Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар оролцсон бөгөөд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “Х.Баттулга Ардчилсан нам руу дайрч буй үйлдлээ зогсоо. Одоо болно. Бизнесээ л сайн хий. Хоёулаа одоо нийгмийг авч явж чадахгүй. Харин залуус чадна. Сая залуус жагслаа, гарч ирлээ. Ерөнхий сайд нь залуусын өмнө гарч ирж, уулзлаа. Монголын ардчилал ийм гайхалтай байна. Бид хоёр хөршдөө үлгэр жишээ боллоо. Намайг хоригдож байхад АН-ын даргын сунгаа болох гэж байгаа талаар дуулсан. Тэгээд Х.Баттулгад болихыг гэж зөвлөсөн. Гэвч миний зөвлөгөөг хүлээж авсангүй. Сунгаа нэртэй зүйл явуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгсөн. Тэрбээр шүүх бол бүртгэлийн байгууллага гэж хачирхалтай үг хэллээ. Ерөнхийлөгч байсан хүн шүүхийн байгууллагыг бүртгэлийн төдий гэж анх удаа хэлсэн явдал болж байна. Ардчилсан намын өнөөгийн хагарлыг эхлүүлсэн гол хүн нь Х.Баттулга өөрөө. Тэр одоо Монголын ардчиллыг үгүй хийж Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Үүнийг би хэрхэвч зөвшөөрөхгүй” гэлээ.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МАН үнэмлэхүй олонхоор төрийн эрхийг барилаа. Одоо гоншгиноод байх зүйл байхгүй. Сүүлийн үед гадаад нөхцөл байдал, олон улсын хямралаас шалтгаалсан зүйлс байна гэж мэдэгддэг боллоо. Олон улсад хямарсан зүйл байхгүй. Геополитикийн асуудал байгаа. Хэдий ийм нөхцөлд ч гэлээ манай улс л эдийн засгаа хэвийн болгож чадахгүй байна. Түүхий эд, алт, зэс, нүүрсний үнэ дэлхийд өндөр байхад боомтуудын нөхцөл байдлаас шалтгаалан экспортоо хийж чадахгүй. Үүнд МАН бүрэн хариуцлага хүлээх ёстой” гэв.