Categories
мэдээ цаг-үе

Э.Анхбаяр: Багшийнхаа бүтээлийг ард түмэндээ сурталчилна гэж боддог

Саяхан болж өнгөрсөн “Морин хуур-2015” наадамд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая, Өмнөд Монголын яруу найрагч Г.Баярын үг “Бурхан халдун” дуу шилдгээр шалгарсан билээ. Энэ дууг дуулсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин СТА Э.Анхбаяртай уулзаж ярилцлаа.

-Та багшийнхаа дууг дуулж энэ жилийн “Морин хуур” наадамд оролцлоо.

-Тийм ээ, багш маань өнгөрсөн зун утасдаж ийм дуу хийчихлээ, ирээд сонс гэсэн. Дуулж үзлээ, их сайхан бүтээл болсон байсан. Бидэнд “Морин хуур” наадамд орно гэсэн төлөвлөгөө байгаагүй л дээ. Наадмын бүртгэл дуусахаас хоёр гурван хоногийн өмнө багш над руу залгаад “Хоёулаа энэ жил “Бурхан халдун”-аараа орох уу яах уу, тэр жил би “Арвайн тал”-аар ороод хусуулчихсан шүү дээ” гэсэн. “Би яаж мэдэхэв, багш аа” гэхэд намайг “Чи л мэд” гэсэн. Тэгэхээр нь оръё гэж хэлсэн. Би очиж бүртгүүлээд багшийн өмнөөс гарын үсэг зурчихсан. Ингэж л энэ уралдаанд оролцлоо. Энэ уралдааны сүүлчийн шатанд орсон дуунуудыг, дуучдыг анхааралтай сонссон л доо. Ямар нэгэн будлиан гарахгүй бол манай дуу дээгүүр давхих магадлалтай юм байна гэдгийг мэдэрсэн.

-Н.Жанцанноров гуай дуугаа өгөхдөө яаж дуулаарай гэсэн бэ?

-Яаж дуулах талаасаа биш хөгжмийн утга санааг хэрхэн гаргах талаас нь хэлж байсан.

-Оролцогчийн хувьд энэ жилийн наадамд ямар нэгэн шинэ зүйл мэдрэгдсэн үү?

-Би энэ наадамд гурав дахиа орж байна. Тиймээс ер нь ханатай болдог гэдгийг мэддэг. Энэ жил Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч солигдсон байсан. Шинэлэг зүйлүүд нэлээд байсан болохоор дотроо их итгэж хүлээж байсан. Ямар ч байсан наадам сайхан болсон, ямар нэгэн ийм тийм юм ороогүй, бодитой шүүсэн. Шударга шүүнэ гэж бодож ч байсан. Миний дуулсан дуу түрүүлсэн учир ингэж байгаа юм биш. Бүтээлүүдийг сонссон хөгжмийн зохиолчид ч хоорондоо ярьж байсан.

Н.Жанцанноров багш аргагүй л даацтай бүтээл хийжээ гэж. “Морин хуур” наадмын тоглолтын хамгийн эхэнд бөгөөд хамгийн сүүлд мундаг оркестровка сонслоо гэж хүмүүс хоорондоо ярьж байхыг сонссон.

-Эхэнд нь хэний бүтээлийг тоглосон бэ?

-Эхэнд нь Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Хөх тэнгэрийн орон”, хамгийн сүүлд нь Н.Жанцанноров гуайн бүтээл эгшиглэсэн.

-Та түрүүн “Морин хуур”-д орсон дуунууд болон дуучдыг сонссон гэж хэлсэн. Уран бүтээлч хүний хувьд тэдгээрээс ямар дуу таалагдав?

-Хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Тавилангийн харгуй” гээд дуу байсан. Б.Бямбабаярын “Цэцэн хааны нутаг” гэж дуу их сайхан бүтээл байсан. Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэлийн “Дарьгангын хээр тал”-ыг дуучин Н.Отгонбаатар их сайхан дуулсан. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Ш.Лхамноржмаагийн шүлэг “Уйдашгүй эх орон” нь сор болсон бүтээл. Би энэ дууг байнга сонсож байгаа.

-Та Дуурь бүжгийн эрдмийн театрт хэдэн оноос ажиллаж байгаа билээ?

-Би 2011 онд сургуулиа төгсөөд 2012 оны хавраас Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байна.

-Дуурийн дуучин хүн зохиолын дуу дуулж болох уу?

-Тэрийг зохицуулж болно л доо. Гэхдээ дуурийн дуучин хүн монгол дуу их дуулах юм бол хоолой эвдэрнэ гэж ярьдаг л даа.

-Н.Жанцанноров багшийнхаа зохиосон өөр ямар дуунуудыг нь дуулав?

-“Отгонтэнгэр минь” дуу байна. “Сүндэрьяа гэж дууг нь дуулсан. Хамгийн сүүлд сая “Морин хуур”-т орсон “Бурхан халдун”-ыг дууллаа.

-Та хоёр хэдийнээс хамтран ажиллаж байгаа вэ?

-Удаагүй. Би сургуулиа төгссөнийхөө дараа уралдаан тэмцээнд явж багагүй амжилт үзүүлсэн. Хасагдахдаа хасагдаж ч явлаа. Багш намайг ерөнхийд нь мэддэг байсан. Бид хоёр нэг нутаг л даа. Хааяа хажуугаар өнгөрөхдөө “Чи чинь Өвөрхангайнх бил үү” гэдэг байсан. Нэг удаа надаас “Өвөрхангайн Хонгор нутгаар юу байна? Би чамд дуу өгөөд энд тэнд дуулуулж ашиглавал болж байна уу?” гэж тоглоом шоглоомоор хэлэхэд нь “Бололгүй яахав, багш аа” гэсэн. Нэг удаа над руу залгаад “22 жилийн дараа” гэдэг концерт болох гэж байна. Би 22 жилийн дараа концерт хийж байгаа юм байна. Дүү тэрэн дээр “Отгонтэнгэр”, “Сүндэрьяа” хоёрыг дуулаач” гэсэн. Ер нь бид хоёр хамтарч ажиллаад удаагүй байгаа. Энэ их агуу хүнээс хөгжмийн ертөнцийн болоод амьдралын суралцах зүйл залуус бидэнд маш их байна. Зөвхөн хөгжмийн зохиолч, багш гэсэн үүднээсээ амьдралын ухааныг суралцах ёстой. Энэ хүн хүнтэй харилцаж байгаа соёл бүх юмаараа мундаг. Тиймээс багшийнхаа бүтээлийг ард түмэндээ сурталчилна гэж боддог.

-Таныг Италид хөгжмийн сургуульд явах гэж байгааг сонссон. Энэ талаараа сонирхуулаач?

-Тиймээс Цагаан сар гараад шинийн дөрвөнд явна. Гурван сарын хугацаатай Миланы хөгжмийн их сургуульд мэргэжил дээшлүүлнэ. Тэрнээсээ цаашаа дамжаад Европын театруудад сонсгох, уралдаан тэмцээнд оролцох, мэргэжилтэн багш нартай ажиллана. Цаашлаад Миланы хөгжмийн их сургуульд дэвшиж магистрт суралцах гэсэн олон зорилготой явж байгаа. Манай театрын гоцлол дуучин Гомбо-Очир бид хоёр явж байгаа. Сонгодог урлагийг дэмждэг “Серж меценат” сангаас биднийг ивээн тэтгэсэн бөгөөд тус сангийнхаа хамт олон талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *