Оросын түрэмгийллээс хойшхи нэг жил гаруйн хугацаанд “рашизм” гэдэг үг Украины хэвлэл мэдээллийн хүрээнд баттай байр суурь эзэлсэн юм. Орос болон фашизм гэсэн үгсийг нэгтгэснээр үүссэн энэ нэрийг Украины Дээд Рада саяхан албан ёсны нэршил болгон баталгаажуулсан байна. Энэ сарын 2-ны өдөр батлагдсан уг тогтоолд “рашизм”-ыг “Орос фашизм” гэж тайлбарласан байна. Иймээс бид олон улсын мэргэжлийн шинжээчдэд “Рашизм гэж юу вэ?” гэсэн асуулт тавьж хариулт авлаа.
Харвардын их сургуулийн профессор, Америк-Украины түүхч Серхи Плохи DW-д “Украины нийгэмд Оросын түрэмгийлэгчдийг бусдаас ялгаж нэрлэх шаардлага үүсээд байсан бөгөөд энэ нь Дээд Радын энэхүү тогтоол гарахад гол түлхэц болсон” гэсэн байна. Украины парламентын уг тогтоолын хоёр хуудас эх бичвэрт “Рашизм нь ерөнхийлөгч В.Путины шууд удирдлагаар ОХУ-д бий болсон. Рашизм нь ЗСБНХУ-ын коммунист дэглэм ба үндэсний социализмын туршлагаар бий болсон шовинизм ба империализмын уламжлалд үндэслэсэн, Оросын одоогийн дэглэмийн үндэс болсон тоталитар үзэл суртал, практикийн шинэ хэлбэр” гэж тодорхойлсон байна.
Украины депутатууд рашизмыг “хүний эрх, үндсэн эрх чөлөөг системтэйгээр зөрчих”, “давуу эрх мэдлийг тахин шүтэх, милитаризм”, “удирдагчийг тахин шүтэх замаар дарангуйлагч төрийг ариун дагшин хэмээн Орос ба оросуудыг бусдаас илүү гэж өргөмжлөх”, “хүчирхийлэл дарангуйллын аргаар бусад ард түмний оршин тогтнолыг үгүйсгэх” зэрэг шинж тэмдгүүдийн нэгдэл гэж дүгнэсэн билээ.
Стокгольм дахь Зүүн Европ судлалын төвийн шинжээч Андреас Умланд “Энэ бол түүхч, дипломатч, сэтгүүлчдийг гайхшруулсан ер бусын алхам. Гэхдээ энэ нь утга учиртай зүйл. Энэ нь Оросын онцлогийг харгалзан үзсэн “нэр томьёо” бөгөөд Германы үндэсний социализмтай нийтлэг зүйл байгаа ч шууд адилтгаж болохгүй гэдгийг харуулж буй явдал” гэж DW-д ярьжээ.
Өнгөрсөн зууны эхний хагаст Италид үүсч улмаар Герман, Испани болон барууны бусад зарим оронд тархсан үзэл суртлыг “фашизм” гэсэн нэр томьёогоор тайлбарладаг. Гитлерийн Германд байсан фашизмыг Зөвлөлтийн уламжлалаар фашизм биш, харин Үндэсний социализм гэж нэрлэдэг. Тэгвэл Германы түүхч, Мюнхений их сургуулийн профессор, Зүүн Европын шинжээч Мартин Шульзе Вессель “рашизм” гэсэн нэр томьёог бүрэн үндэслэлтэй зүйл гэж үзсэн байна. “Энэ бол дайны үед гаргаж буй Украины парламентын улс төрийн шийдвэр” гэж Шульце Вессель хэлжээ. Түүний хэлснээр, “рашизм” гэсэн нэр томьёо нь “фашизмтай ижил төстэй Оросын онцлогийг онцлон тэмдэглэж байгаа явдал. Фашизмтай олон талаар ижил төстэй байгаа боловч яг адил зүйл биш гэсэн үг” юм гээд Вессель Шульзе “Рашизм нь удирдлагаа хүчээр хэт өргөмжлөн түүний хувийн зан чанарыг шүтэх, хүчирхийллийг тахин шүтэх, тодорхой хэмжээгээр милитаризмыг өөгшүүүлэн дэмждэг гэсэн фашизмтай ижил төстэй талуудтай байна гэдгийг илэрхийлж буй явдал” гэсэн байна. Үүний зэрэгцээ энэхүү түүхч Үндэсний социализмын жүүдийн эсрэг үзлийг рашизм агуулдаггүй гэдгээр нь ялгаатай гэжээ. Мөн рашизмд “Программчилсан антисемитизм” байхгүй нь “маш их ялгаа” гэж Германы нийтлэлч Винфрид Шнайдер-Детерс онцлон дурдсан байна.
Штайдер Детерс “Оросын рашизм гэдгээс гадна Путинизм гэсэн бас нэг өөр ойлголт бий гэдгийг бид ойлгож байх ёстой” гээд “Путинизмыг Оросын фашизм буюу Италийн эх хувилбарын салбар хувилбар гэж ойлгох ёстой” гэсэн байна. Харин Андреас Умланд өөр нэг ялгаа байгааг тодруулан дурдаж “Фашизм нь шинэ “хувьсгалт” үзэл суртал байсан учир улс орныг шинэ формацид оруулж, шинэ институцүүдийг бий болгосон бол. Орост ийм зүйл байхгүй. В.Путин А.Хитлерээс ялгаатай нь тэрээр Зөвлөлтийн дэглэмийн хуучин төлөөлөгч бөгөөд түүний харц өнгөрсөн үе рүү их, ирээдүй рүү маш бага хэмжээтэй чиглэдэг” гэж хэлэв.
Украины парламент “рашизмыг үзэл суртал төдийгүй практик үйлдэл” хэмээн буруушааж, НҮБ болон бусад олон улсын байгууллага, засгийн газар, парламентыг ч мөн адил Оросын төр, засгийн одоогийн үйл ажиллагааг рашизм хэмээн тодорхойлохыг уриалж байна. Энэ нь Украины Рада зөвхөн “Оросын гэмт хэргийг дэлхий дахинд сануулах” гэсэн найдлага төдийгүй энэхүү шийдвэр нь Оросын өнөөгийн удирдагчдыг шүүхийн өмнө аваачих нэг том алхам болж магадгүй байна.
“Рашизм” гэсэн нэр томьёо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж тархах эсэхэд ач холбогдол өгөх хэрэггүй гэдэгт эдгээр шинжээчид санал нэгдэж байгаа аж. Тухайлбал, Мартин Шульзе Вессел “Оросын өнөөгийн удирдагчид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь л Олон улсын шүүхийн хувьд маш чухал асуудал юм. Харин шинэ нэршил учир рашизм нь яваандаа олон улсын албан ёсны хэрэглээ болохыг үгүйсгэхгүй” гэж хэлэв. Харин Винфрид Шнайдер-Детерс Украинд “Путины дайн” үргэлжилж байхад одоогоор сэтгүүл зүйд л хэрэглэгдэж байгаа “Путинизм” “Рашизм” гэсэн нэршлийн шинжлэх ухааны үндэслэлтэй эсэх нь огт хамаагүй зүйл. Учир нь дайн дууссаны дараа түүхчид, улс төр судлаачид үүнийг хийх болно” гэж онцлов.
Г.АМАРСАНАА