Categories
мэдээ спорт

Дюсселдорфийн дэвжээнээс дөрвөн хүрэл медаль хүртлээ

Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг дэлхийн чансааны оноо олгох ээлжит тэмцээн Германы Дюсселдорф хотод үргэлжилж байна. Өмнө нь “Гран при” ангиллаар зохиогддог байсан Дюсселдорфийн тэмцээн энэ оноос эхлэн Гаранд слам болж хүрээгээ тэлж буйгаараа онцлог байв. Дюсселдорфийн гаранпри тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид 2010 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ П.Лхамдэгд, гавьяат тамирчин Г.Болдбаатар нар алтан медаль зүүж байсан юм. 2018 оны Дюсселдорфийн Гранд слам тэмцээнд таван тивийн 71 улсын 500 гаруй шилдэг жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч үзэж байна. Манай улсаас дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Г.Одбаяр нараар ахлуулсан 19 тамирчин зодоглож байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д нийт 21 бөх барилдаж залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга Японы тамирчин Рьюжу Нагаяама анх удаагаа Дюсселдорфийн Гранд сламд түрүүлэв. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд Оросын Роберт Мшибадзег ялсан юм. Энэ жинд барилдсан гавьяат тамирчин Г.Болдбаатар “Б” хэсгийг ахалж эхний даваанд дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Рустам Ибраевыг хожсон ч удаах тойрогт Гүржийн Лухими Чквимиамид торгуулиар хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ. Тэрээр 2017 онд Дюсселдорфийн тэмцээнд алтан медаль хүртэж байсан юм. Мөн 2017 оны улсын аваргын мөнгөн медальт залуу тамирчин Б.Мягмардорж анхны Гранд сламдаа хүч үзэж Мароккогийн Есин Мудатирыг ялж гараагаа амжилттай эхэлсэн ч Роберт Мшибадзед ялагдаж тэмцээнийг орхижээ.

66 кг-д нийт 28 тамирчин барилдаж Японы Кензо Тагава торолгүй түрүүлсэн юм. Энэ жингийн лидер Даваадоржийн Төмөрхүлэг Арабын нэгдсэн Эмиратын нэр дээрээс барилдах болсон тул залуу мастер Б.Эрхэмбаярт боломж нээгдэж Дюсселдорфийн татамид зодоглосон. Тэрээр энэ өдөр итгэл алдалгүй сайн барилдаж Германы Адам Майкл, Казахстаны Елдес Жумаканов, Слований Андрез Яреб нарыг ялж шилдэг наймд шалгарсан. Харин “Б” хэсгийн аваргын төлөө Оросын Якуб Шмайловтой хүнд барилдаан хийж нэмэлт цагт ваззари үнэлгээ алдаж ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд шилжиж Дэлхийн чансааг тэргүүлэгч Израйлийн бөх Тал Феликерийг хожиж, хүрэл медалийн төлөө нутаг нэгт Д.Алтансүхийг ялсан. Ийнхүү Б.Эрхэмбаяр 66 кг-ын жинд Монголын бөхчүүд залгамж халаа сайтайг харуулж дэлхийн шилдэг тамирчин Д.Төмөрхүлэгийг орон зайг нөхөж сайн барилдахаа энэ өдөр баталсан.

Эрэгтэйчүүдийн -73 кг-ийн жинд 31 бөх барилдаж Японы тамирчин дэлхийн хошой аварга Шохо Оно хол тасархай түрүүлсэн. Тэрээр аваргын төлөөх барилдаанд дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны тамирчин Рустам Оружавыг цэвэр ялсан байна. 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт гавьяат тамирчин Г.Одбаяр “С” хэсгийг ахалж барилдаад их шөвөгт шалгарсан ч Шохо Онод хожигдож хүрэл медалийн төлөө барилдах боломжтой болсон. Медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Армений бөх Фердинанд Карафетианд ваззари үнэлгээгээр хожигджээ. Тэрээр сүүлийн гурван тэмцээн (Токио гранд слам, Ворлд Мастерс, Дюсселдорфийн гранд слам) дараалж тавдугаар байрт шалгарч байна. Энэ жинд хүч үзсэн залуу мастер С.Баяртүвшин дагах тойргийн барилдаанд Армений Фердинанд Карафетианд хожигдож долоодугаар байр эзэлжээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Уранцэцэг, олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Г.Отгонцэцэг нар энэ удаа зодоглосонгүй. Энэ сиймхийг 18 настай Украйн охин Дарио Билодид овжин ашиглаж алтан медаль хүртэв. Тэрээр 2018 он гарсаар гурав дахь тэмцээндээ түрүүлж буй нь энэ юм. Билодид Парис, Дюсселдорфийн Гранд слам, Тунисын Гаранд прикс тэмцээнүүдээс шар өнгөтэй медаль хүртээд байна. Энэ барилдсан насанд хүрэгчдийн улсын аварга Э.Гэрэлмаа “D” хэсэгт орж Францын Клементийг ялж их шөвөгт шалгарсан ч Украйны Билодид, Милика Николич нарт хожигдож тавдугаар байр эзлэжээ. Харин Б.Хорлоо эхний даваанд Мексикийн Эдна Кариллод ялагдаж тэмцээнээ орхижээ.

Энэ жингийн “дархан аварга” Д.Сумьяа, дэд аварга Японы тамирчин Ёшида Цукаса нар Дюсселдорфийн татамид зодоглогүй. Жингийн лидерүүдийн эзгүйд Их Британийн Некодо Смүүт Девис алтан медаль зүүв. Монголоос залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт залуу тамирчин Л.Энхрийлэн зодоглож өсөх ирээдүйтэйгээ баталж хүрэл медаль авсан юм. Тэрээр “А” хэсэгт багтаж зооны аваргын төлөө Некодо Смүүт Девист ялагдсан ч дагах тойрогт Японы Нае Удакаг хожсон. Медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Оросын Анастасиа Конкинаг цэвэр ялжээ. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн гарын шавь өнөөд жил 19 настай энэ охин ирээдүйд Д.Сумьяа гавьяаттай өрсөлдөхөө Дюселдорфийн татамид харуулсан юм.

Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Г.Алтанбагана Тажикстаны бөхийг ялж хүрэл медаль хүртсэн.
О.Дашням

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *