Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болж байна. Засгийн газар, УОК хайхрамжгүй сул ажилласнаас болж дотооддоо вирусийг алдлаа гэж иргэд олон нийт шүүмжилж байна. Та нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ковидын анхны тархалтын үед буюу өнгөрсөн оны эхээр ҮАБЗ цаг алдалгүй шуурхай хуралдаж, улс орноо онцгой байдлын горимд шилжүүлсэн.
Засгийн газар ч сайн ажилласан. Улсын онцгой комисс ч ажил үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Гэхдээ тухайн үед ковидын тархалт сунжрах аюул байна, хоёр дахь тархалтаар бүр хүндэрч болзошгүй тул эдийн засгаа ковидын горимд шилжүүлэн улсын төсвийн тодотгол хийх зэрэг олон талт арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна гэж эдийн засагчид ч их анхааруулсан. УИХ дахь АН-ын бүлэг ч удаа дараа шаардсан. Ерөнхийлөгчийн зүгээс ч анхааруулсан. Гэтэл Засгийн газар үл тоож, ковидын шинэ тархалтад бэлдэх тал дээр хариуцлагаа сулруулах шиг боллоо. УИХ болон орон нутгийн сонгуульд л илүү ач холбогдол өгөн, хүндрээд байгааг мэдсээр байж эдийн засгийн нөөц боломжоо сонгуульд шавхах шиг боллоо. Ковидын хоёр дахь тархалт өмнөхөөсөө хүнд тусна гэж дэлхий даяар яриад байсан шүү дээ. Өнөөдөр манайд эдийн засгаа аварч чадах уу? гэдэг асуудал хурцаар тавигдаад байна. Вакцин ирлээ ч ирэх хавраас нааш ирж чадахгүй байх. Эдийн засгаа тавиад туучихвал ковиддоо бүр дарлуулж дуусна шүү дээ.
-Улсын Онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрүүд хоорондоо зөрчилдөөд байгаа нь хүмүүст хүндрэл учруулж байх шиг?
-Харин би гайхаад байгаа юм.
Өмнөх тархалтын үеийн онцгой дэглэмийн үед сайн л ажиллаад байсан даа. Онцгой дэглэм гэдэг чинь шат шатны байгууллагуудын шийдвэр хоорондоо зөрөх ёсгүй л гэсэн үг дээ. Онцгой комисс чинь босоо тогтолцоотой байгууллага шүү дээ. Иргэдээ орон нутаг руу гаргах ажил нь гэхэд нэлээд хүндрэл учруулж байх шиг харагдсан. Бэлтгэл тааруу байснаас болоод одоо тамираа баран учраа олохоо больж байгаа юм биш биз гээд санаа зовоод л байна.
-Нийслэлийн төсөв дээр олон шүүмжлэл гарч байна. Хэр төсөв болсон гэж та харж байна вэ?
-Ковидын онцгой дэглэмд дэлхий нийтээр шилжчихээд байгааг мэдэхгүй байгаа аятай л төсөв баталлаа. Хотын удирдлага байдал ямар ноцтой байгааг ойлгохгүй байна гэхэд ч хаашаа юм бэ дээ. Ер нь эдийн засаг унах үед төсвийн хөрөнгөөрөө дамжуулан улстөрчид хувийн бизнесүүдээ аврах тухай бодоод байгаа юм биш биз гэмээр л байна.
-Та хотын дарга байсан хүний хувьд хөл хорионы үед ямар ажил үр дүнтэй гэж харж байна вэ?
-Хөл хорионы үед интернэтийн дэд бүтцийг ашиглан эдийн засгаа ковидын горимд шилжүүлмээр санагдаж байна. Интернэт худалдаа, интернэт оффис, бараа бүтээгдэхүүний интернэтийн нийлүүлэлт, захиалгат дуудлагын үйлчилгээ зэргийг дэмжсэн эх үүсвэрүүдийг бий болгох хэрэгтэй. Халтуур хийж байгаа хувийн машинтай иргэдээ хажиглаж байхаар тэдэндээ урамшуулал өгөн дайчилж, хоршоо болгон нийтийн тээвэр болон бараа бүтээгдэхүүний хүргэлтэд ашиглах хэрэгтэй. Мэдээж тэгж ажиллахдаа аюулгүйн ажиллагааны халдваргүйжүүлэлтийн горим Нийслэлийн онцгой комиссын хяналтад байх ёстой. Бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний нийлүүлэлтийн дэд бүтцийг иргэдтэйгээ холбоод дэлгүүр, худалдааны байгууллагуудынхаа хэвийн ажиллагааг сэргээх нь чухал байна шүү дээ.
