсан байхад нь П.Очирбат
гуай, Д.Бямбасүрэн гуай буцаж оруулах гэж нэлээд юм болж билээ. Тэгж байж
оруулж чадсан. Хамгийн гол нь сонгууль явагдсан. Энд Г.Очирбат гуай сууж байна.
Би Г.Очирбат гуайд бас талархлаа илэрхийлье. МАХН-ыг тэр үед удирдаж явсан. Г.Очирбат
гуай тэр үед энэ ардчиллыг тайван замаар шилжүүлэх, ардчилсан Үндсэн хуулийг
батлахад намаа удирдаж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Би Ардын их хурлын 430
депутатад бас талархлаа илэрхийлье. Яагаад гэвэл шинэ ардчилсан Үндсэн хуулийг
76 хоног хуралдаж байгаад баталсан. Энэ хүмүүс үнэхээр ардчиллын эцгүүд юм аа.
Миний энгэр дээр байгаа одон бол П.Цагаан даргын хэлдгээр
баатрын тэмдэг. Ерөнхийлөгч надад энэ тэмдгийг зүүхдээ хэлсэн үгийг би энд
зориуд онцолмоор байна. Ерөнхийлөгч надад энэ тэмдгийг зүүж хэлэхдээ “Бат-Үүл
ээ, үүнийг би чамд өгөөгүй юм шүү. Энэ ардчилсан хувьсгалыг тайван замаар
хийсэн тэр баатруудад өгч байгаа юм. Тэр ардчилсан холбооны баатруудад, тэр
Ардчилсан хүчний баатруудад, тэр ардчиллыг дэмжсэн хүмүүст би энэ тэмдгийг өгч
байгаа юм. Бүгдэнд нь даанч тарааж өгч, хийхэд үнэхээр зардалтай. Тиймээс
зардлаа хэмнээд чамд төлөөлүүлээд зүүчихсэн юм аа” гэсэн л дээ. Тийм учраас энэ
бол манай ардчилсан хувьсгалыг хийсэн тэр хүмүүсийн тэмдэг юм шүү гэдгийг би
зориуд хэлье. Энд манай партизанууд сууж байна. Энэ бол та нарын маань тэмдэг юм шүү. Манай ахмадууд сууж байна. Эрх
чөлөөний тухай ард түмэн янз янзын сайхан үг хэлдэг байх. Харин гадаадын улс
орнууд эрх чөлөөнийхөө талаар хэрхэн хэлц үг хэлдгийг нь мэдэхгүй. Гэхдээ ойр
хавьд сураглаж үзэхэд монголчууд шиг эрх чөлөөний тухай сайхан үг хэлснийг олж
сонсоогүй. Монголчууд эрх чөлөөнийхөө тухай үзэл санааг юу гэж хэлсэн байдаг вэ
гэхээр “Бусдын эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл
эрх чөлөө гэдэг бол биеийн жаргалаас ч гайхамшигтай зүйл юм шүү
гэдгийг монголчууд хэлсэн байдаг. Ийм гоё үгийг үнэндээ өөр хаанаас ч
дуулаагүй. Тийм учраас ийм эрх чөлөөнд дуртай ард түмэнтэй учраас бид ардчиллыг
ялуулж чадсан. Ард түмэндээ талархаж байна. Тэд нар бол бас баатрууд юм аа
гэдгийг хэлэхийг хүсч байна. Мэдээжийн хэрэг билэгт сайн өдөр боловч би
сэтгэлээсээ нэг зүйлийг илэн далангүй хэлье. Бас Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын
хэлсэн үгэнд ч дурдсан. Улс төрчид хариуцлагатай байхгүй бол ардчилал өмнөө
сорилттой тулгарсан. Ялангуяа бид байгалийн маш их баялагтай гэдэг нь тодорхой
болсон. Бас геополитикийн багагүй өрсөлдөөн явж байгаа гэдэг нь тодорхой байна.
Ардчилалд ард түмэн хэзээ ч гай болдоггүй. Яагаад гэвэл ардчилал бол ард түмэнд
эрх мэдлийг нь өгдөг учраас эрх мэдлээсээ татгалздаг хэн ч байдаггүй. Хэзээ ч
байдаггүй. Ардчилалд хувийнхаа ашиг сонирхлыг л урдаа барьсан, хувийнхаа ашиг
сонирхлын төлөө явдаг улс төрчид л гай болдог. Хүмүүс бас ард түмнээс олгосон
эрх мэдлийг хувийн бизнесийн сонирхол болгох гэж гүйж явдаг тэр улс төрчид л
ардчилалд гай болдог. Тэд л бусдыг уруу татдаг. Хувийнхаа бизнесийн цаад
зорилго руу тэд бусдыг турхирдаг. Нэн ялангуяа их баялагтай улс оронд ийм
үзэгдэл цагаандаа гардаг. Өнөөдөр ийм байдал харагдаж байна. Үнэндээ
байгалиасаа, мөн чанараараа улс төр гэдэг бол нийтийн төлөө явах мэргэжил, ажил
шүү дээ. Өөр юу ч биш. Хэрвээ улс төрийн эрх мэдлийг өөрийн хувийн бизнесийн
зорилго болгодог байх юм бол тэрүүгээр яах юм бэ. Тийм төрөөр ч яах юм. Ямар
хэрэгтэй юм. Гэтэл байгалийн энэ мөн чанарыг хувь хүний амьтанлаг мөн
чанартайгаа хольсон улстөрчид улс төрийн эрх мэдлийг хувьдаа ашигласнаас бүх
гай үүддэг. Үнэндээ хувийнхаа ашиг сонирхлын төлөө явж байгаа улстөрч,
санваартан хэрнээ нүгэл үйлдэж явж байгаа лам хоёр яг адилхан юм аа. Энэ хоёр
шиг адилхан юм байхгүй. Нэг төрлийн улсууд. Ийм учраас засаглалыг сайжруулах
хэрэгтэй. Тиймээс улстөрчдийн энэ гай түйтгэрээс ардчиллаа хамгаалах ёстой.
Улстөрчдийг хүмүүсийнхээ төлөө явдаг болгох ёстой. Ажилгүйдэл их байна. Бизнес
баларч байна. Эдийн засаг хүндэрч байна. Юун хувийн зодооноо хийгээд байгаа юм.
Гэр рүүгээ явах ёстой шүү дээ. Тэрийгээ шийдэх ёстой. Ардчилал уствал Монголд
бүрэн эрх байхгүй. Үүнийг бид түүхээрээ үзсэн. Бидний асуудлыг ахиад хэн нэгэн
шийддэг болно. Ийм нүгэлтэй юм руу явмааргүй байна. Би зориуд хэлж байгаа юм.
Баярлалаа, та бүхэнд.