-Хотод нэн тулгамдсан асуудлын нэг бол замын түгжрэл. УИХ, Орон нутгийн сонгуульд оролцсон улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчдийн ихэнх нь замын түгжрэлийг бууруулна гэдэг амлалт өгч байсан. Таны үед замын түгжрэлийг бууруулах ямар гарц гаргалаа байсан бэ, ямар ажлуудыг эхлүүлж байв?
-Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хоёр гол шугам нь Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө байдаг юм. Энэ хоёр өргөн чөлөөнийхөө дагуух нийтийн тээврийн үйлчилгээн дээр нийслэл онцгой анхаарч ажлын цагаар нийслэлийн автобусуудыг үнэгүй явуулах хэрэгтэй. Хувийн машинаар халтуур хийж буй иргэдийг хоршоо болгон зохион байгуулж такси үйлчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гол нь сургуулийн хүүхдүүдэд найдвартай үйлчилдэг нийтийн тээврийн үйлчилгээг иж бүрэн бий болгох эхлэлийг дуусгах нь чухал. Ер нь бол цаашдаа бидний үед эхлүүлж байсан метроны ажлыг эрчимжүүлэх асуудлыг Японы талтай ярьж шуурхайлах хэрэгтэй.
-АН-ын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлээч. Ардчилсан нам Их хурлаа хийж, дүрмээ шинэчлэхээр болсон. Дүрмээ шинэчлэх нь зөв, буруу гэдэг зүйл яригдаж байна. Ер нь шинэчлэлийг хэрхэн хийх ёстой вэ. Та намын ажил, их хуралд ямар үүрэгтэй, ямар байр суурьтай оролцож байгаа вэ?
-Би ҮБХ-ын гишүүний хувиар намын дүрмийн шинэчлэлд идэвхтэй оролцож байгаа. С.Эрдэнэ даргын, гишүүдийн оролцоог хумьж болохгүй гэдэг бол маш зөв. Манай нам гишүүдийнхээ оролцоогоор гайхуулдаг нам шүү дээ! Ардчилсан намыг Ардын намын дуураймал нам болгож огт болохгүй. Ардын намаас ялгарахгүй нам болчихвол бид тэдний дээр гарч чадахгүй. Иргэд дуураймлыг нь биш жинхэнийг нь дагана шүү дээ.
Намын дарга сонгохдоо сунгаагаар явуулах ёстой. Сунгаа байхгүй болсноор хагарал байхгүй болно гэдэг маш том эндүүрэл. Их хурал гээд цөөхөн хүний хүрээнд намын даргаа шийдлээ ч хагарахдаа хүрвэл хагардаг л юм. Хагараад бүр шүүх дээр очиж байсан түүхтэй дээ.
-Мөн АН-ын дараагийн шинэ дарга хэн болох вэ гэдэг дээр хүмүүс байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна. Та АН-ын дараагийн дарга ямар хүн байх ёстой гэж бодож байна?
-Эрэлхэг хүн байх ёстой. Дайчин хүн байх ёстой. Ардчиллынхаа төлөө туйлбартай тэмцэгч хүн байх ёстой. Манай залууст энэ чанар дутаад байна. Ардын намаас их дальдчаад, айгаад, ухаантай царайлж бөөрөнхийлөөд байдаг болсон шиг байна билээ. Ард түмэн эрэлхэг дайчин намыг л дагадаг юм. Аймхай улсыг ямар ч тэнэг хүн дагадаггүй дээ.
-Ер нь Ардчилсан нам лидергүй болчихлоо гэж яриад байгаа?
-Манай залуус нэг л хулчгардуу, дайчин биш, хаяагаа манасан улс төр хийгээд байна. Үнэт зүйлийг нь гишгэчиж байхад бөөрөнхийлөөд л байх юм. Ийм манлайлалгүй байхад яаж лидер төрөх вэ. Монголын эдийн засгийн 90 хувийг нь үүрээд явж байгаа хувийн хэвшил төрд элдвээр дарамтлуулаад сууж байхад хувийн өмчийн эрх хэмээх үнэт зүйлийг хамгаалахын оронд зарим нь бүр зөрүүлээд социализмын үнэт зүйлийг сэргээх тухай яриад явж байна. Зүүн үзэл ярих юм бол манайх Ардын намын хуулбар нам л болно шүү дээ. Хуулбар намаас яаж лидер төрөх вэ. Улс төрийн баруун төвийн чөлөөт эдийн засаг гээд маш том зүйлээ алдчихаад байгаагаа ойлгохгүй байна.
-АН хоёр ч сонгуульд дарааллан ялагдал хүлээлээ. Шалтгааныг нь та бараг хэлчих шиг болов уу?
-Манай нам үзэл санаагаа хамгаалан тэмцэж чадаагүйгээс улс төрийн зах зээлээ алдаад байна. Үнэндээ бид МАН-ын хуулбар нам болчихоод байна. Хүмүүс хэзээ ч хуулбарыг нь биш оригийг нь сонгодог хуультай. Манай намын улс төр баруун ч биш зүүн ч биш, ядахдаа олигтойхон популизм ч хийж байж чадахгүй байна. Сүүлийн үед дэлхийн улс төрийг хараад байхад үзэл санаандаа тууштай, түүнийг энгийн масс хүргэх зөв популизм хийж улс төрийн зах зээлээ баттай хамгаалж чадсан намууд л ялаад байна.
-Өнгөрсөн 2020 оны сонгуулиар та Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг тойрогт өрсөлдсөн шүү дээ?
-Ноолуурыг нь хулхидчихаад байхад малчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төлөө өгнө билээ. Хэнтийн сонгогчдын тавь гаруй хувь нь малчид юм. Хэнтийд явж байхдаа малаа хураалган нийгэмчлүүлж байсан малчдын залуу үе МАН-ын төлөө байхыг хараад, сүмээ шатаалгаж явсан лам хуврагуудын хойч үе МАН-ын төлөө байхыг хараад, гэм зэмгүй эцэг өвгөдөө хөнөөлгөн хэлмэгдүүлж явсныг үзэхийн ихээр үзсэн буриад, боржигон овогтнууд МАН-ын төлөө байхыг хараад тун их гайхаж байсан. Социализмын үед Хэнтий аймаг Чингисийн алтан ургийнхан учраас хамгийн их адлуулж явсан юм шүү дээ. Ардчиллын Оюунбаатарын үед л Хэнтий аймаг хөгжлийн хурдаараа тэргүүлэх аймаг болсоон. Сонгуулиар манай намын гишүүд үнэхээр сайн ажилласан. Эв нэгдэлтэй байсан. Ардчилсан намын сонгуулийн менежмэнт Ардын намынхныг дагуулахгүй чадварлаг байсан юм.
Яагаад ч юм Хүрэлсүхийн Чойбалсан шиг царайлах бүр Хэнтийнхэн улам дуртай байгаад байв. Уг нь Чойбалсан чинь Хэнтийн буриадууд, боржгоны алтан ургийнхныг, лам нарыг Сталины даалгавраар золтой л хядаж дуусгачихаагүй дээ. Хачин л юм болсоон.
-Таны улс төрийн карьер цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
-Залуучуудаа л дэмжинэ. Манай залуучууд эрэлхэг, дайчин байдлаа нэмж зүрх зоригтой байж чадвал Монголыг хөгжил дэвшил рүү аваад явах найдвар нь.
Сая, ковидын цар тахлын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд, нөгөө талаасаа эрх чөлөөт амьдрал, нээлттэй ардчилсан амьдрал, чөлөөт зах зээл ямар их хэрэгтэйг залуучуудад ойлгууллаа. Хорио цээртэй дарангуйллын амьдрал ямар таагүй болохыг харлаа. Онлайн сүлжээ, цахим орчинд залуус ардчиллаа эргэж нэхэж байна.Одоо манай намын залуус хичээх хэрэгтэй. Харин бид залуу хойч үеэ бэлдэхэд нь намдаа хүчин зүтгэх ёстой. Боловсрол төвтэй улс төр рүү шилжихэд нь зүтгэх ёстой.
-Шүүхийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан ч МАН-ын бүлэг хүлээж авсангүй. Үүний цаана юу болоод байна гэж та харж байна вэ?
-Шүүхийг ҮАБЗ-өөс хараат бус болгоно гэсэн УИХ-ын гишүүдийн байр суурь маш зөв шүү. Шүүх хараат байдалд орсноос хойш шударга шүүх гэж байхгүй болсон. Ядахдаа шүүх хурлаа ч нээлттэй хийхээ болилоо. Ерөнхий сайд, сайд асангууд шүүх хурлаа ард түмний нүдэн дээр нээлттэй хийхийг яаж ч шаардаад дийлсэнгүй.Тэд үнэхээр буруутай байсан бол шүүх хурлыг нээлттэй хийе гэж ингэж их зүтгэхгүй байсан биз.Тэд нээлттэй хийхийг ямар их шаардав. Гэтэл гүрийгээд хүлээж авсангүй.